Г.Жаргалсайхан: М.Зоригтын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоож өгнө үү
“МИАТ”-ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг шалгуулахаар өчигдөр АТГ-т хандлаа.
Тэрээр өргөдөлдөө “…М.Зоригт нь сайд болсон цаг үеэсээ хойш “МИАТ” хувьцаат компанийн эрх ашиг, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдлийг удаа дараа гаргаж байгаа” гээд “…2015 онд ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хотын банкны данс дахь төгрөгийг өөрийн хувьцаа эзэмшдэг “Голомт” банкны дансанд шилжүүлэхийг өөрөө болон бусдаар дамжуулан тулган шаардаж, шилжүүлүүлсэн. …М.Зоригт нь “Туркиш эйрлайнс” компанийн эрх ашгийг хангасан заалтыг хүлээн зөвшөөрөх, улмаар гэрээ байгуулахыг удаа дараа тулган шаардсан. …Сайд нь энэ талаар “МИАТ” ТӨХК дээр удаа дараа очиж уулзалт зохион байгуулах болон удирдлагын багийг сольж байж гэрээнд гарын үсэг зурахыг тулган шаардах, Төрийн өндөр дээд албан тушаалтны нэр барьж буй үйлдэл зэрэг нь Төрийн сайдын хувьд байж боломгүй, Үндэсний эрх ашгийг үл тоомсорлосон үйлдэл гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг шалган тогтоож, таслан зогсоож өгөхийг хүсье” гэжээ. Тэрээр дээрх асуудлуудын талаарх уулзалтын бичлэг, ТӨХ дээр болсон уулзалтын тэмдэглэл, бичлэг зэргийг хавсаргасан байна.
Энэхүү мэдээлэл өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэхэд Зам, тээврийн сайд М.Зоригт “…Шалгуулчихъя” гэсэн “мэдэгдэл”-ийг хийсэн юм.
Ер нь “МИАТ”-ийн захирал асан Г.Жаргалсайхан АТГ-т хандсан нь гэнэтийн зүйл биш. Учир нь түүнийг тэтгэвэртээ суух үед шалтгааныг нь дээрх хоёр асуудалтай холбон тайлбарлаж байсан. Тодруулбал, Г.Жаргалсайханыг ажлаа өгсний дараахан “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, хүү З.Тэмүүнийгээ “МИАТ”-ийн удирдлагуудтай уулзуулсан, М.Зоригт сайд өөрөө “МИАТ”-ийн ерөнхий нягтлан бодогчид “Голомт” банк руу мөнгөө шилжүүлэн байршуулахыг үүрэгдсэн талаарх бичлэг, хурлын тэмдэглэл нийтэд ил болсон байдаг.
Үүнээс гадна М.Зоригт сайд “Туркиш эйрлайнс”-ийн эрх ашгийн төлөөх заалтыг баталгаажуулан гэрээ байгуулахыг “МИАТ”-ийн удирдлагуудаас шаардах болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу 2016 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр очихдоо АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар ярилцсан гэх боловч дээрх асуудлыг дахин хөндсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. “…Ер нь бол Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Туркиш Эрлайнс” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Туркиш Эрлайнс”-ынхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьдаг. Харин “МИАТ” үүнд Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд ханддаг аж. Учир нь “Туркиш Эрлайнс” орж ирсэн хоёр жилд Европын зах зээл талдаа нэмэр болоогүй. Өнгөрсөн хугацаанд энэ компани “Аэрофлот”, “МИАТ” хоёроос л зорчигчийг нь авсан. Тэгэхээр энэ чиглэл бол миний хэлсэнчлэн хоёр авиакомпанийн л зах зээл юм байна. Өөрөөр хэлбэл “Туркиш Эрлайнс” нислэгийн тоогоо нэмэхэд Аэрофлот тэсээд үлдэнэ, МИАТ шахагдаад гарахаас аргагүй болно” гэж МИАТ-ийн захирал асан Г.Жаргалсайхан ярьдаг. Үүнээс гадна Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарын хүмүүс “Туркиш эйрлайнс”-ийг лоббидож байгаа гэх мэдээлэл ч бас яригдаад эхлэв.
Юутай ч “МИАТ”-ийн захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-аар шалгуулахаар өргөдөл өгч, нөгөөх нь “…Шалгуулчихъя” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Порно Зоригтыг болиулаачээ Сайханбалаг аа
ЗӨВ ШҮҮ