“Ходоод”-оороо баярладгаа больцгооё
Цагийн зүү 12 дээр давхцахаас өмнө гэртээ орох гэж яаран алхаж явахдаа “Хотынхон бүгд гудамжинд шинэ оноо угтдаггүй л байлтай” гэсэн шүү юм бодож байлаа. “Хүн хаанаа баярлах нь хэнд ямар хамаатай вэ” гэж өөрийгөө шоолж ч үзлээ. Үнэндээ ч тийм. Гэхдээ баяр болгоны оршлын дараа гудамж талбай, булан тохой ямар болсныг харахаад нэг л гунигтай бодол төрөөд байдаг юм. Хэдхэн хоногийн өмнө шинэ оноо угтсаны маргааш жанжин Сүхийн талбай ямар болсон байсныг та сошиал ертөнцийн хуудаснаас олж харсан л байх. Хаа сайгүй оргилуун дарс, ундаа жүүсний шил лааз хөглөрч, чихрийн цуглуулга, зайрмагны хайрцаг цаасанд Төв талбайн ганган гацуурын хормой дарагдсан байсан. “Үйлийн үр”, үүрэгт ажил нь юм болохоор дүүргийн ТҮК-ийн хэдэн ажилчин л үүр шөнөөр нойроо хугаслан байж, цэвэрлэж зайлуулсан байх, хөөрхий.
Удахгүй Монголын уламжлалт Цагаан сарын баяр болох нь. Олон нийт аль хэдийнэ баярынхаа бэлтгэлийг базаагаад эхэлчихэж. Тарган хонины ууц, цар дүүргэх үхрийн өвчүү, цагаан ногоон идээгээ гарын бэлэгтэй нь бэлдэж дуусгаад гол ажил үлдэх биз. Өөдлөх айл үүднээсээ гэж монголчууд ярилцдаг болохоор мэдээж хашаа хороогоо цэвэрлэж таарна. Буруу нь ч юу байхав. Харамсалтай нь, гэр хорооллынхон хашаа хорооныхоо хог шороог хамрынхаа үзүүрээс цаашхан гаргаж, гудамжныхаа эхэнд ч юмуу хажуу хавиргынхаа гуу жалганд аваачаад хаячихдаг нь тоогүй. Орон сууцныхан болохоор тохиролцсон юм шиг байрныхаа аль нэг булан тохойд шахаад орхичих нь энүүхэнд. Хавар болно. Цас хайлна. Хог ил гарна. Хамар цоргино. Хот бохирдоно.
Иймэрхүү дараалалтайг мэдсээр байж худлаа дүр эсгэж, хотоо ганц удаа цэмбийлгэж, хогоо хурааж ходоодоо баярлуулаад л яахав дээ. Түүний оронд тархиа цэнэглэж, дандаа сайхан орчинтой байвал илүү дээрсэн.
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: