Бултсан нь хожиж, булаалгасан нь хохирдог дуудлага худалдаа

25e5a87d20894aee5ee2c53e33c608dd

Саяхан даа, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөгөөс дуудаж, 24 тэрбум төгрөгөөр иргэн Абдул Карим худалдан авч байлаа. Тус барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргаж байв. Гэвч иргэн Абдул Карим удалгүй дуудлага худалдаагаар авсан барилгаа өөрийн болгохоос татгалзсан нь олны анхааралд өртөөд өнгөрсөн.

Хотын мэр, Улсын баатар Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал илгээж дуудлага худалдаагаар авсан барилгаа өөрийн болгоход саад болох зүйлгүй хэмээн мэдэгдсэн ч татгалзсан байр сууринаасаа ухраагүй юм. Яагаад тэрээр өөрийн болгосон барилга, газраасаа татгалзсан нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр үлдсэн. Үүнээс өмнө нь ч хэн нэгэн дуудлага худалдаагаар зарсан барилга байгууламжаа буцаасан, иргэдийг хохироосон асуудал гарч байж.

Бүр Засгийн газар энэхүү луйварт оролцож, иргэдээ хохироож байсан байх юм. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа зарлаж, авахаар “үгсэн тохиролцсон” этгээд бүтэлгүйтсэн тохиолдолд уг үйл явц “Луйврын дуудлага худалдаа” болоод өнгөрдөг юм биш биз гэсэн хардлага төрүүлэх баримт байна. УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр Засгийн газарт төсвийн урсгал зардлыг бууруулж, хэмнэлтийн горимд шилжих арга хэмжээ авах үүрэг чиглэл бүхий 34 дүгээр тогтоолыг хүргүүлсэн байна.

Энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газраас 147 тоот тогтоол гаргаж, төрийн байгууллагуудын амралт, сувиллыг хувьчлах замаар төсвөөс тусгаарлах шийдвэр гаргасан байна. Ийнхүү Засгийн газрын 232 тоот тогтоолоор 37 барилга, байгууламжийг хувьчлах хөрөнгийн жагсаалт гаргаж, үнэлгээ тогтоож, иргэн аж ахуйн нэгжийг “Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна” гэсэн зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтаар түгээсэн байх юм.

Энэхүү зарын дагуу иргэн Д.Энхтуяа 2014 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр болсон Богд Хан уулын Төр хурхын аманд байх ШШГЕГ- ын сувиллыг хувьчлах дуудлага худалдаанд оролцсон аж. Уг сувиллын барилга болон газрын дуудах доод үнийг нэг тэрбум найман зуун саяар үнэлж, дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд хоёр иргэн оролцсоноос иргэн Д.Энхтуяа нэг тэрбум есөн сая хоёр зуун мянган төгрөгийн үнийн саналаар ялж, урд төлсөн дэнчингийн хоёр зуун нэг сая 600 мянган төгрөг дээр нэмж, найман зуун долоон сая, 600 мянган төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. Гэтэл дуудлага худалдаагаар авсан сувиллын барилга, байгууламж, газраа иргэн Д.Энхтуяа өнөөдрийг хүртэл эзэмшиж чадсангүй.

Нэгэнт уг байгууламжийг эзэмшүүлэхгүй бол тушаасан төгрөгөө авъя гэтэл бас л өгдөггүй луйврын шинжтэй үйл ажиллагаа хоёр жил үргэлжилж байгаа аж. 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон дуудлага худалдааны дараа шинэ он гарч, Засгийн газар солигдож, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болов. Тэрбээр сайд болонгуут нэр бүхий 37 хувьчлах хөрөнгийн жагсаалтаас санаатай болон санамсаргүй нь тодорхойгүй байдлаар ганцхан ШШГЕГ-ын Төр хурх дахь сувиллыг хувьчлахгүй байх тухай Засгийн газрын 37 тоот тогтоол гаргажээ.

Уг нь дээрх обьект нь түүнийг сайд болохоос өмнө дуудлага худалдаанд ороод зарагдсан байсан гэдгийг ч анхаарсангүй. Ийнхүү ганцхан обьектод зориулан гаргасан Засгийн газрын 37 тоот тогтоолын улмаас өнөөдөр иргэн Д.Энхтуяа төдийгүй энэхүү хувьчлалд хамтран оролцсон иргэд хохирогч болоод явж байна. Төр нь иргэнээ луйварддаг, хувьчилна, мөнгөө тушаа, ав гэчихээд ард нь хүчингүй болгодог жишиг нэлээд эртнээс ийнхүү эхэлсэн юмсанж. Уг нь төр иргэнийхээ эрхийг хамгаалах, өмчлөх, худалдан авах нөхцөлийг хангах гэж дуудлага худалдаа зохион байгуулдаг байлтай.

Хэн өндөр үнэ хэлж, хуулийн дагуу үнэ мөнгийг төлсөн нь тухайн обьектийг эзэмших эрхтэй. Олон улсын жишиг ч ийм. Гэтэл манайд дуудлага худалдаа гэдэг луйврын шинжтэй болж, үүнд нь Засгийн газар нь хүртэл гар хөлөө дүрж, тогтоол дүрмээр сүр далайлган өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар улайрдаг юм байна. Хэрэв гадныхан энэхүү дуудлага худалдааны тухай сонсох юм бол “Монголын төр луйварчин” гэдэгтэй бүрэн санал нийлнэ.

Хувьчлалаа, аваарай гэж дуудлага худалдаа зарлаж, иргэн нь үнийн саналаа хэлж, ялж, санал болгосон үнийн дүнг нь хүлээн зөвшөөрч, төлчихөөд байхад өгөхгүй гээд сууж байдаг ийм хөгийн Засгийн газар, Ерөнхий сайдтай улсад гаднынхан итгэнэ гэж үү. Арга ядсан иргэд Засгийн газраа шүүхэд өгч. Гэтэл шүүх дээр Засгийн газрыг төлөөлж, ШШГЕГ-ынхан ирдэг гэж байгаа.

Өөрөөр хэлбэл Монголын шүүхэд Засгийн газрыг ШШГЕГ төлөөлдөг болж таараад байгаа юм. Хууль эрх зүйн талаасаа ч, уг үйл явдлын эргэн тойронд өрнөсөн үйл явцаас харсан ч Засгийн газрын гаргасан тогтоолыг шүүхэд тайлбарлах гээд ШШГЕГ-ынхан сууж байна гэдэг ардчилсан нийгэмтэй, “эрүүл” Ерөнхий сайдтай улс оронд өрнөдөг үйл явдал мөн гэж үү. Гайхмаар, ичмээр ийм явдал зөвхөн Монголд л өрнөдөг байх. Шүүх хурал дээр “Галзуугийн эмнэлэг”-т ч болмооргүй үйл явдал өрнөж байсан удаатай гэнэ.

ШШГЕГ-ын нэгэн генерал “Энэхүү обьектыг та нарт зарах гэж бид бариулаагүй юм” гэсэн хачирхалтай тайлбар өгсөн гэсэн мэдээлэл бий. Худал л байгаасай билээ. Дуудлага худалдааг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгө бүхий хэн нэгэнд өгөхөөр зохион байгуулдаг, тэр нь бүтэхгүй бол айлгадаг, дарамталдаг ийм улс орон манайхаас өөр байдаг болов уу. Хамгийн гол нь дуудлага худалдаагаар ялж, авчихаад байхад өмчийг нь өгөхгүй, өмчөө авч болдоггүй юм бол мөнгөө авъя гэхээр шүүхээр шийдүүлнэ гээд “тэнэгтдэг” Засгийн газар “АРДЧИЛСАН НАМ”-тай Монголынх гээд бод доо.

Абдул Карим 24 тэрбумаар авсан газраа авахгүй гэдгийн цаана иймэрхүү үйл явц бас өрнөсөн юм биш байгаа гэсэн хардлага төрөөд болдоггүй. Нэг нь гадаадад төрж, өссөн, Монголын иргэн. Харин нөгөөх нь уг язгуураасаа Монголын иргэн. Нэг нь луйвардуулсан, харин нөгөөх нь буцаасан л болохоос дуудлага худалдаа болсон уу болсон, авсан уу авсан.

Харин хэн нь ч өнөөдөр хууль ёсоор, дуудлага худалдаагаар авсан эд зүйлээ эзэмших эрхгүй байгаа нь анхаарал татна. Дуудлага худалдааг дураараа нэгний санаанд таацуулж, олон нийтийн өмнө шударга хуваарилалт хийж буй мэт жүжиг тавьж, зохион байгуулдаг юм биш биз гэх хардлагад хэн хариулт өгөх вэ. Засгийн газар нь хүртэл шударгаар дуудлага худалдааны ялагчийг хүлээн зөвшөөрч чадахгүй нийгэмд “Дуудлага худалдаа” гэдэг жүжиг биш гэж үү.

Д.Лхагва-Очир


URL:

Сэтгэгдэл бичих