Хөрөөд, хөрөөд…

Бид өвөл болохоор нийслэлийн утаа хэрээс хэтэрлээ гэж халаглах. Хамаг бие эрхтнээ хордуулж гүйцэж байна гэх.

Тэгсэн хэрнээ энэ их хорт утааны голомтод шургалаад өөрсдөө үйлдвэрлээд байх нь сонин. Монголчууд 1970 аад оныг хүртэл нүүрс түлж мэддэггүй байлаа. Тэр үед нийслэлийн хүн ам цөөн, орон сууц гэдэг ховор байж. Харин өнөөдөр гэр хорооллын яндан гэж тоолж дуусахааргүй байна.

Удахгүй өнөөх утаандаа хахаж цацах үе эхлэх нь. Сүүлийн хэдэн жил улсаас чамлахааргүй их ме\мөнгө зарцуулж утааг багасгах гэж ажилласан хэдий ч амжилтад хүрсэнгүй. Монголчуудад гээгддэггүй нэг араншин байна аа. Үглээд байгаа гамшгаас нь салгах гээд утаагүй зуух үнэгүй шахам өгье гэхэд “Ширмэн тогоо” тавьж болохгүй байна гээд голцгоох юм. Зарим нь цагаан сарынхаа ууцыг яаж чанах вэ гэж байгаа сурагтай.

Тэгэхээр жилд ганц тохиолддог цагаан сараар ууц чанахын төлөө ширмэн тогооны зуух гэдгийг хийлгэх болох нь ээ. Нэгэн улс төрч ард түмний аяыг дагаж болохгүй гэж хэлсэн нь үнэнд нийцэж байна. Бид улсын нийслэл, хотод амьдарч байна гэдгээ нэг л ухаарахгүй байна уу даа. Үүнийг ойлгуулах хууль ч алга.

Нөгөө нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг нь үгүйлэгдэж байх шиг. Нүүдлийн ахуйгаасаа салахгүй иргэд ширмэн тогоо тавьж болохгүй нь гээд гомдоллох нь ямар их хоцрогдол вэ. Ширмэн зууханд нүүрс түлж дулаацдагаас салж амьдралынх нь ахуйг сайжруулах гэхэд цаашаа зүтгэдэг монгол араншин хэзээ арилах бол оо. Боловсруулсан түлш, утаагүй зуух олон янзаар үйлдвэрлэж үзлээ.

Сүүлдээ байгаад Турк улсаас зуух оруулж ирлээ. Үнэгүй шахам өгч байгаа зуухыг том тогоо тавьж болохгүй гээд утаанаас салахыг хүсдэггүй гэр хорооллынхныг буурин дээр нь орхичихоод Улаанбаатарыг нүүлгэчихэлтэй билээ. Нийслэлийнхээ тухай өчнөөн олон дуу, шүлэг бий. Харин өнөөдөр сайхнаар магтах юмгүй болжээ.

Бидний багад хотод орж ирэхэд “Хөрөөд хөрөөд” гэсэн дуу сонин сонсогддог байсансан. Энэ нь айлд хөлсөөр мод мөрөөддөг хүмүүс ажил хайж байгаа нь тэр. Тэгвэл өнөөдөр гудманд “нүүрсээ аваарай” гэх болж. Хотод орж ирсэн хөдөөнийхөн олигтой хувцас өмсөх аргагүй. Дээлийн хурган дотор хар болчихдог гэж ярих. Хотоос очсон хүний хувцаснаас нүүрсний утаа салдаггүй. Гадаа хонуулсан машины суудал хар тортог болчихсон байдаг гээд бод.

Томчууд нь тоодоггүй юм байж, нялх үрсээ хордуулсаар байх уу. Улаанбаатарт утаа орж ирээгүй. Утааг хотын оршин суугчид уугиулж байгаа. Дээхэн үед “Хөрөөд” гэж товчхон дууддаг байсан бол өнөөдөр “Нүүрс аваарай гэж чангахан хашгирдаг болжээ. Үүнийг дэвшил гэх үү, хоцрогдол гэх үү. Энэ жил мөн л нүүрсээ түлсээр нүүгэлтсэн хар утаан дундаа өвлийг өнгөрүүлэх нь тодорхой боллоо.

Тухайн үедээ Азийн цагаан дагинаар нэрлэгдсэн манай нийслэлийг өнөөдөр юу гэх бол оо.

Н.Лхагвасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих