Б.Баатар: Н.Энхбаярыг нэвтрүүлэгт оруулах үеэр нэр бүхий хүмүүс дарамталсан
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн улсын архивт хүлээлгэж өгөхөөр хадгалж байсан бичлэг, дүрсийг хулгайлж, сошиал ертөнцөд түгээсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. үйл явдлын талаар “Hero” студийн захирал, найруулагч Б.Баатар мэдээлэл хийлээ.
-Таныхаар хулгайг ямар хүмүүс үйлдсэн гэж бодож байна вэ?
-Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын болон өөр бич- лэгүүдийг хулгайлсан. Үүнийг мэргэжлийн маш том ажиллагаа гэж бодож байна. Мэдээллийг олон нийтэд хүргэсэн процесс ч гэсэн маш нарийн байсан. Тухайлбал, монтаж, тайлбар тексттэйгээр олон нийтэд хүргэсэн. Үүнийг надад дургүй, миний бүтээлийг хорлох гэсэн ганц хоёр хүний үйлдэл гэж үзэхгүй байна. Маш том бүлэглэлийн хийсэн ажиллагаа гэж дахин хэлэхийг хүсч байна.
Мөн найруулагч миний тун хариуцлагагүй байдлаас болж дүрс, бичлэгийг хулгайд алдсандаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэр бүл, нэвтрүүлгийн хөтлөгч Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн болон П.Анужин нараас хүлцэл өчиж байна. Ярилцлагын нэвтрүүлэг гэдэг маш том процесс байдаг. Тэр дундаа “Монгол тулгатны 100 эрхэм” сэтгэл рүү өнгийсөн уран сайхны нэвтрүүлэг учраас бид зураг авалтаа 20-30 цаг үргэлжлүүлдэг. Энэ утгаараа нэвтрүүлэгт оруулаагүй маш олон дүрс, бичлэг үлддэг юм.
-Улс төрийн зорилгоор дүрс, бичлэгийг тараасан байж болзошгүй гэсэн хардлага нийгэмд байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Би улстөрч биш хэзээ ч энэ салбарт орохгүй. Телевиз, киноны салбар бол миний ертөнц. Нэг насаараа хийхээр зүтгэж байгаа зүйлдээ ганцхан эфир цацаж, ийм байдалд хүрэхгүй. Одоо дахиад 50 эрхэм нэвтрүүлэгт оролцоно. Одоогоор 51 дэх нэвтрүүлгийн зураг авалт үргэлжилж байна. Ийм байхад манайхаас хэзээ ч ийм бичлэг тараахгүй шүү дээ. Бид хулгайг илрүүлэхийн тулд цагдаа, Оюуны өмчийн газарт өргөдөл, гомдол гаргасан.
-Дүрс бичлэгийг хулгайд алдсанаа хэзээ мэдсэн бэ?
-Хулгайг хэзээ үйлдсэнийг хэлж мэдэхгүй байна. Олон нийтэд түгээж эхлэхэд л хулгай гарсныг мэдэж, баримтаа шалгасан. Цахим ертөнцөөр үйлдсэн хулгай ул мөрөө үлдээдэг учраас заавал илрэх болно. Би Монголын цагдаа, төр тунгалаг байгаа гэдэгт итгэж байгаа. Улс төрийн хувьд үнэхээр бохир байгаа юм байна. Тухайн нэвтрүүлгийг хуулж, олон нийтэд муухай сэтгэгдэл төрүүлэхээр эвлүүлж тараана гэдэг улс төр бүр доошоо орсны илрэл. Манай студи улс төрийн редакц биш. Улс төрийн холбогдолтой ганц л нэвтрүүлэг хийсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнх байсан. Бид дүрс, бичлэгээ улсын хэмжээнд хамгийн найдвартай гэсэн серверт хадгалж байсан.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад бичлэгээ алдсан гэсэн. Өөр хэний бичлэгийг алдсан бэ?
-Бид С.Зориг агсны тухай баримтат кино хийж байгаа. Киноны мэдээлэл, бичлэгийг серверээс тусад нь байрлуулсан ч мөн алга болсон. Гэхдээ яг дээрх бичлэгийн хамт алга болсон үгүйг хэлж мэдэхгүй байна. С.Зориг агсныг амиа алдах үед хүмүүсийн сонинд өгсөн ярилцлага, бичлэгүүд байсан. Ерөнхийдөө Н.Энхбаярын нэвтрүүлэг эхлээд дуусах хүртэл хоёр хөтлөгч болон намайг нэр бүхий хүмүүс удаа дараа дарамталж байсан.
-Н.Энхбаярын нэвтрүүлгийн дүрс, бичлэгийг дангаар нь хуулж авсан гэсэн үг үү?
-Оролцогчдын дүрс, бичлэгийг тус тусад нь хадгалдаг. Би яагаад мэргэжлийн хүмүүс хулгайлсан гэж хэлээд байна гэхээр файлуудыг мэргэжлийн дагуу хуулсан байсан. Тэгэхээр манайхыг эртнээс судалж байгаад үйлдсэн хулгай гэж бодож байна. Хэргийг шалгаж байгаа учраас би процессыг нарийн тайлбарлаж болохгүй.
-Тухайн үед дээрх бичлэгийг яагаад устгаагүй юм бэ. Бичлэгийг хувилж авсан гэж ойлгож болох уу?
-Нэвтрүүлгийн баримтыг 100 хувь архивт хадгалах үүрэгтэй учраас дээрх бичлэгийг серверт хадгалж байсан. Нэвтрүүлгийн серверийг хадгалдаг тусгай өрөө бий. Зөвхөн Н.Энхбаярын дүрс бичлэг гэлтгүй Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ц.Элбэгдоржийн бичлэгээс алдагдсан байхыг үгүйсгэхгүй. С.Зориг агсны баримтыг гэхэд шууд хатуу дисктэй нь аваад явчихсан байна.
-Дээрх хулгайг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбох нь ч байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Х.Баттулга гишүүн бид хоёр зураач хүмүүс. Х.Баттулга гэж эрхэмтэй би хуурай ах дүүгээс гадна зураач хүний хувьд уран бүтээлийн холбоотой явдаг. Дүрс бичлэг алдагдсан асуудалд Х.Баттулга гишүүн ямар ч холбоогүй.
-Нэвтрүүлгийн оролцогчдыг камер бичээгүй гэж хэлээд яриа өрнүүлдэг найруулагчийн шийдлийн дагуу МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэрийг яриулсан гэх мэдээлэл гарсан байна л даа?
-Уран бүтээлийн эрэл хайгуулын нэг хэлбэр л дээ. Өмнө нь бид камераа асаачихсан яриа авч байсан. Тэгээд үргэлжлээд бичсэн дүрс байсан. Тухайн бичлэгийг тасдаж устгаагүй нь бидний буруу.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хулгайч нь Женко л байхдаа ? Жудаггуй эр бол Баттулга
Баатар гуай та буруугаа хүлээх гэсэн юм уу? Зоригийн аллагатай холбоотой мэдээлэлээ алдчихлаа гэж хэлэх гээд бн уу? Эсвэл Н. Энхбаярыг сурталчлах, хамгаалах гээд байгаа юм уу? Монгол улсын одоогийн ёрөнхийлөгч Ц. Элбэгдоржийн тухай материалийг алдчихсан гэж байгаа хирнээ , яах гэж Н. Энхбаярыг онцлож яриад, бичээд байгаа юм бэ? шал дургүй хүрч байна шүү !