МАН-ын бүлэг: Оюутны 70 мянгыг ялгаваргүйгээр олгох нь зүйтэй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх асуудлыг хэлэлцээд дэмжжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг МАН 2006 онд хэрэгжүүлж байсан. Эдийн засаг хүнд үед хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм, ийм ч учраас хүүхдийн 20 мянган төгрөгийг нэмэгдүүлье гэж хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ хэлэлцээгүй. Хүүхэд бүрийг ялгаварлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгоход 110 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардаж байгаа. Тиймээс 2016 оны төсвийн тодотголтой цуг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх шаардлага тулгарч байгаа тул эл асуудлыг Засгийн газар эхний ээлжинд оруулах ёстой гэж үзсэн” гэсэн юм.

Мөн энэ асуудлыг хэлэлцэх явцад тус бүлгийн зарим гишүүн 0-3 хүртэлх насны хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгох санал илэрхийлсэн бол 0-3 настай эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болох саналыг гаргажээ. Мөн тус бүлгээс оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгодог байх ёстой гэдэг саналыг гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэлээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг хэрхэх шаардлагатай талаар судлах юм байна.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих