“Загалмайтнуудыг онилсон долоо хоног”
Эцэст нь Ираны тал АНУ-ын цэргийнхнээс уучлал гуйж, зарим орон нутгийн мэдээллийн агентлагууд “хил зөрчсөн” гэх мэдээллийг “АНУ-ын тэнгисийн цэргүүдийг Ираны тал аварсан” хэмээн залруулсан байдаг. Тэгвэл энэ явдлын дараа буюу өнгөрөгч бямба гарагт Иран тус улсад баривчлагдсан АНУ-ын дөрвөн иргэнийг суллав. Үүний хариуд АНУ-ын тал ч тус улсад ял эдэлж байсан Ираны долоон иргэнд өршөөл үзүүлж буйгаа зарласан юм. Тодруулбал, АНУ-ын иргэн Амир Хекмати, Саед Абедини, Жасон Разайан, Носратоллах Хосрови Рудсари нарын дөрвөн хүнийг сулласан бөгөөд Мэттью Тревитик гэгч ч мөн тун удахгүй суллагдах гэнэ. Үүнээс гадна 14 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэрийг нь Интерполоос хасахаар болсон байна. Ямартай ч, зургаан хүчирхэг улстай байгуулсан Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх босгон дээр томоохон хэмжээний “хоригдол солилцоо” болоод амжив. Үүнийг дээр дурьдсан Жон Керри, Мохаммад Жавад Зариф нарын хэлэлцээр амжилттай болсны нэг илрэл гэж хэлэхэд хэтийдэхгүй биз ээ.
Индонезийн нийслэл Жакарта хотноо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болон ширүүн буудалцаан боллоо. Ерөнхийлөгчийн ордон, НҮБ-ын оффис, Гадаадын Элчин сайдын яамдууд байрладаг хотын төв хэсэгт алан хядагчдын зарим нь амиа золиослох халдлага үйлдэж, харин зарим нь аюулгүйн албаныхантай буудалцаж байсан юм. Буудалцаан, дэлбэрэх чимээ тухайн хэсэгт нүргэлж байгаа тухай орон нутгийн мэдээллийн сайтууд дамжуулж байсан. Улмаар буудалцаан хоёр цаг гаруйн турш үргэлжилсний эцэст таван террористын амийг бүрэлгэж, дөрвийг нь баривчилснаар тус гудамж талбай аюулгүй болсон. Мөн 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байдаг. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо ч “Терроризм” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Террорист халдлага болоход чухам ямар бүлэглэлийн зүгээс үйлдсэн нь тодорхойгүй байсан ч, албаныхан “Лалын улс” бүлэглэлийг хардаж байсан. Тэдний таамгийг батлах мэт тус бүлэглэл ч мэдэгдэл гаргасан бөгөөд Жакартад болсон халдлагыг “Лалын улс” бүлэглэлийн залуус үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн жилээс эхлэн Сири, Иракийн нутгийн ихэнхи хэсгийг хяналтдаа аваад буй “Лалын улс” бүлэглэлийн эсрэг 2014 оноос эхлэн цохилт өгч эхэлсэн АНУ тэргүүтэй цэргийн эвсэлд нэгдсэн орнуудыг “онилж”, загалмайтнууд олноороо цуглардаг газарт халдлага үйлдэх болно гэж сүрдүүлсэн байна. Тиймээс ч, тус хэт даврагч бүлэглэл аль ч улсад халдлага үйлдэж болзошгүй байгаа юм. Учир нь Зүүн өмнөд Азийн лалын шашинт орнуудаас Ойрхи Дорнод руу явж, хэт даврагч бүлэглэлд элсэх явдал их байдаг аж. Мөн энд эргэн сануулбал, өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотноо “Лалын улс” бүлэглэл халдлага үйлдэж, гэм зэмгүй 130 хүн амь үрэгдсэн юм.
Жакартад пүрэв гарагт халдлага үйлдсэн хэт дарвагч “Лалын улс” бүлэглэл загалмайтнууд олноор цуглардаг газарт халдлага үйлдэх болно гэж сүрдүүлсэн тухай дээр дурьдсан. Тэгвэл тэдний дараагийн бай Буркина Фасо улс боллоо. Жакартад болсон халдлагын маргааш нь буюу баасан гарагийн үдээс хойш Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотноо байрлах дөрвөн одтой “Сплендид” гэх зочид буудал руу хэт даврагчид халдаж, зочид буудлын ресторан хэсэгт 100 гаруй хүмүүсийг барьцаалжээ. Энэ хэргийг улмаас 29 гэм зэмгүй хүн нас баржээ. Хохирогчид 18 өөр өөр улсын иргэд байсан аж. Харин алан хядагчдын гурвынх нь амийг тус улсын аюулгүйн албаныхан бүрэлгэж аюулгүй болгосон байна. Гэмт этгээдүүд бүгд эрчүүд байсны зэрэгцээ насны хувьд 26 орчим насны залуучууд байсан тухай орон нутгийн албаны хүмүүс дамжуулсан байна. Энэ удаагийн гэмт хэргийн золиос болсон хохирогчдын ихэнх нь Европ, АНУ-ын иргэд байсан бөгөөд Буркино Фасо улсын таван иргэн мөн нас баржээ. Мөн Швейцарийн хоёр, Францын хоёр иргэн тус тус нас барсан нь тогтоогдсон байна.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард явагдсан парламентын сонгуулиар сөрөг хүчин олонхийн санал авч, ялалт байгуулсан Өмнөд Америкийн Венесуэл улс энэ сарын 15-нд эдийн засгийн онц байдал зарлалаа. Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн зарлигт дурьдсанаар хоёр сарын хугацаанд энэхүү эдийн засгийн онц байдал үргэлжлэх аж. Ерөнхийлөгчийн зарлиг нь боловсрол, эрүүл мэндийн салбарын нийгмийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн байна. Мадуро эдийн засгийн онцгой байдлыг зарлана гэж нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн юм. Түүний төлөвлөгөө нь үйлдвэрлэлийн суурь үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх, барааны үнэ болон тархалтыг нэмэгдүүлэх зорилготой гэсэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд явагдсан сонгуулиар сүүлийн 17 жилд анх удаагаа сөрөг хүчин ялсан юм. Мадурогийн нам зөвхөн 55 суудал авсан. Венесуэлийн Төв банкны мэдээгээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд инфляцийн төвшин 108,7 хувьд хүрч, эдийн засгийн төвшин нь 4.5 хувиар унажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: