Н.Жанцан: Цэцийн дарга ”Лексус 570” унаж болохгүй, бусад нь болдог. Энэ ямар логик вэ?

Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанг “Онцлох зочин”-оор урьж ярилцлаа.-Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг өнөөдөр баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийг өөрчлөх талаар ярьж байгаа. Та Үндсэн хуулийг батлалцсан, одоо хамгаалж байгаа хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 24 жил болсон байна. Энэ бол Монголын ард түмний түүхэн том амжилтын нэг. Энэ 24 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшил, ялангуяа хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээний ялгаа, заагийг олж, үйл ажиллагаагаа явуулахад шинэ Үндсэн хууль онцгой түүхэн гавьяа байгуулсан. Шинэ Үндсэн хуулийг батлах үйл явц нэлээд өргөн хүрээнд явсан. Энэ хуулийг батлахын тулд ард түмний санал бодлыг сонсох өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулсан түүхтэй. Мөн үүнээс гадна дэлхийн олон улс, ялангуяа ардчилал хөгжсөн орнууд, НҮБ-ын төлөөлөгчид бидэнд санал зөвлөмжөө өгсөн юм. Ингэж байж шинэ Үндсэн хууль батлагдсан. Гэхдээ шинэ Үндсэн хууль гадаадын улс орнуудын загварыг хуулбарласан хууль гэхээсээ илүү монгол сэтгэлгээ, Монгол Улсын онцлогт тохируулсан өдий төдий зүйл, заалттай хууль. Үндсэн хуульт ёс тогтсон дэлхийн олон улс байдаг учраас бусад орны туршлагыг авахгүйгээр хийх ямар ч боломжгүй. Ялангуяа энэ даяарчлалын эрин үед тэдний туршлагыг заавал авах ёстой. Тийм учраас олон улсын туршлагыг авсан юм. Хүний эрх, хүний эрхийн түгээмэл тунхаглалын асуудал Үндсэн хуульд тусгагдахгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Зарим хүн Үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдаж байгаа мэтээр яриад байдаг. Ийм судалгаатайгаар батлагдсан Үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдана гэж ч байхгүй. Харин цагийн нөхцөл байдлаас болоод ямар нэгэн хэмжээнд нэмэлт хийх асуудал байж болно. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг зүйл хийж болохгүй. Тиймээс маш сайн судалгаа явуулсны үндсэн дээр гарцаагүй хийх ёстой өөрчлөлтийг л хийх нь зөв. Түүнээс зүгээр л сэтгэл хөөрлөөрөө Үндсэн хуулийн тогтолцоог сайн мэддэггүй хүмүүс өөрчлөлт хийж болохгүй.

-Таныг Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхад буюу 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлт таны хэлж байгаа шаардлагыг хангасан уу. Нэг удаа Цэцийн дунд суудлын хуралдааны үеэр “Тухайн үед УИХ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваагүй. Батлагдахынх нь өмнө чуулганы нэгдсэн хуралдаанд дүгнэлтээ танилцуулахыг хүссэн боловч УИХ-ын дарга Р.Гончигдорж надад боломж олгоогүй” гэж таныг ярьж байхыг сонссон юм байна.

-Тухайн үед оруулсан долоон өөрчлөлт олон нийтийн сэтгэл санаанд нийцсэн өөрчлөлт болж чадаагүй. Тийм ч учраас дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэгдэх болсон. Үндсэн хуулийн цэц “Энэ долоон өөрчлөлт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаж байсан. Харамсалтай нь УИХ Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлт, түүний агуулгыг хайхралгүйгээр долоон өөрчлөлтөө дахин баталсан.

-Тухайлбал, ямар өөрчлөлт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэж байсан юм бэ?

-Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг хавсарч болохгүй гэдэг заалт байсныг, хавсарч болно гэж өөрчилсөн. Үндсэн хуулийн цэц үүнд юу гэж хандсан бэ гэхээр, “Угаасаа дэлхийн хандлагаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх нь зохимжгүй. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хамгийн ихдээ Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно” гэж дүгнэсэн. Гэвч үүнийг УИХ огтхон ч хүлээж аваагүй. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа өмнө нь хийгдсэн тогтолцоог нь гажуудуулахгүй байхад л хамгийн гол нь анхаарах ёстой.

-Одоо бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа нь ч олон нийтэд ил тод болсон. Тэр өөрчлөлтүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуултад Цэцийн гишүүн бус хууль зүйн ухааны доктор, судлаач хүнийхээ үүднээс хариулъя. Одоо хийхээр төлөвлөж буй өөрчлөлтүүд дотор хийх боломжтой байж болзошгүй гэх зүйлс харагдаж байна лээ. Бас огт хийх боломжгүй, дэлхийн жишгээс гажсан өөрчлөлтүүд ч явж байгаа харагдсан. Жишээлбэл, парламентын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгоно гэдэг өөрчлөлт. Парламентын засаглалтай олон улс орон бүгдээрээ л дөрвөн жилийн хугацаатай байгаа шүү дээ. Мөн Үндсэн хуулийн нэрийг өөрчилнө гэж байгаа. Дэлхий даяараа л Үндсэн хууль буюу Constitution гэдэг үгээрээ л явж байна. Ямар учраас дэлхий даяараа хэрэглэж байгаа тогтсон нэр томъёог өөрчлөх гээд байгаа юм. Үндэслэл нь байхгүй байх жишээтэй.

-Товчлохоор “ҮХ” гэсэн эвгүй үг үүсч байгаа учраас өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэсэн.

-Харин тийм гэсэн. Яагаад ингэж өөрчлөх гээд байгаа юм бэ гэхээр “Товчлохоор ҮХ гэдэг үг үүсч байгаа учраас өөрчлөх шаардлагатай байгаа юм” гэх шинжлэх ухаанч бус хариулт хэлээд байгаа юм. Нэгдүгээрт, хэн “Заавал товчилж бич” гэж албадаад байгаа юм бэ. Хоёрдугаарт, Монгол Улс гэдэг үгийг товчилбол МУ гэсэн үг үүснэ. Тэгэхээр одоо Монгол Улс гэдэг улсынхаа нэрийг өөрчилье гэх үү. Аливаа өөрчлөлт шинжлэх ухааны үндэслэлтэй, онол, нотолгоотой байх ёстой болохоос биш хэн нэгэн хүн бодож олоод л маргааш нь хийдэг байж болохгүй.

-Хийхээр төлөвлөж байгаа өөрчлөлтүүд дотор энэ мэтчилэн дэлхийн жишгээс гажсан, шинжлэх ухааны үндэслэлгүй өөрчлөлт хэр олон байгаа вэ?

-Шүүмжлэлтэй хандах нэлээд олон заалт байна лээ. Гэхдээ би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийнхөө үзэл бодлыг бүрэн илэрхийлэх боломжгүй байна. Яагаад гэвэл, энэ өөрчлөлт хийгдсэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэц дээр хянагдах магадлалтай тул урьдчилан санал дүгнэлт гаргах боломжгүй. Үндсэн хуулийн нэрийг өөрчлөх гэх мэт хамгийн энгийн, зөвхөн би ч биш олон түмэн шүүмжлээд байгаа хэдхэн заалтыг хэлэхэд л ийм байна. Харин Үндсэн хуулийн эрх зүйл онолын дагуу өөрийнхөө бодож байгаа зүйлсийг гүйцэд хэлэх боломжгүй байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна танай байгууллагатай холбоотой санал, шүүмжлэл нэлээд их гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц шүүх мөн, биш гээд л. Та бол Үндсэн хуулийг цэцийг гарцаагүй шүүх гэж үздэг үү?

-Цэц бол яах аргагүй Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх мөн. Яагаад гэвэл, шүүх гэдэг байгууллагад байдаг үндсэн гурван ойлголт Үндсэн хуулийн цэцэд байдаг юм. Нэгдүгээрт, шүүх зөвхөн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг. Хоёрдугаарт, өөрсдийн санаачилгаараа асуудлыг авч хэлэлцдэггүй. Бусдын гомдол, хүсэлтийн дагуу асуудалд ханддаг. Гуравдугаарт, тухайн асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг. Энэ гурван шинж гурвуулаа Үндсэн хуулийн цэцэд бий. Цэц бол бусдын хүсэлт, мэдээлэл, гомдлын дагуу Үндсэн хуультай холбоотой эрх зүйн маргааныг шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргадаг байгууллага. Энэ байгууллагыг шүүх биш гэх ямар ч үндэслэл байхгүй. Цэц бол цэвэр Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн шүүх гэдэг бол дэлхий нийтийн жишгээр чухал байгууллага. Дэлхийн судлаач эрдэмтэд XX зууныг парламентын, XXI зууныг Үндсэн хуулийн шүүхийн зуун гэж ярьдаг. Энэ нь ямар агуулгатай вэ гэвэл, парламент эрх мэдлээ хэтрүүлж өөртөө хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх байдал дэлхийн олон улс орнуудад бий болсон учраас парламентын эрх хэмжээг хязгаарлаж Үндсэн хуулиас давсан эрх эдлэхээс сэргийлэх зорилгоор Үндсэн хуулийн шүүх байгуулж эхэлсэн юм. Европын бүх, Азийн ихэнх орон Үндсэн хуулийн шүүхтэй болчихлоо. Одоо дэлхий даяар Үндсэн хуулийн Цэц бол ардчиллын дархлаа гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэцэд халдахыг Үндсэн хуульд халдаж байна гэж үздэг. Энэ цаг үед Үндсэн хуулийн шүүхийг дээдэлж, гаргасан шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх урсгал дэлхий даяар явж байна. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болоод 24 жилийн нүүр үзлээ. Хууль тогтоох дээд байгууллага цаашдаа энэ тогтолцоогоо эвдэхгүй, ардчилсан Үндсэн хуулийнхаа эрх ашигт халдахгүй байхын төлөө ажиллана гэдэгт итгэдэг.

-“Үндсэн хуулийн Цэцийг шүүх гэж үзэж байгаа бол бусад шүүхэд байдаг шиг өндөр хариуцлага Цэцийн гишүүдэд байх ёстой. Гэтэл одоо шүүхтэй адил эрх эдэлж байгаа хэрнээ ямар ч хариуцлагагүй, ёс зүйгүй байна” гэх юм. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг танай ажилтай танилцаад зөрчил илрүүлсэн гэж дүгнэсэн. Тэр дүгнэлтэд нь “Лексус 570” машинтай холбоотой асуудал багтсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-“Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш “Лексус 570” гэдэг машин байна” гэж сүүлийн үед их ярих боллоо. Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг бол өндөр албан тушаал. Энэ өндөр албан тушаалтан хөдөө ажиллахад туулах чадвар сайтай машинтай байх ёстой тухай УИХ-ын тогтоол байдаг юм. Нэлээд эрт батлагдсан тогтоол. Энэ тогтоолын дагуу Үндсэн хуулийн цэц найман жилийн өмнөөс “Ийм машин авч өгнө үү” гэж Засгийн газарт хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлт нь явсаар сая биелж Цэцийн даргад Засгийн газраас “Лексус 570” гэдэг машин өгсөн юм билээ. Үндсэн хуулийн дарга ийм машинтай болсонд ялангуяа УИХ-ын гишүүд их гайхаж байна. Би ч бас энд гайхаад л сууж байна. Өнөөдөр жийп машин хөлөглөөгүй ямар албан тушаалтан байгаа юм бэ. Цэцийн дарга ийм машин унахаар сонин санагдаад бусдад нь бол сонин биш байдаг. Энэ ямар логик вэ. Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн даргыг албаны унаагаар хангах үүргээ л биелүүлсэн байна ш дээ. Харин өмнөх Засгийн газрууд яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байсан юм бол.

-Хамгийн гол нь С.Баярцогт сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсны дараа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гарган парламентаар хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэж дүгнэсэн шийдвэртэй чинь холбоод байгаа шүү дээ. Энэ дүгнэлтийг гаргах үед Засгийн газраас машин өгч таарсан юм уу?

-Энэ бол энгийн нэг давхцал. Ийм тохиолдол зөндөө л байдаг шүү дээ. Би лав Цэцийн дарга “Лексус 570” гэдэг машинтай болсныг сонин уншиж байгаад олж мэдсэн. Мэдээд “Ашгүй дээ” л гэж бодсон.

-Өмнө нь Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүний саналаар огцруулж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаар Цэцэд нэг ч удаа мэдээлэл ирж байгаагүй юм уу?

-Тийм. Энэ асуудлаар өмнө нь хэн ч мэдээлэл гаргалгүй байж байгаад өнгөрсөн жил л гаргасан байхгүй юу. Түүнийг нь Цэц авч хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг гаргах үед би эзгүй байсан учраас оролцоогүй. Гэхдээ би бусад гишүүнийхээ гаргасан шийдвэрийг буруу гэж хэлж байгаа юм биш. Аливаа шүүх байгууллага бол олонхидоо захирагддаг хуультай.

-Үндсэн хуулийн цэцийн даргад хөдөө ажлаар явах шаардлага хэр их гардаг вэ. “Хөдөө явах шаардлагагүй хүнд туулах чадвартай машин хэрэггүй” гэж яриад байгаа ш дээ. Манах ёстой хуулиа машинаар солиод байгаа Цэцийг өөрчлөх л ёстой гэсэн агуулгатай ярилцлагыг Х.Тэмүүжин гишүүн өгсөн байна лээ?

-Цэцэд аймаг, орон нутагт суугаа иргэд хандах явдал түгээмэл байдаг. Тэдний зарим нь хотод ирж тайлбар тодорхойлолтоо өгөх боломжгүй хүмүүс байдаг. Ийм хүмүүстэй очиж уулзах нь Цэцийн үүрэг биз дээ.

-“Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хууль бол Цэцийн гишүүдийн өөрсдийнх нь боловсруулсан хууль. Цэцийн гишүүд өөрсдийнхөө ая тухтай байдлыг хангах хууль боловсруулсан байдаг” гэх шүүмжлэл гарсан. Тухайлбал, таныг Цэцийн орлогч дарга гэдэг албан тушаал бий болгоод өөрөө тэндээ суучихсан гэдэг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Цэцийн орлогч дарга гэдэг зүгээр л удирдлагын бүтэц. Яагаад гэвэл, дэлхийн бүх улсын Үндсэн хуулийн шүүх орлогч даргатай байдаг юм. Тухайлбал, ОХУ, Германы Үндсэн хуулийн шүүх хоёр орлогч даргатай. Цэц томоохон үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас ганцхан дарга нь ажлаа аваад явах боломжгүй. Мөн Цэцийн дарга эзгүй байх тохиолдол гарна. Зарим Засаг дарга дөрвөн орлогчтой байхад Үндсэн хуулийн Цэц нэг орлогчтой байгаа нь юу нь сонин байна аа. Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга нь бусад гишүүнтэйгээ ижил цалинтай байдаг юм. Орлогч дарга нэрээр илүү ачаалал авдаг болохоос биш илүү хангамж эдэлдэггүй.

-Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа одоо зөвхөн Үндсэн хуулиар зохицуулагдаж байгаа юу?

-Зөвхөн Үндсэн хуулиар зохицуулагдаж байгаа. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар УИХ томилдог. Энэ бол Үндсэн хуульд заасан хугацаа. Энэ хугацаа нь дуусаагүй байхад ажлаас чөлөөлүүлэх эрх хэнд ч байхгүй.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй юу?

-Гарч байгаагүй. Цэцийн гишүүнийг дахин томилох гэж асуудал бий. Дахин томилох хугацааг хязгаарласан зохицуулалт Үндсэн хуульд байхгүй. Харин “Цэцийн даргыг зөвхөн нэг удаа улираан сонгож болно” гэсэн л заалт бий. Гишүүний тухайд бол хэдэн ч удаа сонгогдож болно. Гэхдээ бас хязгаартай. Дэлхийн жишгээр бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 70 хүртэлх настай хүн ажилладаг юм. Тэгэхээр үүний дагуу 70 наснаас цааш сонгогдохгүй л гэсэн үг. Үндсэн хууль, Цэцийн тухай хуулийн аль алинд насны дээд хязгаарыг нь заагаагүй байдаг. Харин одоо л энэ тухай яриа гарч байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 70 гэж тогтоосон. Одоо УИХ хэлэлцэж байгаа хуулийн төсөлд 65 гэж тогтоохоор болж байна. Насны дээд хязгаарыг тогтоож болох уу гэвэл болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт томилогдсон Цэцийн гишүүн зургаан жилийн хугацаагаа дуусгах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн халдашгүй дархлаа.

-Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 65-аар тогтоочихвол одоо ажиллаж байгаа гишүүдийн хэд нь улиран томилогдох боломжгүй болох вэ?

-Манайд 65 хүрсэн гишүүн гурав л байгаа.

-“Тэтгэвэрт гарсан хүмүүсийг Цэцэд суулгачихдаг”, “Цэц улстөрчдийн морг боллоо” гэх мэтээр та бүхэн рүү дайрдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол тэр хүмүүсийн ёс суртахууны асуудал. Дэлхийд, жишээлбэл, Япон, Хятад, Солонгос зэрэг улсад төрийн дээд эрх мэдэлдээ дандаа 60-аас дээш настай хүмүүсийг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, гадны нөлөөнд автахаа больсон хүмүүсийг ажиллуулж байна гэсэн үг. Гэтэл Монголд болохоор яагаад болохгүй болчихоод байгаа юм бэ. Англи, Германы төрийн удирдах дээд албан тушаалд хэдэн настай хүмүүс ажиллаж байгааг мэдэх үү. Тэнд 60-аас дээш настай хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд дэвших насандаа хүрлээ гэж үздэг юм. Дэлхий, Монгол хоёрт мөн ч их зөрүү байгаа биз.

-Дэлхийн улс орнууд Цэцийн гишүүнээр томилогдох хүсэлтэй хүмүүсдээ ямар шаардлага тавьдаг юм бол?

-Манайхтай л адилхан. Манай улс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 40 нас хүрсэн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилж байгаа. Одоо ажиллаж буй Цэцийн есөн гишүүний найм нь хууль зүйн ухааны доктор, профессор. Мөн гавьяат цолтой гурав, академич цолтой хоёр хүн бий. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч энд ажиллаж байна. Үндсэн хуулийн цэц шиг ийм бүрэлдэхүүнтэй байгууллага өнөөдөр Монголд хаана ч байхгүй.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг танайх боловсруулсан юм уу. “Одоо хэлэлцэж байгаа төслийг өргөн бариулахгүйн тулд зэрэгцүүлээд Цэцийн гишүүд өөрсдөө төсөл боловсруулж эхэлсэн” гэдэг яриа гарсан л даа.

-Үгүй. Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль санаачилж өргөн барьсан. Харин манай зарим хүнээс туслалцаа авсан байхыг үгүйсгэхгүй. Тэр төсөл цэвэр Ерөнхийлөгчийн оюуны бүтээл. Миний үзэж байгаагаар тэр бол маш сайн төсөл.

-Сүүлийн жилүүдэд УИХ, Үндсэн хуулийн цэц гэдэг хоёр институц хоорондын харилцаа сайнгүй байгаа юм шиг харагдах боллоо. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үндсэн хуулийн Цэц 24 жилийн хугацаанд хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж ирсэн гэж үздэг. УИХ, Үндсэн хуулийн цэц хоёрын хооронд маргаан байсан уу гэвэл байсан. Гэхдээ хэвийн хэмжээнд байсан. Үндсэн хуулийн цэцийн бүх шийдвэр УИХ-д таалагдана гэж байхгүй. Яагаад гэвэл, тэдний гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа учраас “Манай шийдвэр хүчингүй боллоо” гээд баярлахгүй нь ойлгомжтой. Ер нь шүүхийн тогтолцоо руу УИХ довтлох ёсгүй. Зөвхөн шүүхийн гаргасан шийдвэр биелж байх ёстой. Үндсэн хуулийн шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэр ялгаагүй биелэх ёстой. Нөгөөтэйгүүр, шүүх хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүд рүү довтолж байна гэдэг бол шүүх, шүүгчийн хараат бус байдал руу довтолж байна гэсэн үг. Үндсэн хуулийн цэц бол УИХ-д таалагдах шийдвэр гаргахын тулд ажилладаг байгууллага биш. Энд байгаа хүмүүс Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлаа л хийж байна. Үүнээсээ гажиж УИХ-д таалагдах шийдвэр гаргахын төлөө ажиллах юм бол Үндсэн хуулийн цэц гэж байх шаардлагагүй. Үндсэн хуулийн шүүх бол Үндсэн хуульдаа л үнэнч байх ёстой. Аль нэг нам, албан тушаалтанд үнэнч байдаг байгууллага биш. Одоо ч бид энэ зарчмынхаа дагуу ажиллаж байгаа гэж бодож байна. Дараа нь хэн биднийг юу гэж хэлж, мушгин гуйвуулахыг үл тоон шийдвэрээ гаргадаг.

-Ер нь УИХ-ын баталсан хуулийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлтийг Цэц сүүлийн дөрвөн жилд маш олныг гаргалаа. Энэ нь хууль тогтоогчид Үндсэн хуулиа зөрчсөн хууль хэтэрхий олныг батлаад байна гэсэн үг үү. Эсвэл иргэд Цэцэд гомдол гаргах нь нэмэгдээд байна уу. МАН-ын бүлгээс энэ талаар “АН-ынхан, эрх баригчид дэндүү хүч хэрэглэж хууль баталснаас болж Үндсэн хууль зөрчсөн хуулиуд их батлагдлаа” гэж байна лээ?

-Энэ бол Цэц хийх ажлаа хийж байна л гэсэн үг. Германы Үндсэн хуулийн шүүхийн нэг гишүүн надтай уулзаад танай парламент та нарыг их шүүмжилж байгаа гэв үү. Тэгвэл та нар ажлаа хийж чадаж л байгаа юм байна даа гэсэн юм.

-“Цэцийн гишүүд улстөрждөг, захиалгаар ажилладаг, ёс зүйгүй” гээд шүүмжлээд байх юм. Ялангуяа энэ шүүмжлэлийг УИХ-ын гишүүд их хэлж байгаа.

-УИХ-ын гишүүд Цэцийн гишүүд рүү удаа дараа довтолж байгаа. Үнэндээ УИХ-ын гишүүд үүгээрээ өөрсдөө улстөржиж, Цэцэд дарамт үзүүлэх гэж оролдож байгаа хэрэг юм. Цэцийн гишүүд яагаад дуугүй суугаад байна вэ гэвэл, хэлгүй, дүлийдээ дуугүй суугаад байгаа юм биш. Шүүх засаглал бол шийдвэрээ л гаргадаг байгууллага болохоос биш хэн нэгэнтэй маргаж мэтгэлцээд “Миний зөв, чиний буруу” гэж ярьдаг байгууллага биш. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуулийнхаа зарчим, агуулгын дагуу дуугүй суугаад байгаа юм.

-Энэ байдлыг чинь хараад “Өөрсдөө үнэхээр буруутай учраас хариу тайлбар хийхгүй байна” гэж ойлгох хүмүүс ч байгаа л байх.

-Тийм хүмүүс байж магадгүй. “Цэцийн гишүүд няцаах ёстой. Гэтэл яагаад няцаахгүй байна” гэж зарим хүн боддог байх. Харин саяхан орон сууцны найман хувийн зээлтэй холбоотой асуудлаар манай нэг гишүүн тайлбар хийсэн. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц орон сууцны найман хувийн зээлтэй холбоотой ямар ч асуудал хэлэлцээгүй. Хоёрдугаарт, арилжааны банкууд найман хувийн зээлээ зогсооно уу, таван хувийн зээлээ олгоно уу, бүр хүүгүй зээл олгоно уу, Цэцэд ямар ч хамаагүй. Энэ бол зөвхөн банкны л асуудал. Банкны хөрөнгө бол тухайн банкны өөрсдийнх нь л мэдэх асуудал. Угаасаа Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцэх асуудал ч биш. Гэтэл “Найман хувийн зээлийг Үндсэн хуулийн цэц зогсоолоо” гэж яриад байх юм. Хууль ойлгодог хүмүүс бол үүнийг сонсоод “Юу яриад байна аа” л гэнэ. Харин хүн болгон хууль ойлгохгүй учраас “Үндсэн хуулийн цэц л ийм болгочихсон юм байх даа” гэж бодоод байх шиг байна. Ингэж ойлгохоос аргагүй болтол нь мушгин гуйвуулж байна л даа.

-Цэц орон сууцны найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй ч танай гаргасан шийдвэрийн нөлөөгөөр арилжааны банкууд зээлээ зогсоохоос өөр аргагүй байдалд хүрсэн юм биш үү. Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж буй УИХ-ын дарга З.Энхболд шууд тэгж дүгнэсэн ш дээ?

-Манай гаргасан шийдвэр найман хувийн зээлд нөлөөлөх ёсгүй. Бид шийдвэрээ гаргахдаа үүнийг хариуцлагатайгаар тооцсон. Арилжааны банкуудад үндсэн өмч хөрөнгөө барьцаалсан иргэдийн эрхийг хамгаалсан шийдвэр л гаргасан. Энэ шийдвэр дам дамандаа ч найман хувийн зээлд нөлөөлөх ёсгүй.

-Цэц их суудлын хуралдаанаараа өмнөх дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг үгүйсгэсэн тохиолдол байдаг уу?

-Ийм тохиолдол бараг л байхгүй. Яагаад гэвэл, шүүх нэг л хууль хэрэглэж нэгдмэл ойлголттой байх ёстой. Түүнээс биш анхан шатандаа нэг өөр, хоёр дахь шатандаа бас нэг өөр шийдвэр гаргахыг зохимжтой сайхан зүйл гэж үзэхгүй байна. Шүүх эхнээсээ л хамгийн зөв шийдвэр гаргах ёстой. Дараа нь хэн ч нөлөөлөх гэж оролдсон тухайн шийдвэр дээрээ бат зогсох ёстой.

-Яагаад үүнийг асуув гэхээр шүүх байгуулахтай холбоотой Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан боловч Ерөнхийлөгч хориг тавьчихсан. Энэ нь Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тухай тогтоолд хориг тавьсан анхны тохиолдол юм билээ. Одоо Цэц их суудлын хуралдаанаа хийж энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Саяхан хуралдахаар товлоод байсан боловч хойшлуулсан байсан. Энэ нь ямар шалтгаантай юм бэ. “Ерөнхийлөгч хориг тавиад УИХ түүнийг нь хүлээгээд авчихсан учраас Цэц өмнөх шийдвэрээ өөрчлөх гээд байгаа юм биш байгаа” гэсэн хардлага төрж байна л даа.

-Үүнийг би урьдчилан хэлэх боломжгүй. Ерөнхийлөгчийг би Цэцийн шийдвэрт биш УИХ-ын тогтоолд хориг тавьсан гэж ойлгож байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан агуулга нь УИХ-ын гаргасан хуулийн зарим заалтыг өөрчлүүлэх чиглэлтэй байхыг ч үгүйсгэхгүй. Их суудлын хуралдаан товлогдоод хойшилсон шалтгааны тухайд уг асуудлыг хэлэлцэхээсээ өмнө  дахин нэмэлт судалгаа явуулах шаардлагатай болсон юм. Тиймээс их суудлын хуралдаанаа 21 хоногоор хойшуулсан.

-Нэмэлт судалгаа гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ. Дунд суудлын хуралдаанаа хийхээсээ өмнө хангалттай хэмжээнд судалчихсан байдаггүй юм уу?

-Ерөнхийлөгч хориг тавьсан тухай болон УИХ-ын гаргаж буй хүсэлтийг үндэслээд дахин судалж үзэх шаардлагатай юм байна гэж үзсэн. УИХ-аас гаргаж буй хүсэлт, санал нь үндэслэлтэй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Нэр: бао Огноо: 13 January 2016

Хотод Жип унахаа больчих л доо

Нэр: Зочин Огноо: 13 January 2016

ЖАнцан юун аймаар Эдийн Засгийн хямрал гэд яриад байхад хотод Лексус 570 унана гээд Заваарсан юм вэ

Нэр: Зочин Огноо: 13 January 2016

ЦЭЦ хувийн зомпани биш л байлтай Хувийн болсон юм уу

Нэр: jervis Огноо: 13 January 2016

Olon tavan yum gutsalgui,Shorond oroogui baigaa deeree ajilaa og!!!!!!

Нэр: Зочин Огноо: 14 January 2016

Санхүүгийн хямрал гээд хаа хаанаа ярьж байхад иймэрхүү юм яриад барьцаад сууж байдаг? Юу ч гэх вэ дээ

Сэтгэгдэл бичих