Бараан амьдралын эрээн зураглал – “Нарантуул”
Өглөө эртлэн гараад “Зах явлаа, зах явлаа” хэмээн хашгирах микро автобусанд суулаа. Гадаа халуун гэж жигтэйхэн. Бараг хагас цаг явж, байж зорьсон газартаа ирэв. Захын хаалгаар дөнгөж оруут л бүхний нүдэнд ил байдаг хэрнээ этгээд содон ертөнц угтав.
Эзэнгүй байсан зах хэдэн хормын дотор хүний хөл, машин тэргэнд дарагдав. “Нарантуул” зах нь төв, хойд гэсэн хоёр хаалгатай. Хойд талын автобусны буудлаас хаалга хүрэх замыг хүн бүхэн мэдэх биз. Энд явган хүн, машин тэрэг нь багтаж ядан шахцалдана. Үүний хажуугаар шороо тоостой холилдон элдвийн бараа дэлгэсэн жижиг ядмагхан худалдаачид үргэлжилнэ.
Энэ замаар машин бүү хэл явган хүн явахад хүндрэлтэй. Нүдэнд илхэн эмгэнэл хэрнээ нүдэнд дассан бараан үзэгдэл болсон “өвгөнтийн” гэх тодотголтой архичид захын захаар нэг хөглөрнө. Захын арын хаалгаар ордог энэ хэсэгт өдөр хоног өнгөрүүлдэг иргэдийг жижигхэн “тосгоныхон” гэхэд болно. Эднийг захынхан “цыганууд” гэдэг. Тэд ч энэ нэрэндээ аль хэдийнэ дасчээ. “Тосгон”-д байгаа худалдагч, худалдан авагчийн нэг өдрийн орлого ердөө 500 төгрөгт багтдаг. Өдөртөө энэ мөнгийг л олчихвол болох нь тэр. 200 төгрөгөөр нь хоол, 300 төгрөгөөр нь амьдралыг аз жаргалтай болгодог “шидэт ундаа”-гаа авдаг аж. Энд савласан найрка 300 төгрөгийн архи нь вакус витамины шилтэй. “Түүнийгээ ууж байж амьд явна шүү дээ” гэж нэгэн эмэгтэй хэлсэн.
“Нарантуул” уг нь олон улсын худалдааны төвийн зиндаатай. Саваагүй гадаадынхны сонирхлыг татдаг ч юм уу гаднын иргэд мэр сэр явж харагдана. Бүр камер, зургийн аппаратаар элдвийг буулган явна.
“Нарантуул” захын бас нэгэн бүүдгэр өнгө бол хог. Энд тэндгүй хөглөрөх хог, бохир ялгадас энэ захын нэгэн илэрхийлэл болжээ. Түүнчлэн захын баруун хойд талд “хогийн цэг” гэлтэй наймааны гудамж назгайрна. Газраар зулсан номын худалдаа, хуучин хувцас, гутал, сэлбэг, болон цахилгаан хэрэгсэл зэрэг хүний хэрэгцээг хангаж дуусаад цаашид хэрэглэх боломжгүй болсон юмс ч харагдаж байлаа. Эндэзс хүн юм худалдаж авдаг гэхэд эрэлзмээр. Хэдэн хуучин бараа нь шороо шалбаагтай холилдож хүн авахын эцэсгүй бохир заваан болжээ. Гэвч энд 50 гаруй хүн худалдаа эрхэлж байна. Эндээс тэд хоногийнхоо хоолыг залгуулдаг бололтой. Зарим нэг нь хэдэн төгрөг олонгуутаа л архи уучихдаг гэх. Тэдэнд тогтсон амьдрал гэж байхгүй. Хашааны гадна гарвал өнөөх өвгөнтийн хэдэн нөхөд архиа булаацалдан зодолдож, зарим нь уйлж ч байх шиг. Энд тэнд хөглөрсөн хог шалбааг, шээсэн дунд өвгөнтийн архичид аль хэдийнэ тухалжээ. Тогтож чадахгүй айлын хашаа налан “сарих” тэднийг харсан ямар ч хүний огиудас хүрэхээр байлаа.
Үнэндээ “хаана хүрээд ирэв ээ” гэсэн гайхшрал төрөхүйц ийм нэгэн орчин ” Нарантуул”-д хэдийнэ бий болжээ. Уг нь Олон Улсын худалдааны төв гэсэн том хаягтай захын нэр хүндэд дээрх дүр зураг үл нийцнэ. Дээр дурдсан зүйл бол зөвхөн хойд хаалган дээрх дүр зураг.
“Нарантуул” гэх бум бужигнаж түм түжигнэсэн газар тав зургаан настай жаалаас авахуулаад таяг тулсан хөгшид хүртэл хэрэндээ таарсан наймаа хийн өөрсдийн амьдралаа залгуулж байна. “Гол үерлээд эргээ хальдаггүй” гэдэг. Түүний адил тэд хэчнээн ч жил хүйтэнд хөрч, халуунд хатаж наймаагаа үргэлжлүүлэн зүтгэсэн ч өнөөх л бахь байдгаараа, ядуу чигээрээ. Харин ч улам ядрангуй, улам доожоогүй хөөрхийлөлтэй болсоор. Тэдний гэр орон, ээж аавыгаа тэжээхийн тулд хөдөлмөрлөж байгаа хүүхдүүд ч олон байна. Харин энд ажилладаг тэрэгчдийн хуввд өдрийн хоолны мөнгөе олохын тулд ажиллаж байгаа ч амьдрал нэг л дээрдэхгүй байна гэсэн юм.
Өнгөцхөн харахад захын наймаачид дуртай ажлаа ямар ч зовлонгүй хийж байх шиг. Үнэн хэрэгтээ тэдний сэтгэлийн зовлон, санаа зовох асуудал барагдахгүй мэт санагдлаа.
“Нарантуул”-ын түрээслэгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нэг ам метрээс илүүгүй шахуу талбайг түрээсэлдэг эмэгтэйн нуруун дээр нөхөр хүүхдүүд ойр дотнынхны амьдрал тэр чигээрээ ачаастай. Оюутны сургалтын төлбөр, сурагчийн номын мөнгө, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө гэсээр алд биеийнхээ амар заяа, энэ биеийнхээ эрүүл мэндийг умартан уналгын морь шиг зүтгэж яваа гэхэд хилсдэхгүй биз.
Тэдний хувьд ирээдүйд тэмүүлсэн гэгээн сайхан мөрөөдөл нь өнөө маргаашийн аар саархан зүйлээр солигджээ. Хүүхдийн хүнд хөдөлмөрийн таслан зогсоох, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөх асуудлыг холбогдох хүмүүс амаа чилтэл ярьж байгаа. Өөрийн биедээ ахадсан ажлыг өвлийн хүйтэн, зуны халуун гэлтгүй хүүхдүүд хийсээр байна. Хичээлийн шинэ жил эхэлчихсэн байгаа болохоор “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн цөөрсөн хэмээн захынхан хэлсэн.
Жижигхэн биетэй нэгэн хүү машины зогсоолын хажууд төмөр хашлага дээр ийш тийш харан суух юм. Хир даг болсон цагаан фудволк, хар өмд, толгойдоо томдсон хар малгай өмсч, маск зүүсэн тэр хүү “Би захын хашааны гадна машин угаадаг. Намайг Н.Чинсүх гэдэг” хэмээн өөрийгөө танилцуулав. Тэрбээр энэ жил 12 нас хүрч байгаа. Уг нь түүний насны хүүхдүүд хичээлд явж, гэртээ амарч хааяа үеийнхэнтэйгээ дуртай тоглоомоороо тоглочихоод байж байвал жаргал. Гэтэл өнөөдөр энэ хүүхэд ар гэрийн амьдралын бяцхан биендээ дийлэхээргүй хүнд ачааг үүрч буйг харахад сэтгэл эмзэглэмээр байлаа.
Түүнчлэн улсын гэх тодотголтой “Нарантуул” захад 100 мянган хүн халуун хүйтнийг үл ажран амьдралаа залгуулахын тулд лангуу түрээслэн ажилладаг. Нийслэлчүүдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Эдгээр иргэдийн олонхи нь энэ захаас амьдралаа залгуулж байдаг.
“Нарантуул” захын наймаа төв хаалганаас эхлэх бөгөөд өнгө өнгөөр алаглах жимс өрөөстэй харагдана. Эндээс “Шүүслэг шинэхэн хямдхан” хэмээн жимсээ сурталчлах худалдаачдын дуу хадна. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь хятадын химийн бордоотой жимс юм. Хир болсон даавуугаар жимсний тоосыг арчиж худалдах аж. Үүнийг нь харин худалдан авагчид тоохгүй л амандаа хийж байгаа харагдана.
“Нарантуул” захад хоёр ч “нойл” байдаг аж. Гэтэл эндхийн бие засах газар нь үнэхээр хэцүүхэн юм. Дотор нь орж бие засах нь битгий хэл хажуугаар нь өнгөрөхөд бэрх. Үүнээс гадна ямар нэгэн халдварт өвчин тусах өндөр магадлалтай. Хаалга гэхэд хэцүү зүйлээр хаалт хийн тусгаарласан харагдана. “Нойл”-ын байр байдал тиймхэн хэрнээ бие зассан хүн бүрээс 150 төгрөг хураана. Тэр хураасан мөнгөөр энэ “нойл”-оо боловсон болгож болгомоор санагдана. Даанч ашигийн төлө ажилладаг хүмүүс боловсон “нойл” бий болгоно гэдэг юу л бол доо.
Эцэст нь хэлэхэд энэ олон хүний түрээсийн мөнгө хаашаа урсан ордог нь гайхалтай. Ядаж хүйтэнд хөрч халуунд гандаж буй иргэддээ тохилог “нойл” болон ажиллах орчныг бий болгоход нэмэрлээсэй. Түүнчлэн улсын маань ирээдүй болсон бяцхан үр хүүхдэд туслах хэн нэгэн байна байх гэдэгт найдаж байна.
Д.Мягмарсүрэн
URL: