“ЭМС-ын сайдын томилгооноос болж Ч.Сайханбилэг огцорч магадгүй”
УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Гацууртын ордыг энэ долоо хоногтоо эрх баригчид батлахаар улайрч байгаад туйлын харамсч байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр хүнцэлийн хор ялгарч тус хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахдаа хэдэн зуун мянган ам.долларын зардал гарна. Мөн зуу зуун хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдах нь дамжиггүй. Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийг мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин өөртөө тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин сууж байгаа энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй юм. Хотожсон гишүүдийн тоог нэмэх арга хэмжээг авч болохгүй шүү дээ. Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг мэддэггүй гишүүдийн тоог нэмэх нь туйлын буруу юм. Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Тус салбарын сайдыг томилох хуулийн хугацаа дууссан. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд өөрөө буруудна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл тус огцруулах бичигт Эрүүл, мэндийн томилгооны асуудлаас болж гарын үсгээ зурах гишүүдийн тоо нэмэгдэж байна” гэлээ.
Мөн бие даагчдын зүгээс Төрийн албаны тухай хуулийг дэмжихээ мэдэгдсэн юм. Гэхдээ тус хуулинд мэргэжлийн бус сайд, ажилтнуудыг төрийн албанд томилохыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд алслагийг дэмжиж байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина. Мөн Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь шударгаар хуримтлуулсан хөрөнгийг хураах асуудал байж болохгүй, зах зээлийн тогтолцоонд хувь хүн ч хөрөнгөтэй байдаг. Нам тодорхой хөрөнгөтэй байж хараат бус тогтолцоонд оршин тогтоно. Үүний зэрэгцээ намуудыг бүртгэх тогтолцоо болон 3000-аас доош хүн амтай сууринд намын анхан шатны нэгж байгуулах заалтуудыг оновчтой бусаар тусгасан” гэж онцолсон юм.
ZALUU.COM
URL: