Цагдаа, прокурор, шүүхийнхний хэнд нь итгэх вэ?

-Д.ЦОГТСАЙХАН: Ц.БОЛДЫН ЭГЧ МАНАЙД АЖИЛЛАДАГ НЬ ҮНЭН-

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдын талаар  бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг цагдан хориод нэг хонож байхад нь буюу маргааш нь Чингэлтэй дүүргийн шүүх сулласан байдаг. Үүнийг тус шүүхэд олон жил ажилласан шүүгч эгчтэй нь холбож үзэх хүн олон байгаа юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Д.Цогтсайханаас тодрууллаа.

-Танай шүүх ямар үндэслэлээр Ц.Болдыг сулласан юм бэ?

-Ц.Болдыг  хэрэгт холбогдуулж таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокуророос орж  ирээгүй. Энэ талаар н.Буянжаргал шүүгчээс тодруулж болно.

-н.Буянжаргал шүүгч энэ хэргийг мэдэх юм уу?

-Би мэдэхгүй байна. Хэвлэлээр гарсныг олж үзээд холбогдох хүмүүсээс  нь асууж тодруулсан. Хяналтын прокурор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг бус Нийслэлийн захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг цагдан хорих хүсэлт холбогдох газруудаас ирсэн гэж хэлсэн.

-Тэгээд Ц.Болдыг огт хориогүй юм уу, энэ талаараа тодорхой яриач?

-Хяналтын прокуророос асуусан нь дээр байх.

-Ц.Болдын эгч танайд ажилладаг гэсэн байх аа?

-Эгч нь манай байгууллагад ажилладаг нь үнэн. Энэ сарын 22-ны өдөр шүүгч Ц.Түмэндэмбэрэл дээр Ц.Болдын холбогдсон гэх хэрэгт сэжиглэн шалгах зарим нэг хүнийг цагдан хорих хүсэлт ирсэн байсан.

Тэгэхээр нь Ц.Түмэндэмбэрэл Ц.Болдын төрсөн эгч нь  болохоор татгалзаж, хэргийг нь өөр хүнд шилжүүлсэн байна лээ. Наад асуудал чинь манай шүүхийн нэр хүндтэй холбоотой шүү. Ташаа бичив. Энэ талаар прокуророос нь тодруул гэв. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурорыг н.Отгонцэцэг гэдэг аж. Тэрбээр Нийслэлийн прокурорын газар харьяалагддаг юм байна. Түүнтэй уулзахаар тус газар очсон боловч “Өрөөндөө алга байна” гэсэн хариу өгөв. Гар утас руу нь залгаж мэнд мэдээд “СХД-ийн Засаг дарга  Ц.Болдыг юуны учир сулласан тухай тодруулах гэсэн юм” хэмээхэд прокурор утсаа тасалсан юм. Харин  Улсын мөрдөн байцаах газрынхан “Ц.Болд, Б.Дэлгэрбаяр хоёрыг цагдан хорих хүсэлт гаргасан. Энэ дагуу хорьсон. Харин маргааш нь Ц.Болдыг сулласан байсан. Сэжигтнийг албадан саатуулан баривчлах, цагдан хорих арга хэмжээ шууд шүүх, прокурорын  эрх мэдлийн асуудал” хэмээн ярьж байсан юм. Ц.Болдыг цагдан хорьсны дараа ганц хоноод сулласанд шүүх, прокурор оролцоогүй мэт болгон тайлбарлаж эхэлсэн байх юм. Бүр зарим баримтуудыг өөрчилсөн сурагтай. Энэ нь хэвлэлд гарсан мэдээллүүдийг саармагжуулах зорилготой гэх мэдээлэл ч байна. Тиймээс Ц.Болдыг шүүхийнхэн цагдан хориогүй, Б.Дэлгэрбаярыг хорьсон хэмээн шүүх, прокурорынхон үгсэж буй гэх мэдээлэл үнэн бололтой.  Юутай ч хуулийн байгууллагынхан иймэрхүү  янзын тайлбар өгч байна. Тэгэхээр тэдний хэнд нь итгэх вэ.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих