Бие даагчид: Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ
УИХ дахь Бие даагч гишүүдийн төлөөлөл энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Тус хуулийн төсөлд, 3000-аас доош хүн амтай суурин газар намын анхан шатны нэгж байгуулахгүй байхаар тусгасан. Харин бие даагч 3000-аас дээш хүн амтай газарт ч намын анхан шатны нэгж байгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Сонгуулийн Ерөнхий хороо дээр намуудыг бүртгэх нь зохисгүй гэж үзжээ. Нам гэдэг зөвхөн сонгуулийн төлөө байгууллага биш тул бүртгэлийг СЕХ хийх нь учир дутагдалтай гэдэгт тэд байр суурь нэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг чуулганы хуралдаанаар эцэслэсэн. Энэ үеэр бие даагчидтай холбоотой зарим зөрчилтэй хуулийн заалтыг шийдвэрлүүлсэн. Тухайлбал, бие даагчийг дугуйлсан хэрнээ намыг дугуйлаагүй бол саналын хуудас хүчингүй болох заалтыг өөрчлүүлж, нам болон нэр дэвшигчийн аль алиныг дугуйлаагүй хуудсыг хүчингүйд тооцохоор болгосон. Хяналтын тооллогод бие даагчийн төлөөллийг оруулахаар болсон зэрэг заалтыг тусгуулсан нь дараа дараагийн бие даагчид сонгуульд өрсөлдөх бололцоог нээж өгсөн” гэсэн юм.
Мөн бие даагчдын зүгээс ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслийг дэмжих, Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилохыг шаардан уг шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Болорчулуун “Ноён уулыг ухах буюу Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хоёр хууль тогтоомж гаргахаар зүтгүүлж байна. Нэгдүгээрт, Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтооно. 34 хувиа тусгай төлбөр шилжүүлнэ гэж байна. Борлуулалтын гуравхан хувийг Монгол Улс авахаар болж байна. Гурван хувь гэдэг бол татвар биш хураамж. Хоёрдугаарт, Ноён уулыг тусгай хамгаалалтад авна гэсэн. Гэхдээ аливаа тусгай хамгаалалтад байгаль орчин, уул усыг авахдаа экосистемийнх нь байдлаар авдаг. Гэтэл Ноён уулыг шулуун шугам татаад авчихсан. “Сентарра Голд” компанийн талбайг оруулалгүйгээр 10-аад км шулуун шугам татаад тусгай хамгаалалтад авчихсан. Энэ нь Засгийн газар тусгай хамгаалалтад авсан болж нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Н.Оюунцэцэг гэдэг доктор 37 мянган га-гаар тусгай хамгаалалтад авахаар дүгнэлт үнэлгээгээ БОНХАЖЯ-нд өгчихсөн байсан. Гэтэл 11 мянган га болгож багасгаад лецинзтэй хоёр талбайгаа гадна нь гаргачихсан” гэсэн юм.
Энэ үеэр химич, хөрс судлаач, Доктор Ш.Пүрэвсүрэн “Ноён уулын асуудалд маш хурцаар тавигдаж байгаа энэ үед Монгол орны ирээдүйд ямар болох бол гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж явдаг. Ноён уулын алтны нөөцтэй хэсэг газрыг 2000 оноос хойш одоогийн “Сентарра Голд” компани ашиглаж эхэлсэн үеэс би сайн мэднэ. “Сентарра Голд”-ын охин компани “Бороо голд”-ын ашигласан талбайд Улаанбаатар хотын бүх хог, цагилгаан станцуудын хогийг ч аваачаад хийсэн ч дүүрэхээргүй том нүх үлдээгээд явж байна. Энэ үйл явдал Ноён уулд давтагдана” гэлээ.
Д.ЖАРГАЛ
URL: