Бяцхан чөтгөр Lady Gaga ерөнхийлөгч Обаматай уулзав
Өнгөрөгч Ням гаригт бяцхан чөтгөр хочит Lady Gaga ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. Тэрээр Калифорнийн Силикон Уоллид болсон ноён Обамагийн улс төрийн санхүүжүүлэгчдийн уулзалтанд оролцсон ажээ. CNN агентлагийн мэдээлснээр, “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Шериль Сандбергийн оролцсон нэг хүний 35,800 долларын үнэтэй урилга бүхий энэхүү үйл явдалд 70 гаруй хүн ирсэн байна. 25 настай дуучин бүсгүй Лхагва гаригт шүтэн бишрэгчиддээ зориулан өөрийн твиттертээ “Сүүлийн хэдэн өдрийг эргэцүүлэн бодож, уйлж, хашхирч өнгөрүүллээ” гэсэн юм. Тэрээр амиа хорлон нас барсан өөрийн шүтэн бишрэгчийнхээ хойноос харамсаж, ийнхүү олон хоногийн турш элдвийг бодож өнгөрүүлсэн гэнэ. 14 настай Жейми Родмаяр хүү хүнд хэцүү доромжлолыг тэсч чадалгүй амиа хорлосон гэх харамсалтай явдал тохиолдсон ажээ. Тэрээр есдүгээр сарын 18-нд нас барсан өдрөө “Баяртай Мангас Ээж минь, Таны хийсэн бүх зүйлд чинь баярлалаа” хэмээн сүүлийн үгээ твиттертээ бичин үлдээсэн байна.
“Миний уур маш их хүрч байна. Доромжлолыг хуульчлах ёстой. Энэ бол жигшин зэвүүцмээр муухай гэмт хэрэг мөн. Би ерөнхийлөгчтэй уулзана. Энэ бүхнийг дуусгавар болгох ёстой. Энэ бүхнийг төгсгөх хүч бидэнд бий” гэж Lady Gaga мэдэгдэж байсан билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Gaga ерөнхийлөгчийн дээрх уулзалтын үеэр ноён Обамагаас их олон зүйл асуусан байна. Уг арга хэмжээний үеэр ерөнхийлөгч болон түүний гэргий хатагтай Мишель Обама нарт талархсан Lady Gaga “You and I” нэртэй дуугаа өргөн барьжээ.
Орчуулсан: Б.Бурмаа
URL: