Монголын Алхимичид

Цаасан мөнгө хэвлээд л улсаа хөгжүүлдэг технологи Монголд улам эрчимтэй нэвтэрч байна. Ардчиллын дүр эсгэсэн, сонгуулийг элдэв аргаар худалдан авдаг тодорхой бүлэглэл, ихэнхдээ нэгэн дарангуйлагч л ялж, олон жилээр ноёлдог тогтолцоотой, хөгжиж буй олон оронд хэрэгжүүлсэн ч эцэстээ улсаа гадаад, дотоодын өрөнд баригдуулж, иргэд нь ядуураад, эх орноосоо дүрвэж төгсдөг энэ технологийг уулын орой дээрээс буулгасан цасан бөмбөлөгтэй зүйрлэж болно.

Сонгомол жишээ нь Зимбабве улс юм. Тус улс хамгийн сүүлд 100 тэрбумын дэвсгэрт хэвлээд ч төсөв, санхүүгийн системээ бүрэн дампууруулж, саяхан хамгийн их зээл авсан Хятад улсын мөнгөн тэмдэгтийг үндэсний мөнгө болгосон юм. 92 настай зөнөсөн нөхрийнхөө эрх мэдлийг залуу авгай нь сарын өмнө хүлээн авч Ерөнхийлөгч болов.

Цаасыг хөгжил болгож буй алхимийн аргын агуулга, мөн чанарыг нийгэм даяар сайн ойлгож, мэдлэгтэй, шүүмжлэлтэй хандах шаардлага Монгол Улсад байна.

Олон улстөрчид, банк, санхүүгийн байгууллагын хүмүүс надад эгдүүцэж, дайрч байгаа ч одоохондоо ардчилал, олон ургальч үзэл бодол бүрэн дарагдчихаагүй байгаа тул зарим санал бодлоо энд хуваалцахыг зорилоо.

ЭХЛЭЛ

2012 оны эцсээр Монголбанк, Засгийн газар хамтран орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр (ОСИСТТБХ) эхлүүлэв. Сарын дараа Засгийн газар гадаад зах зээлд “Чингис” бонд гаргаж 1.5 тэрбум доллар босголоо.

Монголбанк төдөлгүй энэ бондын мөнгөөр барьцаалан 2.8 их наяд төгрөг хэвлэн, 20 жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд, богино хугацаат зээлийг барилгын компаниудад тус тус олгуулахаар арилжааны банкуудад нийлүүлэв.

Эдүгээ энэ найман хувийн зээлийн багцыг нь арилжааны есөн банк ба Монголбанк эзэмшдэг Монголын ипотекийн корпорац (МИК), өөрийн дэргэдээ байгуулсан, өөрөө 100 хувь эзэмшдэг “МИК Актив ХХХ ТЗК” ХХК-иар дамжуулан худалдан авна.

Тэгээд “МИК Актив ХХХ ТЗК” ХХК-иас давуу болон энгийн эрхтэй, ипотекийн зээлээр баталгаажсан баталгаат үнэт цаас (ИЗББ)-ыг арилжааны банкуудад санал болгов. Энгийн энэ үнэт цаасыг арилжааны банкууд, давуу эрхтэйг нь Монголбанк худалдан авлаа. Энэ схем 2015 онд амжилттай хэрэгжиж МИК өөрөө ч хувьцаа гарган (IPO) 15 хувь нь хөрөнгийн зах зээлд борлогдож эхлэв.

Гаргасан хувьцааг нь мөн л арилжааны банкууд, 40 хувийг нь андеррайтинг хийсэн “TDB Capital” ХХК худалдан авав. Монголд Residents mortgage based securities (RMBS) буюу ИЗББ бий боллоо. Тэгээд яагаад учир мэддэг хүмүүс хөөрч баярлахгүй, МИК-ийн хувьцааг авахын төлөө зодолдохгүй байгаа билээ.

Орон сууцны найман хувийн зээлийн тухай сайхан мэдээ юу вэ гэвэл өнгөрсөн гурван жилд 43 мянган айл үүнд хамрагдан байртай болж, орон сууцны зээлийн хэмжээ банкуудын зээлийн гуравны нэг буюу бараг гурван их наяд төгрөг болов.

Нөгөө талаас хөтөлбөр зарласны дараа орон сууцны үнэ 50-60 хувь өссөн боловч хүү нь зах зээлийн хүүгээс хоёр дахин бага учир борлуулаад л байлаа. Гэхдээ л банкууд эдийн засагт нүүрлээд буй хямрал, эрсдэлээ тооцоод энэ зээлийг 2015 оны сүүлчээр бараг зогсоогоод байв.

Гэтэл Үндсэн хуулийн цэц 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд иргэд үндсэн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй холбогдсон тусгай шийдвэр гаргаснаар арилжааны банкууд ипотекийн зээлээ таг зогсоов.

ӨРНӨЛ

Орон сууцны зээлийн энэхүү гацааг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд төрийн эрх баригчид Үндсэн хуулийн цэцийг дуулгавартай болгох, ямар ч үнээр хамаагүй энэхүү хөнгөлөлттэй зээлийг сонгуулиас өмнө тасралтгүй явуулахын тулд улам эрсдэлтэй алхам хийхээр өнгөрсөн долоо хоногт шийдэв.

Цагаан сарын өмнө ипотекийн зээлийн найман хувийг тав болгох, урьдчилгаа 30 хувийн 10-ыг нь төсвөөс даах, улмаар бэлэн болсон 20 мянган орон сууцыг хурдан борлуулах замаар барилгын салбарыг сөхрүүлэхгүй байх алхам хийх гэнэ.

Улаанбаатар хотод 200 мянган айлын орон сууцны хэрэгцээ бий. Тэгээд ч 80 ам метр талбайгаар хязгаарлахаа зогсоож буй нь том байруудыг борлуулахад ч тус дэмтэй. Бас нэг шинэ санаа бол ИЗББ үнэт цаасны орлогыг тэтгэврийн санд эзэмшүүлж, Засгийн газрын энэ санд өгөх ёстой найман их наяд төгрөгийн өглөгийг өгч эхлэх аж.

Энэ бүхэн чинь сайхан мэдээ биз дээ? Олон хүн байранд орно, зээлийн сар бүрийн дарамт багасна. Барилгууд борлогдоно. Тэтгэврийн сан мөнгөтэй болно. Ганцхан асуултад улстөрчид, тэдэнтэй холбоотой банкныхан хариулахгүй байгаа юм. Энэ бол энэ бүхний төлбөрийг яг хэн төлөх юм бэ?

МӨНГӨ ТЭНГЭРЭЭС УНАДАГГҮЙ

Хэрэв орон сууцны зээлийн хүүг төр засаг биш, зах зээл өөрөө таван хувь болгож байгаа бол дээрх ажлууд ямар ч асуудалгүй. Бусад орны адил эдийн засаг нь багаар боловч тасралтгүй өсөөд л явчихна. Орон сууцны зээлийн хүү инфляцаас 1-2 хувиар л дээгүүр байдаг.

Монголбанкны бодлогын хүү (одоо 13 хувь) арилжааны банкуудын хөрөнгийн хамгийн том эх үүсвэр болох хадгаламжийн хүүтэй бас уяатай байдаг. Манайд инфляцын сагсанд орон сууцны үнэ биш, зөвхөн ашиглалтын зардал ордог учир инфляц буурмагц орон сууцны үнэ буурна гэсэн үг биш. Тэгээд ч төр засгийн тусгай дэмжлэгтэй авч байгаа учир барилгын үнэ эхлээд огцом нэмэгдэхгүй ч 2016 оны эцэст өсөх л болно.

Хэрэв орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ одоо зогсоохгүй, таван хувьтай зээл болгоод үргэлжлүүлнэ гэвэл Монголбанк дахиад л цаасан мөнгө хэвлэж эргэлтэд оруулахаас өөр сонголтгүй.

Шинээр мөнгө хэвлэх нь эдийн засагт худалдан авах чадварыг нэмэгдүүлж, эсвэл нийлүүлэлт дээшлэх, үгүй бол үнэ өсөхөөс өөр замгүй. Үнэ өсөх буюу инфляцыг хүн бүр төлдөг.

Харин үнээ өсгөхгүй гэвэл бодит болон хөнгөлөлттэй үнийн зөрүүг хэн нэг нь, ихэвчлэн улсын төсвөөс гаргадаг. Өмнө нь төсвийн алдагдлаа нөхдөг байсан уул уурхайн экспорт хумигдсан учир Засгийн газар алдагдлаа нөхөхийн тулд гадаад, дотоодоос зээл авдаг.

Эдүгээ Засгийн газар гадаадаас зээл авч чадахгүй болсон учир янз бүрийн татвараа нэмж, иргэд, бизнесээ саахаас өөр сонголтгүй болоод байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн зах зээлийн үнийн зөрүүг Монголын иргэн бүр төлж байгаа хэрэг.

Уулын оройгоос өнхөрүүлсэн цасан бөмбөлгийг боломж гармагц л зогсоохгүй бол улам томорсоор хэн ч дийлэхгүй болдог ажээ. Их өрөнд баригдахын гай зовлонг Монголын бүх иргэн амсана.


URL:

Сэтгэгдэл бичих