Үе дамжиж ирсэн хөөргийг хулгайлж зарсан этгээд аавын хаалга татав

Говь-Алтай аймгийн сум дундын шүүх нэгэн зартай хулгайчийн хэргийг шийдвэрлэжээ. Завхан аймгаас гаралтай Залуухүү гэгч залуугийн үйлдсэн хулгайн хэрэг тоймгүй олон. Харин үйлдээд баригдсан хэрэг нь ганцхан бөгөөд түүнийхээ төлөөсөнд өнөөдөр яллагдан хоригдож байна.

Тэрбээр айл саахалтынхаасаа мөнгөн аяга эдлэл хэрэглэлээс гадна гурван үе дамжиж ирсэн үнэтэй цайтай хөөргийг нь хулгайлж, худалдаад мөнгийг нь үрэн таран хийжээ. Залуухүү хулгай хийхдээ эхнэрийнхээ дэмжлэгтэй хулгайлсан байдаг. Түүний эхнэр нь Дэмбээгийн эхнэртэй үй зайгүй найзууд бөгөөд өдөржин шахуу тэднийд өнжихдөө хол ойрын хов жив базаж өнждөг байсан гэнэ. Залуухүүг нутгийнх нь зартай хулгайч гэдгийг нь мэдэх ч хаяа дэрлэн буусан Дэмбээгийнх тэднийд их итгэж найдаж, наашаа цаашаа байдаг улс байжээ.

Хулгайн замаар олж ирсэн идэш болоод эд хөрөнгөө ч хуваалцдаг байсныг сүүлд Дэмбээгийн эхнэр мэджээ. Нэгэн удаа Залуухүүгийн эхнэр нөгөө айлынхаа эхнэртэй өдөржин хурган дээл оёж өнжжээ. Тэд хоорондоо есөн жорын юм ярьж байхдаа айлын эзэгтэй “Надад хадам ээжээс өвлөгдөж ирсэн үсний мөнгөн даруулга байдаг юм. Чи нээрээ сонирхох уу?” гэж ирээд авдраа уудалжээ. Монгол цоож байнга зүүлгээтэй байдаг цоохор авдран дотроос их нарийн нандин зүйлсийг үзүүлж, харуулахдаа нөгөө үнэтэй хөөргөө ч үзүүлжээ.

Залуухүүгийн эхнэр атаархсан өнгө аястай баахан тойруулж үзэж байгаад өгсөн гэдэг. Бэл бэнчинтэй, эд хөрөнгөтэй айл учир эхнэр, нөхөр нь байнга мөнгөн аяганд цай уудаг байжээ. Олон жил айл саахалт явсан тэднийх нэг л намар тус тусдаа бууцгаах болжээ. Уг шалтгаанаа хүргэн дүүгийнхээ хаяанд бууна гэж Залуухүү Дэмбээд “залжээ”. Үе үе аймаг цаашлаад хот явах болсон Залуухүүгийнх хот нүүнэ гэсэн яриа ч тэр хавиар тархжээ. Харин эл байдлаа ихэд нууцлаж байсан тэднийх нэг л өдөр ачааллаад нүүгээд явахад нь учрыг нь ойлгожээ.

Тэд нүүхдээ айл саахалтынхаа байдаг эд хөрөнгийг нь хулгайлаад явсан байж. Хамгийн гол нь Дэмбээгийн эхнэр авдрын цоожоо хаана хийдгийг Залуухүүгийн эхнэр сайн мэдэж авчээ. Тэгээд нэг өдөр Дэмбээг эрлийн малд явж, эхнэрийг нь аргаланд явсан хойгуур авгай, нөхөр хоёр бүгдийг амжуулж хулгайлжээ. Тэд гурван үе дамжиж ирсэн үнэтэй хөөргийг нь, үсний даруулга, таван мөнгөн аяга, хоёр мөнгөн хазаар, үнэтэй гаанс, соруулыг нь хулгайлаад “арилжээ”. Тэднийх хот нүүгээгүй, аймгийн төв бараадсан байв. Хэрэг бишдэж, үнэтэй цайтай эд зүйлсээ алдсан Дэмбээгийнх цаг алдалгүй цагдаа сэргийлэх дуудаж, шалгуулжээ.

Тэдний хардаж, сэрдэж буйгаар Залуухүү л болж таарав. Гэтэл эхнэр нь өмөөрч “Үгүй байлгүй дээ. Түүнийг хулгайч хулгайч л гээд хүмүүс яриад байдаг юм билээ. Бид хоёроос хулгай хийх дээрээ тулаагүй байлгүй дээ” гээд халгаагаагүй гэнэ. Тэгээд сумын хоёр цагдаа Залуухүүгийнхныг эрэн хайж, хөөж мөшгиж явсаар баривчилжээ. Анхны мэдүүлгээрээ халгаахгүй байсан гэр бүлийн хоёр аймгийн цагдаагийн газар дээр үнэнээ өчиж, хулгай хийснээ хүлээн зөвшөөрчээ.

Тэд хулгайлсан эд зүйлсээ аймгийн төв дээр нэгэн дарханд тушаасан гэдгээ хэлж, авсан мөнгөөрөө гэртээ эд зүйлс худалдаж авсан гэдгээ ч өгүүлэв. Мөн зарим зүйлийг гэртээ нуун дарагдуулж байсан гэж мэдүүлжээ. Хамгийн гол нь, өв уламжлагдаж ирсэн үнэтэй цайтай хөөрөг нь үгүй болсонд Дэмбээ ихэд уурсаж, ял зэм оноох нь зөв. Тэглээ ч энэ хүн ялаа эдлээд гарч ирнэ. Харин миний өвөө, аавын ааваас өвлөгдөж ирсэн хөөрөг бидэнд эргэж ирэхгүй замаар алга болсон нь даанч харамсалтай байна гэжээ.

Ингээд сум дундын шүүхээс 8 жилийн хорих ял сонссон Залуухүүгийн ял бусдын эд зүйлсийг хулгайлж үрэн таран хийж, устгасан гэх үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагджээ. Өмнө нь олон удаа малын хулгайд хардагдаж байсан тэрбээр шүүхийн хаалга татаж байсан удаагүй гэнэ. Тиймдээ арай ч хэцүү нэртийнд орчихгүй байх гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хулгайдаа эршиж, аагшиж яваад ийнхүү яллуулжээ.

Одоо тэрбээр хулгай хийхгүй сайхан амьдарна гэсэн ам өчгөө ар гэрийнхэндээ өгсөн бөгөөд буурлын буян байна даа, хэдэн сайхан бог малаа өсгөж, хүн шиг амьдаръя гэж ярьсаар наранд гарчээ.

Эх сурвалж: “Маш нууц” сонин


URL:

Сэтгэгдэл бичих