Б.Ганхуяг: МАН алдаагаа дахин давтах эрх байхгүй

МАН-ын Бага хурлын гишүүн, намын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягтай шинэ оны босгон дээр цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Шинэ он гараад удаагүй байна. Тэгэхээр МАН-ын Шинэчлэлийн хорооны 2015 онд хийсэн ажлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай байгууллагын хувьд 2015 онд их ажил төлөвлөж, чамгүй үр дүн гаргаж чадсан жил байлаа. Хийсэн ажлаа товчлоод гурван хэсэг болгоод хэлье. Нэгдүгээрт, бид улс орныг өмнө нь байгаагүй их хэмжээний өрөнд оруулж, иргэдээ ядууралд өртүүлсэн этгээдүүдийг “эдийн засгийн алуурчид”-аар зарласан. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд асан Н.Батбаяр, Сангийн сайд асан Ч.Улаан нарыг нэрлэсэн. Ямар ч ажил хүний оролцоогүйгээр уначихдаг юм биш, харин ч сэтгэлгүй, чадваргүй хүмүүсийн хийсэн үйлдэл, үр дагавар байдаг. Эдгээр хүмүүсийн хийсэн алдааг бидний хойч үеийнхэн мартах учиргүй юм. Хоёрдугаарт, Шинэчлэлийн хорооны II бага хурлаараа “Нийгмийг тэнцвэржүүлэх есөн зүйл тамга бичиг” нэртэй зүүн төвийн үзэл баримтлалд тулгуурласан хөтөлбөрийг боловсруулж, намын удирдлагад хүргүүлсэн. Энэ хөтөлбөрт 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах чухал заалтууд орсон. Өнөөдөр иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Нэг хэсэг нь хэт баяжиж, хөлжиж байхад, нөгөө хэсэг нь хоногийн ч хоолгүй амьдарсаар байна. Үүнийг өөрчлөх, бурууг засч тэнцвэржүүлэх хариуцлагатай үүрэг МАН-д ногдож байгаа. Гэхдээ зүгээр яриад, хараад суух биш, шийдэл гаргах, гол нь өрх, гэр бүл, иргэд ирээдүйгээ ямар байхыг төсөөлж, төлөвлөх хэмжээний тооцоо, судалгаанд суурилсан бодлого байх шаардлагатай. Одоо төр барьж байгаа ардчиллынханд мөрдөөд явчих тоймтой бодлого, хөтөлбөр алга. Тэд төрийг битгий хэл, намынхаа нөхдийг ч чиглүүлж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Гуравдугаарт, намын удирдлагаас итгэж иргэдийн эрхийг хамгаалах, бизнест шударга өрсөлдөөн бий болгуулах үүргийг Т.Аюурсайхан даргатай хамт олонд хүлээлгэсэн. Тэд ажлаа маш сайн үнэлгээтэйгээр гүйцэтгэсэн. Хэдий богино хугацаанд ажилласан ч автомашин ачих, түгжихийг зогсоох, иргэдийг хүчээр даатгалд хамруулдаг байсныг болиулах, орон сууцны конторууд хэрэглэгчдээс хууль бусаар хураамж авч байсныг шийдвэрлэсэн гээд үр дүнтэй олон ажлуудыг нэрлэж болно.

-Шинэчлэлийн хороог хүмүүс янз янзаар ойлгож, ярьдаг. Бүр МАН доторх фракци, жигүүр гэх мэтээр ярьдаг шүү дээ. Үнэндээ яг ямар статустай юм бэ?

-МАН-ын Шинэчлэлийн хороо нам доторхи фракци, жигүүр биш гэдгийг албан ёсоор хэлье. Харин үнэт зүйл, үзэл баримтлалаа хамгаалж, бодлогын өрсөлдөөн дунд бий болсон зорилго нэгтэй хамт олон. Тэгэхээр товчхон түүх ярих хэрэгтэй болно. 2013 онд хуралдсан МАН-ын XXYII их хуралд зориулж бид 21 аймаг, 75 суманд ажиллаж, иргэд, гишүүдээс санал авсны үндсэн дээр “Намын бодлого, шинэчлэлийн найман зорилт” хөтөлбөрийг боловсруулж, зарим хэсгийг нь намын их хурлаар хэлэлцүүлж, дүрэм, зорилтод тусгуулсан. Та санаж байгаа бол МАН-ын даргад Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханы нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлсэн. Энэ нь нэг талаас хөтөлбөрөө батлуулах шаардлага байсан. Нөгөө талаар МАН-д шинэ залуу үеийнхэн байдаг, ардчилал, шударга өрсөлдөөн бодит утгаараа оршдог болохыг олон түмэн харсан. Уг нь МАН бол жинхэнэ ард түмний төлөөлөл, тэдний санаа бодлыг тээгч нам байх учиртай. Гэтэл иргэдээсээ холдож, үзэл баримтлал, бодлого нь баруунжаад, олигархи төлөөллийн нөлөөлөлд автаж эхэлсэн нь асуудал үүсгэх шалтгаан болсон. Тиймээс энэ байдлыг өөрчилж, нийгмийн захиалгыг, иргэдийн хүсэлтийг авдаг, биелүүлж чаддаг ард түмнээрээ хүрээлүүлсэн нам болгох нь Шинэчлэлийн хорооны үүрэг байлаа. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө мөнгөөр түрий барьж асуудалд хандаж, бизнес, ашгийн төлөөх сонирхлоо нам, төрөөр дамжуулан гүйцэлдүүлэх санаа өвөрлөсөн зарим нөхдүүдтэй эвлэрч, хамтран ажиллах боломжгүй гэсэн үг.

-Тэгвэл Шинэчлэлийн хорооны үүрэг хэзээ биелэгдэх, үйл ажилагаа нь хэдий хүртэл үргэлжлэх бол. Та нарын зорилго биеллээ олох боломжтой юу?

-Ер нь нэг хүний хувийн өмчийн нам л биш бол хөдөлгөөнгүй, шинэчлэлгүй төлөвшдөг нам гэж хаана ч байхгүй. Манай намын одоогийн дарга М.Энхболд дүүргийн дарга байх үедээ 1996 оны сонгуулийн ялагдлын дараа шинэчлэлийн асуудлыг хөндөж, хөдөлгөөн байгуулж байсан. Мөн УИХ-ын гишүүн, намын дарга асан Ө.Энхтүвшин 2005 онд “Шударга ёс, эв нэгдэл, шинэчлэл жигүүр”, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат 2012 онд “Дахин сэргэлт хөдөлгөөн” байгуулсан гээд цаг үетэйгээ нийцсэн олон жигүүр, хөдөлгөөн намд бий болж, өөрсдийн санал, шаардлагыг тавьсаар ирсэн. Ийм үйл явц дунд явж ирсэн учраас л МАН шинэчлэгдэж, төлөвшиж өдий зэрэгт хүрсэн түүхтэй. Оны өмнө хуралдсан намын бага хурлаар 2005 онд М.Энхболд даргын баталж байсан “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, хариуцлага тооцох” журмыг шинэчилсэн нь бас л шинэчлэлийн томоохон үйл явц гэж ойлгож болно. Тиймээс бид эв нэгдлээ хангаж, намын бодлого дунд байж, намын төлөвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлсээр байгаа.

-2012 онд МАН бараг бүх шатандаа ялагдал хүлээж, сөрөг хүчин болсон. Дунд нь хамтарсан Засгийн газарт ажилласан хэдэн сарыг эс тооцвол шүү дээ. Тэгвэл 2016 оны сонгууль ойртлоо. МАН яаж оролцох бол?

-Өнөөдөр Монголын нийг­мийн баялгаас хүн амын долоо, түүнийг дагаж явдаг 11, ингээд нийт 18 хувь нь хэтэрхий гэж хэлж болохоор илүү хүртэж байна. Тэдний амьдрал дажгүй байгаа байх. Бусад 82 хувь буюу ойролцоогоор хоёр сая 480 гаруй мянган хүний амьдрал хэцүү байгаа. Улам хүндэрсээр байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй болов уу. Төрийг ийм хэмжээнд удирдаж байгаа Ардчилсан намынханд дахин итгэл үзүүлвэл үүнээс ч дор юм болно. Ард иргэд тэнэг биш, харж л суугаа. Тиймээс МАН-д ялагдах эрх байхгүй. Төр барих туршлага, төлөвшил, боловсон хүчний нөөцийн хувьд хэнээс ч гуйхгүй нам л даа. Гол нь 2012 онд ялагдсан алдаагаа дахин давтах эрх бидэнд байхгүй. 2012 оны өдийд судалгааны байгууллагуудын гаргаж байсан дүн, 2016 оны өнөөдрийн байдлаар гарсан дүнг харьцуулбал хол зөрүү харагдахгүй байна. Нийтэд ил болсон хоёр асуудлыг хэлье. Нэгдүгээрт, 2012 онд нэр дэвшилт дээр том алдаа гаргасан. Илт ялалт байгуулах боломжтой хэд хэдэн тойрогт ялах хүмүүсийн нэрийг дэвшүүлээгүй. Энэ нь Дорнодод Х.Болорчулуун, Завханд Ш.Сайхансамбуу, Хөвсгөлд Ц.Даваасүрэн, Ховдод Ш.Адьшаа нар, мөн зарим тойрогт судалгаанд ч нэр нь ороогүй болон илт хариуцлага алдаж, нэр хүнд нь муудсан хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Тухайлбал, Сэлэнгэд С.Гэрэлмаа, Ховдод Г.Нямдаваа нар. Эдгээрээс гадна аль ч тойрогт очоод нэр дэвшсэн ялах өндөр магадлалтай намын лидерүүд өөрсдөө жагсаалтад орсон. Мөн нийслэлийн хувьд байдал хүнд байсныг мэдсээр байсан ч нэр дэвшигчид хамтран ажиллаж чадалгүй хоорондоо зөрчилдөж, нэг нэгнээ дэгээдэж унагасан тохиолдол олон гарсныг бүгд мэднэ. Хоёрдугаарт, сонгуулийн кампанит ажлын тактик үнэндээ ойлгомжгүй байсан. Өрсөлдөгч талаас нам руу хандсан сөрөг алхам хийхийг нь мэдсээр байж, асуудлын араас няцаалт, тайлбар хийх замаар ажилласан. Дандаа л өнгөрсөн борооны араас цув нөмөрч байсан. Дээрээс нь МАХН санал хуваасан, хөтөлбөр хэт нуршуу, уриа лоозон ойлгомжгүй үг хэллэгтэй байсан зэрэг дутагдлуудыг нэрлэж болно. 2016 онд харин энэ алдаануудыг давтахгүй гэдэгт бид итгэж байгаа. Намын даргын хувьд судалгаагаар өндөр рейтингтэй байгаа хүмүүсийн нэрийг дэвшүүлэх зарчим баримталж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ дахин хэлэхэд 2012 оны судалгаагаар өдийд МАН ялж байсан юм шүү. Бидний хийгээд байгаа судалгаа чинь 2008 он хүртэл үйлчилж байсан жижиг мажоритар тогтолцоонд авч байсан аргачлал, түүнээс юу ч өөрчлөгдөөгүй. Гэтэл 2012 оноос хойш нам дугуйлж, мөн тойрог томсгож, нэг намын 2-3, нөгөө намын мөн адил, дээрээс нь бусад нам, бие даагч гээд маш олон хүчин зүйлийн нөлөөлөл үйлчилдэг болсон. Нэг үгээр хэлбэл зарчим 100 хувь өөрчлөгдсөн ч судалгааны аргачлал, хэлбэр нь хэвээр байгааг санах ёстой.  Америкчууд сонгуулийн хар машин, тогтолцоо хоёроо нэвтрүүлсэн ч харин судалгаа авах, дүнг урьдчилан таамаглах аргачлалыг зааж өгөөгүй юм уу, эсвэл түүнийг нь бид сураагүй хэвээрээ л байна.

-Улс төр, сонгуулийн асуудлыг нэлээд ярилаа. Өөрөө тэгвэл хувь хүний хувьд ямар хүн юм бэ?

-Ер нь өөрийнхөө хийж байгаа зүйл, зорилгодоо маш их итгэлтэй байдаг. Гэхдээ эхлээд зорилгоо тодорхой болгоод, түүнийгээ биежүүлээд харахыг их хичээдэг. Тиймээс болж л өгвөл цаасан дээр буулгаад, тооцоолж үзэх, ажил болгочих юмсан гэж боддог. Яг хувийн зан чанарын хувьд болохгүй байгаа асуудлыг нүүрэн дээр нь ил шулуухан хэлчих нь надад ч, нөгөө хүндээ ч амар байдаг. Ер нь ч тийм байдлаар ханддаг. Энэ нь мэдээж хүн болгонд таалагддаггүй нь тодорхой, тэгэх ч албагүй. Гэхдээ эр хүний замын хүзүү урт гэдгийг төрийн бус байгууллагаас ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөдрийг хүртэл хамгийн сайн ойлгож яваа хүний нэг гэж хэлж болно. Хүмүүс тухайн үеийн нөхцөл байдал, байр суурь, харилцаанаас болж үл ойлголцсон ч хожмын нэг өдөр өөр асуудал дээр санал нэгдээд, хамтраад л явдаг. Амьдрал баян гэдэг чинь энэ биз дээ. Ер нь тэгээд хүн өөрөөрөө, байгаагаараа байх шиг сайхан юм хаана ч байхгүй. Байхгүйгээрээ байх гээд худлаа хичээгээд явдаг нөхдийг харахаар заримдаа өрөвдөх шиг болдог. Ер нь доголонгийн газар доголон биш, харин ч доголонгийн газар чиглүүлэгч, чирэгч нь байх хэрэгтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд энэ онд Шинэчлэлийн хороо ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн талаар сонсоё?

-2016 оныг Шинэчлэлийн хороо “Их ялалт, их ажил”-ын жил болгон зарласан. Бид намын сонгуулийн бүх шатны ажилд идэвх, санаачилгатай, тэргүүлэх байр суурьтайгаар оролцож, саналаа хөтөлбөрт тусгуулж, зорилго нэгт хүмүүсээ нэр дэвшихэд нь тусалж, хамтдаа зүтгэнэ, хөдөлмөрөө ч үнэлүүлнэ. Мөн намаас нэр дэвшсэн бүх хүмүүсийг дэмжиж, чадах хэмжээндээ тусалж, хамтран ажиллана. Энэ онд Шинэчлэлийн хорооны III, IY бага хурлын хуралдаан, мөн Шинэчлэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулж, бодлого, үйл ажиллагаандаа баримтлах асуудлууд болон сонгууль, сонгуулийн хөтөлбөр гээд олон зүйлд анхаарлаа хандуулж, оролцоогоо тодорхой болгоно. Мөн Засгийн газрын болон эрх баригчдын илт алдаатай бодлогыг засах, сайжруулах тал дээр анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд тэмцэл өрнүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих