Ч.Сайханбилэг хэзээ зоригтой болж, ЭМС-ын сайдаа томилуулахаар УИХ-д оруулах вэ

Эрүүл мэнд, спортын сайдыг томилох асуудал бүр таг чиг боллоо. Хааяа нэг сөрөг хүчин эсвэл бие даагч гишүүд л сайдаа томилооч ээ хэмээн шаардах юм. Гэтэл Ч.Сайханбилэг мэдсэн ч эс мэдсэн шинжтэй суусаар. Г.Шийлэгдамба сайдыг албан өрөөнөөс нь баривчилж саатуулаад хоёр сар хориод нөгөөх нь гараад ирлээ. Тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ч түүнийг ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын шийдвэр ч гарсангүй.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт түүнийг хорихоос гарч ирсэний дараа сайдын албаа үргэлжлүүлж хаших боломжтой гэцгээв. Харин ЭМС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатар сайдгүй хэр нь салбарын ажилд сахилга бат дээшилснийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн нь сонирхолтой.

Эрүүл мэнд спортын сайд авлигын хэрэгт холбогдож, баривчлагдсаны дараа МАХН-аас оронд нь эхлээд С.Жамбалжав эмчийг санал болгоод хүлээж авахгүй болохоор Шадар сайдаар Н.Энхбаярыг томилуулж, Ц.Оюунбаатарыг эрүүл мэндийн сайдаар ажиллуулах саналыг тавьснаас хойш сар гаруй хугацаа өнгөрчихлөө.

Ийнхүү Шийдлийн Засгийн газраас хоёр ч сайд нь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байхад үүнийг нь Засгийн газар ч, УИХ ч авч хэлэлцэхгүй байна.

Г.Шийлэгдамба болон Ц.Оюунбаатар нар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн ч хоёулангийнх нь эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргаагүй байтал Ц.Оюунбаатарын хувьд Шадар сайдын албан тушаал дээрээ Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажилласаар байна.

Энэ хооронд УИХ-ын дарга З.Энхболд нэг мэдэгдэхдээ “Ерөнхий сайд зориггүй байна. Танхимынхаа сайдыг томилуулах нь түүний асуудал болохоос УИХ-ынх биш. Түүнийг хэн нэгнийг оруулаад ирвэл УИХ хэлэлцэнэ” гэсэн. Үнэхээр ч Ч.Сайханбилэг аймхай хулчгар гэдгээ ЭМС-ын сайдыг томилуулж чадалгүй хоёр саран гаруй хугацааг өнгөөрөөж батлаад байна.

Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг тойрсон асуудлыг Ерөнхий сайд өөрөө толгой мэдэн шийдэж чадахгүй нь харагдаж байгаа учраас уг асуудлыг УИХ нь ч юмуу шийдэх хэрэгтэй болжээ.

Нэгэнт томилуулах хугацаа нь хоёр дахин дуусчихаад байхад одоо Ч.Сайханбилэгийг хүлээсээр л суух уу. Тэр хэзээ зоригтой болох юм бол. Сайдаа томилуулж чадсангүй гээд хариуцлага тооцон огцруулна гэж одоо байхгүй биз. Гэвч ямар нэг байдлаар хариуцлага тооцох нь УИХ-ын үүрэг мэт.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих