Н.Ганбямба: Төр засаг Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “баасыг” цэвэрлэх гэж зовж байна
УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй УИХ-ын намрын чуулган эхлэх гэж байна. Нэн тэргүүнд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудал хүлээлт үүсгээд байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Хаврын чуулганаар олон асуудал шийдэх байсан. Энэ цаг хугацаагаа алдсан. УИХ-ын нэг бүлэг нь завсарлага авахаар нөгөө нь хүлээлтийн байдалтай байсан. Хэмжээ хязгаар гэж үгүй байна шүү дээ. Тухайлбал, ирэх сонгуульд нэг нөхөр найман хүнтэй бүлэг байгуулах юм бол дөрвөн жилийн хугацаанд ямар ч асуудал хэлэлцэхгүй байж болох заалттай юм байна лээ. Хамгийн чухал нь яавал сонгуулиа шударга явуулах вэ гэдгийг эрхэм зорилгоо бол гох хэрэгтэй. Түүнээс хэн ялж, хэн ялагдах нь чухал биш.
Түүнчлэн үүнийг шийдэх маш олон арга байна. Ард түмнээс санал асууж болно. Иймэрхүү зөвшилцөлд хүрч, арга замыг хайх гүй гэхээр цаад зорилго нь юу болж таарах вэ. Мөн ийм тохиолдолд дэлхийн ардчилсан олон оронд хуулиа батлаад явдаг. Ард түмнээсээ санал асуулга явуулаад, олонхи болсон нь хуулиа батлах мандатыг олгодог байна. Гэхдээ зөвшилцөх гэхээсээ илүүтэй хурлыг үймүүлэх төрийн хямрал бий болгох, шоу маягийн байдлаар асуудалд хандах зорилготой хүн олон байхыг үгүйсгэхгүй байна.
-Сонгуулийн тухай хуульд гурван хувилбар дэвшүүлсэн. Таны хувьд алийг нь дэмжиж байгаа вэ?
-Миний хувьд 24:52 гэсэн хувилбар дээр санал нэгдээд байгаа. Гэхдээ Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан пропорциональ тогтолцоо ч байж болох юм. Энэ бол нөөцөнд байгаа нэг гайгүй хувилбар. Улсын хэмжээнд нэг бүтэн тойрог болговол, энэ дундаас сонгогдсон 76 нэлээд шигшигдэнэ гэсэн үг. Гэхдээ хүний хээ нэрээр нь санал дугуйлаад, өөрсдийнхөө цуглуулсан оноогоор нам, намаар нь жагсааж болно. Энэ тохиолдолд шударга сонгууль болох магадлал өндөр.
-Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулган завсарласнаас хойш хоёр бүлэг зөвшилцөх хурлыг нэг ч удаа зохион байгуулаагүй. Энэ нь ирэх сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулах гэсэн арга. Хуучин тогтолцоогоор явбал МАН-д ашигтай гэх юм?
-Манай намын хувьд сонгуулийн хуучин тогтолцоог эсэргүүцэж байсан. Үүнийг 2008 оны сонгуулиас өмнө МАН-ын дарга байсан С.Баяр таван төгөлдөршил итгэлдээ пропорциональ тогтолцоонд шилжвэл яасан юм бэ. Хуучин тогтолцоогоо халъя гэдэг саналыг дэвшүүлж байсан. Энэ үед АН-ынхан эсэргүүцэж л байсан. Харин ч эсрэгээрээ хуучин тогтолцоогоор явбал АН-ынханд илүү ашигтай байж магадгүй.
-МАХН болон МҮАН-ынхан ирэх оны сонгуульд санал хуваах зорилготой орно. Тэр дундаа МАН-ыг ирэх оны сонгуульд унагаах төлөвлөгөөтэй байгаа гэх юм?
-Манай намыг хагаралдуулах зорилготой маш олон оролдлого явж байгаа. Цаашид ч байна байх. Зарим нь нойргүй хонож байгаа. Энэ байдал сонгууль хүртэл үргэлжлэх байх. МАХН гэсэн нэрийг бүртгэхдээ Улсын дээд шүүх “пакталсан” шүү дээ. Н.Энхбаяр гуайн хүрээлэлд байгаа хүмүүс “хорлон сүйтгэх” үйл ажиллагааг нэлээд явуулна. Энэ олон улс төрийн хүчнүүд хоорондоо эв түнжин муутай байгаа хэдий ч ганцхан МАН-ын эсрэг гэсэн үгэн дээр нэгддэг.
Өнөөдрийн төр засаг Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “баасыг” цэвэрлэх гэж зовж байна. Энэ их авлига хээл хахуулийн систем байна шүү дээ. Тэдний төр засагт учруулсан балаг багадаагүй. Өнөөдөр энхийн цагаан тагтаа болж харагдах гээд, хар өнгөө будаад, будаад нэмэргүй л дээ. Монгол Улс өнөө хүртэл хөгжиж чадахгүй байгаа, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрсэн, албан тушаал яагаад мөнгөний хэмжүүрээр тавигддаг болсон гэх мэт маш олон асуудлыг гаргаж ирэх юм бол энэ хоёр дороос нь хэзээ ч өндийхгүй нөхдүүд шүү дээ.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр гишүүдийн талаарх хар номыг гаргана гэсэн. Цагтаа нэг намын далбаан дор явж байсан болохоор МАН-аас Н.Энхбаярын талаарх хар номыг гаргах уу?
-Сонсоогүй. Цаашид Н.Энхбаяр улс төрийн маш их явуулга явуулах нь тодорхой.
-Хамаг Монголын Хөдөлмөрийн Нам, МАХН, МҮАН-ынхан хоорондоо эвсээд, ирэх оны сонгуульд МАН-ын өрсөлдөгч болж чадна гэж бодож байна уу. Таны байр суурь ямар байна вэ?
-Ц.Шинэбаярын хувьд УИХ-ын гишүүн. МАХН-ыг байгуулж байгааг нь харсан. Дараа нь харамсалтай нь том олигархи гарч ирээд МАХН-ын дарга болчихоор Ц.Шинэбаяр нарын нөхдүүд салаад өөр нам байгуулсан гэж харж байгаа.
-МАХН-ынхан 2008 онд хуучин намаас нэр дэвшсэн гишүүд намдаа ир гэсэн уриалгыг гаргасан. Энэхүү хүсэлтийг биелүүлэх хүмүүс МАН-д байгаа юу?
-Н.Энхбаярын хүсэл хязгааргүй. Алтан загасны эмгэн шиг хүссэн ч тэр бүрд нь таардаг хууль гэж юу байх вэ дээ. Ер нь энэ хүнд сэрүүн зүүдэлж байгаа зүйл зөндөө байгаа байх.
-Ирэх оны сонгуулиас хүмүүс өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байна. Энэ зүйл биелэх боломжтой юу?
-Нэн тэргүүнд сонгууль шударга болоосой. Гэхдээ энэ нь дан ганц сонгуулийн тухай хууль, эрх зүйн орчин бус өөр хүчин зүйлс байгаа. Түүнээс улс төрд нас хүйс, эр, эм байх нь хамаагүй. Гагцхүү эх орноо гэх сэтгэлтэй л байх хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хэр оновчтой хувилбар вэ?
-Ер нь анхныхаа хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа 50 хувь хүртэлх хувиар Монголын талын оролцоог нэмэгдүүлэх боломжтой. УИХ-ын тогтоолтой. Тэр дундаа хууль эрх зүйн орчинг нь сайжруулах шаардлагатай. Энэ асуудалд УИХ-ын гишүүд 100 хувь санал нэгтэй байгаа.
-МАН-ын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын дотоод зөрчил ил гарлаа. Дараагийн Засгийн газрын тэргүүнээр У.Хүрэлсүх болох төлөвлөгөөг МАН-ынхан дотроо зохион байгуулсан. Энэ бүх төлөвлөгөөг МАНын гишүүд бүгдээрээ мэдэж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Өөрсдөөс нь асуувал илүү хариулт олох байх. Одоогоор бидэнд энэ талын мэдээлэл алга.
Б.Пүрэвжав
URL: