“Ясны шимт шөл”-ний онцгой ач холбогдoл

Монгол үндэсний дайвар бүтээгдэхүүнээр хоол хэрхэн хийх, эрүүл мэндэд үзүүлэх ач тусын талаар цувралаар бэлтгэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаа ”Ясны шимт шөл”-ний онцгой ач холбогдлын тухай мэдээллээ хүргэж байна.

Ясны шөл

Тураг махыг мөлжсөн үхэр, хонины ясыг нугалж, хугалж ташин хүйтэн усанд удаахан сойсны дараа 1кг ясанд, 1.5л ус ноогдохоор бодож шөллөн давс, сонгино зэрэг амтлагч нэмж таглаад 30-40 минут чанана. Хөөс, тосыг хамж аваад дутуу таглаж, дахин үргэлжлүүлж удаахан чанасны дараа гаргана. Ясны шөл тамир нэмэгдүүлж, хий дардаг гэж үздэг.

Ясны шөлний ханд

Бүхэл хонины ясыг бүгдийг гээгдүүлэлгүй сайн мөлжиж ширмэн тогоонд хийн зөөлөн галаар 4-5 цаг чанаад ясны өнгө нэгэнтээ цайж ирмэгц гарган шөлийг улмаар хандалсныг ясны шөлний ханд гэнэ.

Хандарч буй шөлөн дээр хэрэгцээний дагуу эм тан үйж зөөлөн галаар байнга хутган хандалснаа үрэл болгон сэрүүн газар буюу сүүдэр дагуулан тавьж хатааж авна. Ийм үрлийг өглөө бүр орондоо, өлөн элгэн дээрээ нэг сар уухад хий бүрэлдсэн зэрэг өвчин амархан илааршдаг гэдэг.

Толгойн ясны шөл

Хонины эрүүнээс нь салгасан толгойн ясыг хуйх, махнаас нь шулж аваад шаазан юм уу паалантай саванд битүүмжлэн хийгээд жигнэж шөллөнө. Ийм шөл толгойн хий өвчин, эмэгтэйн биений өвчнийг арилгахад тустай гэдэг.

Ахар сүүлний ясны шөл

Шүдлэн хонины ахар сүүлний ясыг хавынх нь махтай авч давсгүй усанд удаан чанаж ширгээн, гаргасан шөл. Ийм шөл бөөр, бэлхүүсний өвчинд тустай.

Борви, тойгний ясны шөл

Шүдлэн хонины борви, тойгний ясыг тэр хавийн махтай нь салган авч давс хийлгүйгээр усанд удаахан чанаж ширгээн гаргасан шөл. Халуун бүлээнээр нь тан даруулж хэрэглэнэ.

Гурван шимтийн шөл

Шүдлэн хонины далны тогоо яс, борвины яс, толгойн ясыг махнаас нь шулж аваад битүү саванд жигнэж шөллөсөн шөлийг хэлнэ. Энэ нь архаг хуучийг засаж, тамир тэнхэл оруулахад тустай гэдэг.

Дөрвөн шимтийн шөл

Төлгөн эм хонины далны тогоо яс, борви болон тойгний яс, хар сээрний ясыг махнаас нь шулж давстай усанд чанан гаргасан шөл бөгөөд шимжүүлэх үйлчилгээтэй сайн шөл гэдэг.

Хонины борви болон тойгний яс, далны ясны бариул, ахар сүүлний ясыг тэр хэсгийнх нь махтай авч давс хийлгүйгээр 5-6 жин усанд 2 жин болтол нь удаан чанаж гаргасан шөлийг хэлнэ. Энэ шөл өвчилснийг илааршуулах, настны тамир тэнхээг сайжруулах, халуун бүлээнээр нь тан даруулж уухад тустай.

Таван шимтийн шөл

Хонины борви болон тойгний яс, богтосны залаас яс, ахар сүүлний яс, далны тогоо ясыг давсгүй усанд удаахан чанаж гаргасны шөл бөгөөд тан даруулж ууна.


URL:

Сэтгэгдэл бичих