НИТХ-ын дарга Д.Баттулга “Хаан” байхыг хүсэв үү…

p17puc3ilj6tcbd5td4eq662n1УИХ-ын ээлжит сонгууль болоход зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ үед намууд хэнийг хаана нэр дэвшүүлэх, хэнийг нэрсийн жагсаалтад оруулах талаар хэдийнээ ярилцаад эхэлсэн сураг байна.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Сонгуулийн хуулийн шинэчлэн баталсан юм. Ирэх сонгууль уг хуулийн дагуу явагдах болно.

Тэгвэл НИТХ-ын дарга Д.Баттулга өнгөрсөн даваа гарагт УИХ-ын дарга, СЕХ-ны дарга нарт албан бичиг хүргүүлж УИХ-ын 48 мандатын 21-ийг нь нийслэлд хуваарилахыг хүсчээ.

Түүний хүсэлт нэг талаасаа зөв байх. Гэхдээ энэ хүсэлт нь сайн гэхээсээ илүүтэй саар зүйлийг араасаа дагуулах болно. Хуулиараа сонгуулийн  тойргийг тогтоохдоо гурван хүчин зүйлийг баримтлах ёстой байдаг.

Нэгдүгээрт: Хүн ам

Хоёрдугаарт: Засаг захиргааны нэгж

Гуравдугаарт: Газар нутаг

Ийм байтал ганцхан хүн амын тоо баримтад тулгуурлаж орон нутгийн тойргийг багасгаж нийслэл хотын тойргийг нэмнэ гэдэг нь туйлын буруу юм. Учир нь Улаанбаатар хотын хүн ам хэдийгээр 1.314.500 / Нийслэлийн статистикийн газраас 2014 оны гаргасан тайлан туссан дүн/ байгаа ч газар нутгийн хувьд харьцангуй жижиг. Мөн засаг захиргааны нэгжийн хувьд болон иргэдэд мэдээ мэдээлэл хүрэхдээ хөдөөг бодвол харьцангуй илүү юм.

Харин хөдөө орон нутагт асуудал шал өөр. Монгол орны газар нутаг өргөн уудмын дээр 2000-аад оны үеэс эхэлсэн хотыг чиглэсэн их нүүдлээс болж алслагдсан сум дүүргийн хүн ам улам бүр цөөрч иргэд сум багаасаа улам бүр алслагдаж тархай бутархай сууршиж байна. Гэтэл нэр дэвшигчид сонгууль дуусч УИХ-д сонгогдсон цагаасаа хойш орон нутагтаа төдийлөн ач холбогдол өгч ажилладаггүй. Харин дараагийн сонгууль хаяанд ирэхэд нойрноос сэрсэн мэтээр орон нутагтаа ажиллаж, тойргийнхоо иргэд сонгогчдын санаа бодлыг сонсож, тариа будаа тарааж эхэлдэг муу зуршилтай болсон байна.

Тиймээс хөдөө орон нутгийн гишүүдийг хот руу татах буюу орон нутгийн квотыг багасгах нь одоохондоо манайх шиг дэд бүтэц нь төдийлөн өндөр түвшинд хүрч хөгжөөгүй улсын хувьд зохимжгүй. Д.Баттулга даргын хэлсэн хүн амын тоог харгалзан үзэх хэрэгтэй гэдэг нь зөв. Гэхдээ ганцхан хүн амын тоог чухалчилах нь газар нутаг, засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх ёстой гэсэн хуультайгаа нийцэхгүй.

Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хуулийн “22.4.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно” хэмээн заасан байгаа юм. Тиймээс тойргийн тухай ярих хараахан болоогүй байлтай.

Өнөөдөр алс баруун хязгаарт аж төрж буй малчин Дорж малаа маллаад амьдрахаас биш хотынхон шиг телевиз, сонин, сайт хараад улс орны чухал бодлогыг амьдралдаа хэрэгжүүлээд явах нь юу л бол. Тэрхүү хууль, бодлогыг орон нутагт суугаа иргэддээ хүргэх, мэдээлэх үүргийг хүлээх хүн нь тухайн тойргоос сонгогдсон гишүүн нь байх ёстой. Гагцхүү мэдээлээд зогсохгүй өөрийн тойргийн иргэд сонгогчдынхоо нийгмийн болоод сум, багт нь нэн шаардлагатай байгаа асуудлыг шийдэж өгөх үүрэгтэй. Хэрвээ эдгээр гишүүдийн тоог бууруулаад хотод нэмчихвэл нөхцөл байдал улам л хэцүү болно. Тэр ч байтугай хот орж үзээгүй иргэд туйлын олон байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

Зах хязгаар нутаг руу төрийн бодлого хүрч чаддаггүй. Хууль сурталчилах нь байтугай гишүүд нь сонгосон иргэдтэйгээ уулзаж чаддаггүй. Орон нутагт 500 хүн цуглуулж уулзалт хийхэд асуудалтай байдаг. Тэднийг цуглуулахын тулд маш цаг зав зарцуулж, хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй болно. Гэтэл хотод гишүүд тойргийнхоо гишүүдтэй уулзалт хийхэд ямар ч асуудал байдаггүй. Хэвлэл мэдээллээр мэдээллийг нь тараахад л хэдэн зуун хүн цуглах боломжтой байдаг. Ийм харьцангуй нөхцөл байхад Үндсэн хууль зөрчсөн өөрчлөлт хийх хүсэлт гаргаж байгаан шүүмжлэл дагуулж байна. Нэг жишээ дурдахад Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа баруун аймгийн хамгийн захын сумын иргэдтэй уулзсан. Гэтэл тухайн үед “Монгол Улсын Ерөнхийлөгч нь Н.Багабанди байдаг” гэж нэгэн иргэн ярьж байсан удаатай. Гэтэл Д.Баттулга даргын санаачлаад буй энэ асуудал одоо байгаа гишүүдийн тоог ирэх жил улам бүр багасгах болно. Гэтэл Ерөнхийлөгчөө ч танихгүй шахам байгаа тэр хүмүүс ямар сонголт хийх нь тодорхой. Нийслэлийнхэн бол мэдээллээр халгиж цалгиж байдаг. Тиймээс харин ч бүр зах хязгаар руу тойргийн тоог ихэсгэж түлхүү ажиллах ёстой байгаа энэ үед энэ асуудал ихээхэн маргаан дагуулж эхэллээ.

Уг асуудлаар манай сэтгүүлч зарим гишүүдээс санал бодлыг нь сонссон юм. Гишүүдийн ихэнхи нь “Асуудал хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй байна. Тухайн үед зөв, бурууг ярина. Хэрвээ хүсэлтийг хүлээж авбал санал нийлэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Нийслэлийн хүн амын тоо өслөө, олширлоо гээд мандат нэмж авъя гэдэг асуудал бол зохисгүй

Нийслэлд хүн амын механик шилжилтүүд бол нилээдгүй хийгдсэн. Гэхдээ нийслэлийн хүн амын тоо өслөө, олширлоо гээд мандат нэмж авъя гэдэг асуудал бол зохисгүй юм. Тэртээ тэргүй Монгол орон бол уудам. Тойрог байгуулах асуудал бол хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн байдал, нийгэм эдийн засгийн байдлыг харгалздаг. Энэ утгаараа Улаанбаатар хотруу шилжсэн хүмүүсийн тухайд нэг талаас харахгүйгээр газар нутаг нь нэг ч метр газар хөдлөлгүй байсаар байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Нутаг дэвсгэр, засаг захиргааны бүс, сумууд байж байгаа тохиолдолд шилжүүлэх нь зохимжгүй юм. УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулиар нэмэгдүүлсэн тохиолдолд нийслэлийн мандатын нэмэх талаар ярьж болох юм. Энэ асуудал маргаан болно гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Шууд 21 гишүүнтэй болгох гээд хөдөөний тойргийг хасах нь туйлын буруу асуудал

Нийт хүн амын 40 гаруй хувь амьдарч байгаа атлаа нийт иргэддээ оногдож байгаа гишүүдийн тоо цөөхөн байна гэдэг гомдол байна. Энэ бол үнэний ортой. Гэхдээ төлөөллийн ардчиллаа хязгаар нутагт амьдарч байгаа иргэдийн төлөөллийг огцом бууруулж болохгүй. Нэг, хоёр тойргийг  шилжүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийж байж хүн амын тоо, шилжилт хөдөлгөөнийг харьцуулж байгаад шийдвэр гаргаж болох юм. Тэрнээс биш шууд 21 гишүүнтэй болгох гээд хөдөөний тойргийг хасах нь туйлын буруу асуудал.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Сайтар судалж байж шийдэх ёстой

Энэ асуудлыг сайтар судалж байж шийдэх ёстой асуудал гэж бодож байна. Одоохондоо би зөв, буруу гэж байр суурь илэрхийлмээргүй байна.

 

УИХ-ын гишүүд орон нутгийн тойргийн тоог бууруулж, хотод нэмэх асуудлаар ийнхүү байр суурийг илэрхийлж байна.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Баттулга даргын гаргасан хүсэлт ирэх сонгуулиар АН-аас баримтлах PR бодлоготой холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, нэгдүгээрт АН-ынхан өөрсдийн гишүүд дэмжигчдийнхээ олонхыг залуучууд буюу 18-35 орчим насны иргэд байдаг гэж үздэг. Тэр ч утгаараа залуучуудад хандсан нийгмийн чиглэлтэй PR арга хэмжээнүүдийг сонгуулийн сурталчилгаандаа түлхүү ашигладаг. Тэгвэл хотын иргэдийн олонх нь залуучууд байдаг. Хоёрдугаарт тэдний өрсөлдөгч буюу МАН-ын гишүүд дэмжигчдийн нэлээдгүй хэсгийг ахмадууд эзэлдэг. Мөн орон нутагт МАН-ын дэмжлэг бусдаасаа арай илүү байдаг юм. Өнгөрсөн сонгуулиар ч энэ байдал ажиглагдаж АН-ынхан нийслэл хотод үнэмлэхүй ялалт байгуулж, МАН орон нутагтаас олонх суудлаа авч байлаа.

Г.Лхагваа


URL:

Нэр: зочин Огноо: 14 January 2016

хөдөөд амдарьдаг иргэний санал хотын миний санлаас хоёр дахин хүчтэй байх нээ УБ нэг санал тэнцүү хөдөө 0,5 санал Сонгуулийн санал бол иргэний санал болохоос засаг захиргааны нэгж эсвэл газар нутгийн санал биш Эдгээр амьгүй “нөхөд” сонгуульд оролцдоггүй ,оролцох ч ёсгүй Тэхээр иргэн амьд учраас сонгууль оролцож санлаа өгнө Гэтэл санлын маань үнэлэмж байршилаасаа хамаарах нь Энэ шудрага уу ?? ҮХШүүхээ ??? зээл зогсоож тэнэгтэхээсээ энэ алдагдсан суурь зарчимийг 1 тэнцүү 1 байх ёстой гээд өгөөч Миний санал хөдөөний саналтай тэнцүү байх хамгийн энгийн тэгш эрхийг минь хангаад өгөөч Би Ганбаатар ,Дэмбэрэл мэтийг ялуулахийн тулд тэнд амьдах ёстой гэж үү ? Эсвэл надаас хулгайлсан тал санлаар тэд гишүүн болох ёстой юм уу Т. Лхагва таны санлын талын хулгайлахийг зөвшөөрөх нь таны асуудал Гэхдээ олон нийтэд хандаж бичэх аядсан юм бол дандаа хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн санлыг тусгадаг нь 1 тэнцүү 2 тиймээ гэж асуухад тийм гэж хариулсан нь асууж байгаа ,асуулгаж байгаа нөхдүүд нь ёстой таарч дээ зайлуул

Сэтгэгдэл бичих