“Шивээ-Энержи”-д 13 тэрбум ам.доллар шаардлагатай
Төслийг БНХАУ-ын “Grid State” корпораци хэрэгжүүлнэ
Засгийн газраас эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ирэх зургадугаар сар гэхэд Эрчим хүчний яаманд танилцуулахаар Ажлын хэсэг төлөвлөжээ. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих эрчим хүчний цогцолбор төсөлд урьдчилсан тооцооллоор нийт 13 тэрбум ам.доллар шаардлагатай аж.
Цогцолбор төслийг эхлүүлэхээр “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг БНХАУ-ын талтай шаардлагатай уулзалтыг зохион байгуулж, төслийн талбайтай танилцсан байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цахилгаан станц ашиглах хугацааг 25-30 жилээр тооцжээ.
Хятадын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгааг үндэслэн хамгийн тохиромжтой гэсэн саналаа манай талд ирүүлсэн байна.
Дулааны цахилгаан станцын хүчин чадал 9240 мегаватт байх бөгөөд байгаль орчинд ээлтэй дэвшилт технологи нэвтрүүлэх юм. Цогцолбор төсөлд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, найман сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кв-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам багтжээ. Төслийг барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг олон улсын түвшинд төсөл хэрэгжүүлэгч тал нээлттэй зарлаж, сонгон шалгаруулна гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлж байна.
Манай улсын хувьд 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцийнхөө тодорхой хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болохоор зорьж байгаа. Дулааны IV цахилгаан станцаас 20 дахин хүчин чадалтай байхаар тооцоолж буй “Шивээ-Энержи” цогцолбор төслийн цахилгаан станц агаарын хөргөлттэй байх аж.
Цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг Хятадын талд шууд нийлүүлэх бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд өмнөд хөрш томоохон үүрэг, хариуцлага хүлээж байна. Тодруулбал, цогцолбор төслийг БНХАУ-ын төрийн өмчит “Grid State” корпораци 100 хувь санхүүжүүлж, хэрэгжүүлнэ.
Манай улсын хувьд уг төслийг удирдан, эрх зүйн болон бусад зохицуулалтын орчныг бүрдүүлснээр эрчим хүчээ экспортолж, ашиг хүртэх юм. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд нь нийт найман давхаргатай бөгөөд одоогийн байдлаар нэг болон хоёрдугаар давхаргаас хар алт олборлож байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: