Хорин жилийн дараа тэр миний насанд ирэх байж…

Гэдэс хонхолзох шиг болоход дөрвөн буузаа бодох. Харин дөрвийг үү? Тавыг уу? Өдөр бүр ингэж боддогоо гайхах. Дараалалд зогсож хоолоо бичүүлэх хүртлээ эргэлзэх.
Урд зогсох хоёр залуу тус бүр сэгсийсэн цуйван, гурав, гурван хуушуур бичүүлэхэд “яаж барна даа” гэж бодох. Царайг нь хараад хорин хэдтэйг баримжаалж хорин жилийн өмнөх өөрийгөө бодох. Тэр үедээ очсон мэт хөөрцөглөж тавыг ч авчихмаар. Гэхдээ дөрөв үү? Тав уу?
Хоолны газрын ханан дахь муурын зулзагын зурагны хөөрхөнд эгдүүцэх. “Нээрээ, тэр ирвэсний гүен (зулзага) тэвэрчихсэн байсан” гэж бодох. “Тэр зөвхөн ирвэс хамгаалагч биш бүхэл бүтэн байгалийг хамгаалагч байсан байна” гэж санах.
“Та нар шиг юмнаас би амь гуйхгүй” гэж хэлсэн байна лээ. Хөөрхий дөө, хорин хэдтэй хүүхэд шүү дээ. Яг үхэлтэй тулахдаа яасныг хэн мэдлээ, эвий гэж хэмээн санаашрах.
Тавган дээрх дөрвөн буузаа хараад чамлах. Халуун цайнд хоолойгоо түлчихгүй. Хазсан буузандаа хахчихгүйг хичээх.
Нөгөө ширээнд хоёр залуу цуйвангаа хуушуураар даруулан залгих. Хоол идэхэд нэг их бяр ордоггүйг санах. Үе үехэн тэд “хохь нь ш дээ, хохь нь” гэж ярихыг сонсох. “Хэн нэгнийг хохироож л байгаа бол муу л байна” гэж санах. Тэр залуугийн амь тасрах мөчийг төсөөлөх.
“Үхэл, айдас” энэ бол тэс өөр. Тулсан хүн л мэдрэх тийм л адын мэдрэмж. “Дүүгийнхээ тухай харуусан ярих ахынх нь дуу дүүгийнхтэйгээ их төстэй юм билээ. Түүгээр нь далимдуулж тэр бичлэгийг гүтгэлэг гэх вий дээ. Би ярьсан гэж хэлүүлэх гэж ахыг нь дарамтлах вий дээ” гэж сэрэмжлэх.
Хоёр бууз ходоодонд ороход хоёр залуу хоосон тавгаа түлхэх. “Эдний хоол муудаад л байхын” гэж тэд харамсах.
“Ирвэс хамгаалж хэл аманд оролгүй, хог түүж мөс үүрэлгүй, эх орон элгэн нутгаа гэлгүй зүгээр л архи уугаад эсвэл Англи явах гэж хэлээ давтаж байсан бол ядаж амь нь үлдэх байж” гэж харуусах. Цаазын тавцанд гарсан хүн шээс алддаг гэж уншсанаа санах. Эвий дээ, тэр хүү яагаа бол. . .
Дөрөв дэх бууз хоолой давахад “дөрөв л яг таардгийм” гэж бодох. Өдөр болгон л ингэдгээ гайхах. Тавгаа хураагаад гарахдаа хоёр залуугийн ширээн дээрх хуушуурын үлдэгдлийг ширтэх.
“Хорин наймхантай тэр залуу зөвхөн байгаль хамгаалагч ч биш баатар хүн байж” гэж бахархах. Бусад баатруудтай харьцуулах.
Хоолны газраас гараад шүдээ чигчийлж явахдаа “Тэр хорин жилийн дараа миний насанд ирэх байж” гэж гэнэтхэн бодох. Хоолой аргаж, самсаа шархирах. Хоёр есийн хүйтэн жаварт алгадуулах.
Тэр миний насан дээр ирсэн бол над шиг дөрвөн буузны тухай биш дөрвөн зүг найман зовхисыг сэтгэлдээ багтаасан эх орноо авран хамгаалагч, эгэлийн эгэл нэгэн байх байсан биз ээ гэж харамсах.
Өөрийгөө голох . . . Цагийг элээж цай уух, хоног хороож хоол идэх… Би ч дээ…
Зохиолч Т.Бум-Эрдэнэ

URL:

Нэр: irgen Огноо: 11 January 2016

Мундаг зохиолч, мундаг сэтгэгч. Бум-Эрдэнэ таныг хүндэлж явдаг. Энэ залуу хар эрт хорвоогоос цаг бусаар буцчихлаа, харамсалтай. Ийм агуу мөртөө эглийн эгэл хүмүүн бидний дунд олон үлдсэн гэж найдая

Сэтгэгдэл бичих