П.Очирбатыг “ММС”-ийн ТУЗ-өөс чөлөөллөө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ сарын 8-нд “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээс чөлөөлжээ.

Тэрбээр нас өндөр болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзсэн бөгөөд түүний оронд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан Ч.Хашчулууныг томилсон байна.

П.Очирбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн мөртлөө гадаадын хөрөнгө оруулалттай “MMC” компанийн удирдлагын багт ажиллаж өндөр цалин авдаг нь хууль зөрчсөн асуудал болохыг өнгөрсөн хавраас эхлэн шүүмжилж, АТГ-аас ч тогтоогдсон гэдэг. Мөн одоогоор Цэцийн гишүүдийн насны хязгаарын асуудлыг хэлэлцэж буй зэрэг нь ч түүний хувийн компани дахь ажил үүргээсээ татгалзахад нь нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэтэл Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заасан.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь төрийн тусгай албан тушаалд хамаарч байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль гэж бий. Өөрөөр хэлбэл Цэцийн дээр “тэнгэр, нар, сар, од биш бас л хууль байдаг аж. Энэхүү Цэцийн тухай хуульд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “… Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй” гэж заасан.

Түүнчлэн Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулийн хуулийн 20 дугаар зүйлд нийтийн албан тушаалтны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтын талаар заасан бөгөөд 20.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэжээ. Үүнээс үзвэл гадаадын хуулийн этгээдийн удирдах байгууллагад эрх бүхий албан тушаал хаших үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүний үйл ажиллагааг зохицуулж буй салбарын хууль болох Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар зөвшөөрөгдөөгүй байна.

Энэ хуулиас харахад Цэцийн гишүүн П.Очирбат Үндсэн хуулиа зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын дарга авлига авч байгаад “баригдсан”, Хил хамгаалах газрын дарга нууцаар хил зөрчиж яваад хилчдэдээ “гардуулчихсан” мэт сэтгэгдэл төрүүлж ой гутахад хүргэсэн юм. Түүнийг “Энержи ресурс” компаниас 24 мянган ам.доллараар цалинждаг үнэ цэнтэй этгээд болох нь холбогдох баримтуудаас харагдаж шуугиан тарив. Тэр ч байтугай “ММС”-ийн тайланд дурдсанаар Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүн болох нь “тодорч” байв.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно. Гэтэл тэрбээр “ММС” компаниас авч байгаа цалингаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, Авилгатай тэмцэх газраас нуусан сураг бас гарч өөрийг нь хүндэлдэг түмэн олны сэтгэлд толбо суулгаад авсан. Харин эдүгээ Цэцийн гишүүн байх эсэх нь эргэлзээтэй болохын сацуу “ММС”-ийн удирдлагын багаас гарчихлаа. Эсвэл түүнийг “өргөдлийг нь өгүүлж гаргасан” ч байж болох юм. Түүний оронд томилогдож буй Чулуундоржийн Хашчулуун нь Монгол Улсын Засгийн газрын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан.

Тэрбээр Токиогийн Кэйо их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал, Япон-Монголын хамтарсан Монголын засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөлт ба олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан зэрэг олон улсад танигдсан, чадварлаг төлөөллийн нэг билээ.

Д.Далай


URL:

Сэтгэгдэл бичих