Хараалч эмтэй нөхцсөн эр амиа алдаж, ханиа яланд унагасан эмгэнэл

1f2s3dsdfsd

… Олзод “Үгүй” гэдэг санаагаа их аятайхнаар ойлгуулахдаа “Чи бид хоёрын уулзах, учрах цаг хугацаа дууссан” гэж хэлжээ. Гэтэл тэрбээр утсаар ярьсан оройгоо Олзодын ажлын гадаа зогсож байжээ. Ажил ихтэй байсан тул нэлээд оройтож тарсныг хэлэх үү машиных нь дэргэд Эрдэнэмөнхийг зогсож байгааг хараад яагаад ч юм бэ дотор нь муухайрч, бараг нүд нь харанхуйлаад ирж…

Гэнэт ярьсан болохоор ч тэр үү түүнийг хэн хүнгүй л “жүжиглэсэн” гэцгээх. Тэрбээр жүжиглээгүй гэдгээ ойлгуулах гэж хичээснээс хэл орж, үр хүүхэдтэйгээ, ер нь хэнтэй ч болов бичгээр биш үг яриагаараа ойлголцож чадах болсондоо талархаж явсан нь дээр юм байна гэдгийг ойлгожээ. Гэхдээ л “хэлгүй болж жүжиглэсэн” хэмээн дооглуулах тэр эмэгтэйд тийм амар биш байсан нь мэдээж. Ямартаа л “Би амьд үлдсэндээ баярлаж байсан бол энд ирээд ингэж доромжлуулж явснаас үхсэн нь дээр байж хэмээн бодох үе байсан” гэх вэ дээ. Доромжлол, тохуурхал гэдэг хүнийг ингэж үхүүлдэг ажээ.

Олзод гэх эмэгтэй яагаад хэлгүй болсныг баримт түшин өгүүлэхэд үнэхээр сэтгэл эмзэглэм. Ийнхүү зовлон сөрж яваа эмэгтэй өөрийн авьяасаа даган урлагтай амьдралаа холбоод 20 шахам жил ажиллажээ. Гурван хүүхэд төрүүлж, тэднийгээ өсгөж хүмүүжүүлэх гээд монгол эмэгтэйн үүрдэг бүхнийг тэрбээр тойроогүй дайрч гарсан байна. Урлагийн салбарын цалинг чамлаж голсондоо ч биш хардах сэрдээд алхуулахаа больсон нөхрийнхөө араншинг аргадаж, зөөлрүүлэхийн тулд дуртай, чин сэтгэлээ өгч явсан ажил, мэргэжлээ орхижээ.

Ингээд эгчийнхээ дэлгүүрийн нэг буланд лангуу түрээслэх болсон байна. Олзод уг нь Эрдэнэмөнхтэй хүүхэд насандаа сууж, 20 шахам жил бие биедээ ээнэгшин хамт амьдарсан гээд бодохоор тэдний хооронд үл ойлголцох ямар нэг асуудал баймааргүй. Гэвч Эрдэнэмөнх гэгч эр анх сууж байсан үеэ бодвол төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна. Эрдэнэмөнх ээжтэйгээ хамт хоёулахнаа амьдардаг байжээ. Олзодын эмээ нь тэдний хамар хашаанд амьдардаг учраас багаасаа тэд бие биенээ дэндүү сайн мэдэх аж. Эрдэнэмөнх шил, лааз цуглуулж, олсон мөнгөөрөө талх, түлээ нүүрс авна. Эмээ нь насны эрхэнд чилээрхэж, өөд болсон хойно ч Олзод Эрдэнэмөнх, ээж хоёрт нь туслан, чадлын хэрээр илүүчилдэг байжээ. Өсч өндийх тусмаа Эрдэнэмөнх зожгирч, үеийнхнээсээ ичиж зовж байгаа нь илт байгааг ганцхан Олзод мэднэ.

Тийм ч учраас Эрдэнэмөнхөд итгэл өгч, үеийнхнээс нь хөндийрүүлэхгүй гэсэндээ “Чи ёстой мундаг. Хамгийн гол нь хичээлээ таслахгүй улам шамдаж байгаад гоё сургуульд ороорой” гэж захидаг байжээ. Эрдэнэмөнх үг дуу цөөнтэй, жигтэйхэн бүрэг, ноомой хүүхэд байсан нь түүний амьдрал, ар гэрийн байдалтай холбоотой байсан аж. Олзод түүнийг өрөвдөж, бусадтай адилхан явуулах гэж зүтгэсээр яваад 19-хөн настайдаа Эрдэнэмөнх гэх өөрөөсөө нэг ах залууг гэртээ авчирсан байна.

- Удам тааруу, сургууль соёлгүй ийм хүн чамд хань болох юм уу? Охин минь, сайн л бодоорой… Ээж нь Олзодод хатуухан атлаа үнэн үг хэлж байсныг “Одоо л тэр үгний утгыг ухаж ойлгож байна” хэмээн хүүхэд, залуу насныхаа томоогүй гэнэн занд харамсаж буйгаа тэр бүсгүй ярьж байна. Эх хүн их алсыг, бүр хожмын өдрийн хувь тавиланг хүртэл хардаг ажээ.

Нэгэнт сонгосон ханьтайгаа сайхан амьдрахын тулд Олзод маш их хичээж, Эрдэнэмөнхийг ёстой л өөрийн гараар өөд татан ажил төрөл, бизнестэй болгож, ах, дүү нарынхаа голд хавчуулж явсаар байгаад дутуу юмгүй сайхан айл болсон байна. Олзодын том ах нь Эрдэнэмөнх, дүү хоёртоо хувь таслан өгч, машины задгай зогсоол, засварын газраа иж бүрнээр нь бэлэглэжээ. Угийн амьдралд зүтгэж, мөнгөний үнэ цэнийг дэндүү сайн мэдэх залуу ч эхнэрийн үгнээс гарахгүй, үр хүүхдийнхээ төлөө, тэр айлын төлөө чин сэтгэлээрээ зүтгэсэн байна. Ажил, амьдрал хоёр гарын ар, өвөр шиг зэрэгцэн оршдог юм болохоор тэднийх сайхан амьдарч байжээ.

Хадам ахын бэлгэнд өгсөн бизнесийн талбарыг улам өргөжүүлж, авто салоны эзэн болсон Эрдэнэмөнх мөнгө нь хатгасан уу, аль эсвэл илүү махныхаа хүсэлд хөтлөгдсөн үү гэлтэй хэдэн жилийн өмнөөс ааш авир нь эрс өөрчлөгдөн, эхнэрээ хардаж, бүр байнгын хэрүүл, зодоон дэгдээх болжээ. Язгуур урлагаар өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлж, гадаадын хэд хэдэн улсаар явж тоглолт хийх гэрээ байгуулаад бүр хэвшчихсэн Олзодын олдог мөнгө, тэр айлд гүйцэтгэх үүрэг тийм бага, муу байгаагүй гэнэ.

Гэвч “Миний хүчээр ингэж яваа. Монголд биш гадаадад очиж банзалддаг…” гээд элдвийн муу муухай үг хэлээр доромжлон, бүр барьж авч зодох болсон нөхөртөө гомдож, цөхрөвч гурван хүүхдээ гэсэн сэтгэлээр түүнийг аргадаж явсан Олзод өнөөдөр хорих ял эдлэх болсны учир айдас төрүүлэм. Догшин, хэрцгий авир гаргах болсон нөхөр нь өөр бүсгүйтэй холбоотой болж, бүр үр хүүхдийг нь гаргасан гэдгийг Олзод сонсож, мэдсэн байна. Тэгэхээр нь тэрбээр “Чи амьдралаа бод. Чамайг хориглох юм байхгүй. Ганцхан чи битгий намайг доромжилж, зовоогооч. Чи дураараа яв” гэжээ.

Шил, лааз цуглуулаад явж байхад нь Олзод гурил будаа, мах, ногоо, бүр гутал хувцас бариад ирж байсныг нь март-сан гэхэд гурван хүүхдийг нь тээж төрүүлсэн тийм сайн ханиа толгой нь эргэж, хуурч мэхлэх хар домын арганд урхилагдсан Жавхлан гэх хөгшин эмэгтэйгээр солихоор шийдсэн эр “Чам дээр ямар хараал ирэхийг хараарай” гэж хэлээд хамаг хувцсаа авч явсан байна. Олзод түүний хэлсэн тэр үгийг мөн л ухаж ойлгосонгүй. Нэгэнт өөр хүнд сэтгэлтэй болсон, түүнээс салсандаа санаа нь амарсан ч гомдохын ихээр гомддог байжээ.

Эр хүнд гомдсон гомдол хуримтлагдсаар өвчин болдог нь үнэн гэлтэй. Олзод савны хавдартай болж, хэдэн жил дараалан эмнэлгээр явж, эцэст нь Солонгосын эмч нарын буянаар өвчнөөс салж, илааршсан байна. Тэрбээр дахин шинээр амьдрал, ажил босгох гэж зүтгэсээр найз нөхдийн буянаар томоохон уурхайн дэд захирал, аж ахуйг эрхлэх болжээ. Өсч, өндийсөн гурван хүүхдээ сургаж, боловсруулж бас чиг одтой, адтай гэдгээ харуулж чадсан байна.

Салснаасаа хойш дөрвөн жил гаруй усанд хаясан чулуу шиг явсан Эрдэнэмөнх нэг өдөр гэнэт утсаар ярьжээ. Тэгэхдээ тэрбээр ичих ч үгүй уулзах санал тавьсан байна. Олзод “Үгүй” гэдэг санаагаа их аятайхнаар ойлгуулахдаа “Чи бид хоёрын уулзах, учрах цаг хугацаа дууссан” гэж хэлжээ. Гэтэл тэрбээр утсаар ярьсан оройгоо Олзодын ажлын гадаа зогсож байжээ. Ажил ихтэй байсан тул нэлээд оройтож тарсныг хэлэх үү машиных нь дэргэд Эрдэнэмөнхийг зогсож байгааг хараад яагаад ч юм бэ дотор нь муухайрч, бараг нүд нь харанхуйлаад ирж. Гэтэл түүн рүү дөхөөд очтол цаанаас нь жигтэйхэн муухай дүртэй эмэгтэйн гар сарвалзах шиг болсноо Олзодын нүүр рүү шингэн юм цацсан байна. Энэ үед Эрдэнэмөнх Олзодыг барьж авч машин руугаа чирэх шахам авч явсан бөгөөд бүсгүй гартаа барьсан цэвэр устай саваараа түүнийг цохиход эрчиндээ арагш савж унажээ. Олзод машинаа асаах үедээ нөгөө муухай дүр бүхий эмэгтэйг харсан боловч нүдээ аньсан чигтээ хөдөлж явсан гэж ярьдаг.

Эрдэнэмөнх гэгч эр ингэж амиа алдсан байна. Харин Олзод хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн болжээ. Хэдийгээр түүний үхэл эргэлзээтэй боловч нэгэнт гэр бүлийн зөрчилтэй байсан, нүүр рүү нь устай саваар цохисон нь үнэн учраас Олзод бултах газаргүй мэт. Гэвч ар дагзаараа унасандаа биш хоолойг боосон сорви, шарх үхэлд хүргэсэн гэх дүгнэлт байдаг аж.

Тэр орой Олзодын бие хямарч, тун тавгүй байсан ч Эрдэнэмөнхийг үхсэн гэж бодоогүй. Зөвхөн аймаар дүр төрхтэй тэр эмэгтэй хүн мөн үү, биш үү гэдэгт эргэлзсээр байж. Гэвч өглөө нь түүнийг баривчилж, хорьсон байна. Баривчлагдах үедээ Олзод юм ярьж чадахгүй болжээ. Эмч, эмнэлгийнхэн “Цочролд орсноос сааталд орсон” гэжээ. Ингээд 1.8 жил хэлгүй дохио болон бичгээр харилцаж, мэдүүлэг өгсөн бүсгүй хорих ангид ирснээсээ хойш хагас жилийн дараа хэлд орсон байна.

- Талийгаач хараалч хар хэлтэй эмэгтэйтэй суусан нь үнэн юм билээ. Манай ар гэрийнхэн нэлээд сайн судалсан гэсэн. Тэгээд надад арга засал хийлгээд байсан. Би хэл орно гэж итгэхгүй, гэрийнхэндээ бүр уцаарладаг байлаа. Тэгтэл нэг шөнө унтаж байтал хөнжлөөс татсан. Өндийсөн чинь өнөөх аймаар дүртэй эмэгтэй уйлаад сууж байх шиг. Би чарлаад… Тэгээд л хэл зүгээр болсон. Хараал гэж ийм айхтар, хариулга гэж бас ид шидтэй юм билээ. Талийгаачийн үхлийн учир ч гэсэн олдох байх аа гэж тэрбээр ярьжээ.

Эх сурвалж: “Маш нууц” сонин


URL:

Сэтгэгдэл бичих