Д.Батбаяр: Хамгийн сайхан нь Монголын уран бичлэг
Муутуу цаасан дээр бийрийг бүжиглүүлж монголчуудын бахархал болсон уран бичлэг амилахыг хараад сэтгэл хөдөлж, нүд баясна. Дэлхийд ганцхан босоо бичгээ урнаар бичиж олон улсын тавцанд таниулж, сурталчилж яваа уран бүтээлч Жалайр Д.Батбаяртай монгол уран бичлэгийн тухай ярилцлаа. Судлаач, уран бичээч, уран зургийн багш мэргэжилтэй тэрбээр “Монгол уран бичлэгийн түүх I, II” номоо өлгийдөн аваад удаагүй байгаа ажээ.
-Дэлхийд ганцхан босоо бичгээрээ уран бичиж, олон улсад эх орноо сурталчилж яваа таны төрж өссөн нутгаас ярилцлагаа эхэлье. -Миний аав Говь-Алтай аймгийн уугуул, харин би Улаанбаатар хотод төрсөн. Тэгэхээр Говь-Алтайн Хантайшир уулын хошуу хуучнаар бол Засагт хан аймгийн хүн юм. Миний багад сургуульд монгол бичиг заадаггүй байсан ч аав маань тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлдөг байсан учраас миний амьдралд ойр санагддаг байсан. 1990-ээд оны үед хүмүүс ардчилал гээд жагсаал цуглаан хийж бужигнаж байхад би тэднээс арай өөр зүйл сэдэж хийе гэж бодсон юм. Бас тохиолдлоор ч гэх үү, угийн бичгээ хөтлөх шаардлагатай болоход аав надад монгол бичгээр бичиж өгсөн. Тэр л үеэс монгол бичиг миний сонирхлыг илүү их татсанаас бие дааж сурахаар шийдсэн хэрэг. Ингэж явахад надад Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа маш их урам хайрласан. Тэр үед Ш.Чоймаа багш Монгол телевизээр монгол бичгийн хичээл заадаг байсан юм. Нэг удаа багш миний монгол бичгийн зурлагыг харчихаад “Телевизийн эхлэл, төгсгөлийн үгийг чи бийрээр бич” гэсэн даалгавар өгсөн. Тэгж би анх удаа монгол бичгээ бийрээр бичсэн дээ.
1990-ээд оны үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад монгол бичгийн хичээл заахаар болсон. Тэр үед монгол бичгийн үсгийн фондтой хэвлэх үйлдвэр байгаагүй. Тэгэхэд би нэгдүгээр ангийн монгол бичгийн сурах бичгийг бийрээр бичиж олон хувь хэвлүүлж байсан юм. 1987 онднамайгХүүхдийн ордонд багшилж байх үед “Үхэрчин хүү Цэрэндорж” дуунд гардаг өвгөн багш лимбэний хичээл заадаг байсан. Тэр хүн миний монгол бичиг сурах хүсэлтэйг мэдээд үлгэрүүдийг бийрээр бичүүлдэг байлаа. Би ч “Сайн бичсэн байна” гэсэн магтаалын үгийг сонсоод урамшиж, Ц.Дамдинсүрэнгийн “Зуун билгийн дээжис”-ийг монгол бичгээр бичсэн. Бичсэн зүйлсээ би одоо болтол хадгалдаг юм. Энэ бүхнээс улбаалаад ер нь монгол хүний монгол бичиг сурах авьяас төрмөл байдгийг ойлгосон. Гагцхүү хүмүүс оюун ухаан, биеэ дайчлахгүй болохоор эх болсон монгол бичгээ сурахгүй байгаа гэж боддог.
-Та монгол бичгийг бие даан сурахдаа ямар гарын авлага ашиглаж байв? -Миний аав ном их цуглуулдаг хүн байлаа. Би ч уран зургийн багш мэргэжилтэй болохоор ном цуглуулах сонирхолтой. Герман, Оросын урлагийн номыг хараад Монголынхоо урлагийн түүхийн тухай тийм ном бүтээхийг хүссэн ч тэр чиглэлийн номыг эрээд олддоггүй байлаа. Тиймээс судалгаа хийх зорилгоор 20 гаруй жил ном цуглуулжээ. Уран бичлэг бол Грекээс гаралтай хүн төрөлхтний гайхамшигтай урлаг, өндөр хэмжээний боловсрол юм. Би дэлхийн олон орны уран бичлэгийг судалсан. “Монгол уран бичлэгийн түүх I, II” номдоо Азийнх голдуу зургаан орны уран бичлэгийн жишээг оруулсан. Тэр бүхнээс латин бичгийн каллиграфийг анзаараад үзсэн чинь 3000-аад загвартай байдаг юм билээ. Уг номыг гадаадад амьдардаг миний нэг шавь өгсөн. Ингэж судлах явцад монгол уран бичлэгийн ном байдаггүйг анзаарч судалгаагаа улам гүнзгийрүүллээ. Тэгэхдээ монгол уран бичлэгийн талаар ярихдаа маш өргөн хүрээнд авч үзэх ёстойг ойлгосон. Ази каллиграфийн судалгааны том төвүүдтэй шүү дээ. Би энд нэгэн дурсамжтай зүйлийн талаар ярья. Монгол Улсын Төрийн шагналт, хэлбичгийн ухааны доктор Л.Түдэв багшийг “Үнэн” сонины эрхлэгч байхад нь газрын зураг шиг уран бичлэгийн төлөвлөгөө хийгээд үзүүлсэн юм. Тэгэхэд намайг маш сайхан хүлээн авч, дэмжсэн. Тэндээс би хайж байсан номоо олж, Л.Түдэв багшаас авсан юм. Улмаар уран бичлэгийн анхны номынхоо эхний нооргийг бичиж дуусгасан ч алдчихсан. 1993 онд Японд зохион байгуулсан уран бичлэгийн үзэсгэлэнд оролцохдоо гоё цүнхтэй болсон. Хотод ирэхэд тэр цүнхийг хүмүүс их сонирхож хараад байсан л даа. Тэр цүнхнээс болоод монгол уран бичлэгийн номын анхны нооргоо алга болгосон хүн дээ, би. Гэхдээ тэр талаар сүүлд нь бодоход намайг “Номоо улам чамбайруулж хий” гэсэн дохио байсан юм уу гэж бодсон. Тэгээд бүр нэг дэвтэр хийх ёсгүй юм байна гэж бодоод хоёр дахь номоо бүтээхээр болсон хэрэг.
-Монгол уран бичлэгийг судлах явцад энэ төрлийн анхны бүтээлийг хаанаас олдсон гэж үздэг вэ? -Их зохиолч В.Инжинаш уран зураг, уран бичлэг сонирхдог байсан. Тиймээс “Цагаан үүл” шүлгээ бичихдээ үүлтэй хослуулан бичсэн байдаг. Их зохиолч С.Буяннэмэх бас уран бүтээлдээ монгол уран бичлэгийг оруулдаг байжээ. Цаашлаад Чингис хааны чулууны бичгийг уран бичлэг гэж үздэг төдийгүй үүнийг чулуун судар буюу Монголын анхны уран бичлэг гэж тооцдог. Чингисийн чулууны бичгийг 1224 оных гэж үзэхэд энэ нь аль хэдийнэ боловсронгуй болчихсон уран бичлэг болж таарч байгаа юм. Тэгэхээр он тооллын хувьд үүнээс өмнө байсан хадны зураг уран бичлэгийн төрөлд багтдаг. Уран бичлэгийн урлагийг задалж үзвэл цаас бий болоогүй байх үед үүссэн урлагийн төрөл болж байгаа юм. Орчин цагт 1990 оноос хойш хэрэглэж эхэллээ. Монгол уран бичлэгийг дэлхийн өвд бүртгүүлэхэд 24 улсын шинжээчдийн 100 хувийн саналаар баталсан. Гадаад хүн монгол бичиг, монгол уран бичлэгийн талаар сайн мэдэхгүй ч манай дэлхийд ганцхан босоо бичгийг хараад гайхсан байгаа юм. Цагаан толгойн үсгийг бодвол монгол бичгийнх гайхамшигтай байдгийг мэднэ. Бүх эгшиг үсгээ бурхны ном адил дуудаж, гийгүүлэгчээ амилуулдаг. Манай босоо бичгийг дуурайлган бичиг үсгээ зохиохоор судалж байсан Масуда гээд араб судлаачийг сонирхож байлаа. Араб бичгийг хойноос хөндлөн бичдэг. Гэтэл тэр судлаач бичгээ босоо болгохыг мөрөөддөг болохоор араб бичгээ босоо болгож бичдэг хүн байж. Хүмүүс монгол бичгийг Арабаас авсан гэдэг. Гэтэл яг үнэндээ энэ хоёр бичиг соёлд ямар ч төстэй зүйл байхгүй. Агуулга, хэл, бүтэц, түүх нь тэс ондоо. Монгол бичиг маш цөөхөн тэмдэгтээр маш өргөн утга санааг тэмдэглэж болдог.
– Уран бичлэг бий болох явцдаа бидний бичиг соёлоос гадна ахуйн хэрэглээнд хадгалагдан үлджээ. Үүнийг та номдоо тамгаар төлөөлүүлсэн байх юм? -Аливаа хэлбэр дүрс нь тухайн цаг үедээ гүн ухаан, хэл соёл сэтгэлгээ, удам судар гэсэн зүйлийг тэмдэглэхэд үлддэг байжээ. VIII Богд соёмбо, дөрвөлжин үсэг, монгол бичгээр тамгынхаа үсгийг сийлж байсан. Энэ нь маш өндөр соёл юм. Түүнээс улбаалаад монгол уран бичлэгийн бас нэгэн төрөл нь тамга сийлбэр гэж үздэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн бичигтэй Гүег хааны тамга бий. Иймийн учир тамганы талаар нэлээд судалгаа хийсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай тамганы талаар хамгийн том судалгааг хийсэн байдаг. Би эртний тамгыг судалснаа номдоо оруулсан. Тухайлбал, Чингис хааны охины тамга байгаа. Ер нь тамгын бичээсийг сайн судлах шаардлагатай байна. Зарим хүн эрт цагт монголчуудыг Японд хүрэхээсээ өмнө живсэн гэж боддог. Гэтэл Японд Монголын зуутын цэргийн жанжны дөрвөлжин үсгээр бичсэн тамга одоо хүртэл хадгалаастай байна. Энэ бол гарцаагүй нотолгоо. Каллиграф бол зүгээр нэг бичиг үсэг биш. Үүнд оюун санаа, удам судар, түүх соёл хадгалагдаж үлддэг юм.
-Төрийн шагналт, хэлбичгийн ухааны доктор Л.Түдэв таны номыг сурах бичгийн хэмжээнд хүрэхүйц бүтээл болжээ хэмээн мялаалгын үгэндээ бичжээ? -Их эрдэмтэй, оюунлаг хүмүүс хүнд урам зориг өгдөг юм байна. Би уран бичлэгийн номоо гаргачихаад 2007 онд Америкийн Индианагийн их сургууль руу явсан. Тэнд надад бас нэг сайхан үйл явдал тохиосон. Индианагийн их сургуулийн Монгол судлалын захирал эрдэмтэн судлаач миний бүтээлээс номдоо дурдсан юм. Тэр хүн нүүдэлчин монголчуудын тухай ном бичсэн хүн. Тухайн үед би Индианагийн их сургуулийн урилгаар үзэсгэлэн гаргасан.
-Уран бичлэгээс гадна та “Навчин далавч” хайкугийн ном гаргажээ. Энэ номыг хэдий хугацаанд бүтээсэн бэ? -Хайку бол хүний дотоод ертөнц рүү нэвтэрдэг урлагийн төрөл юм. Би хайкугийн номоо гаргахдааяпонболонмонголуран бүтээлчдийн бүтээлд судалгаа хийсэн. Монголын хамгийн анхны хайкуг Б.Явуухулан, Ж.Лхагва нар бичиж байжээ. Хайку гэдэг нь богино дуу гэсэн үг. Япончуудын хувьд хайку далайн хөвөөн дээр байгаа хавч. Өөрөөр хэлбэл, ахуйн төвшнөөс дэлхийн тавцанд хүртлээ хөгжсөн урлагийн төрөл нь хайку юм. Үүнийг мөн өөрөөр алаг дэлхийг 17 үед багтаадаг гэж ч хэлдэг. Тэгэхээр дэлхийн аль ч оронд амьдарч байгаа хүн 17 үед багтаагаад хайкугаар аливаа зүйлийг илэрхийлэх боломжтой болчихжээ. Түүний адил би ч гэсэн хайкуг монгол “цонх”- оор харвал ямар байх вэ гэдэг үүднээс “Навчин далавч” номоо бичсэн. Энэхүү номыг гаргасан шалтгаан нь миний 32 хайкуг итали, франц хэлээр орчуулсан явдал юм. 32 хайкугаа гурван оронтой болгоод 100 болгочихъё гэж бодсон. Тэгэхдээ хайкугаа бийрийн урлагтай холбоё гэж бодоод элс, салхи, мөнх бус зүйл, хайр, монгол хүний тухай хайку бичсэн. Номд “Боть ном бол богинохон амьдралын бодлын хэлхээс” гэж бичсэн нь бий.
-Олон улсын каллиграфийн урлагийг судлахад хамгийн сонирхолтой нь аль орных байв? -Ер нь өнгийн цэцэгс шиг бүгд гоё л доо. Улс бүр уран бичлэгийн урлагаа тодорхой төвшинд хөгжүүлсэн байна. Гэтэл цаг хугацааны явцад манай уран бичлэгийн хөгжил 300 жилээр тасарчээ. Гэхдээ л хамгийн сайхан нь монгол уран бичлэг байгаа юм. Сурахад ч богинохон хугацааг зарцуулна. Жишээлбэл, хятадаар уран бичиж сурахын тулд хүн тухайн орны хэл соёлыг судлах шаардлагатай. Тиймээс тэр олон мянган ханзыг сурна гэвэл их хугацаа зарцуулна. Харин хэдхэн үсэгтэй монгол бичгийг сураад уран бичвэл асар богино хугацааг зарцуулна биз дээ. Тиймээс би ирээдүйн уран бичлэгийн мастерууд монгол бичгийг сурна гэдэгт итгэлтэй байдаг. Тэр нь ч эхнээсээ биеллээ олж байгаа.
-Таны уран бүтээлүүд гарсны дараа япончууд баримтат кино хийсэн гэсэн. Тэр кино хэдийд манай дэлгэцнээ гарах бол? -NHK телевизээс дэлхийн 100 өвийн талаар баримтат кино бүтээж байгаа юм. Түүнд монгол уран бичлэг багтаж, миний уран бүтээлийн талаар нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлэг Монголд хэзээ гарахыг сайн мэдэхгүй юм. Ямар ч гэсэн албан ёсны эрх авч гаргах хэрэгтэй гэсэн.
-Одоо та үзэсгэлэнгээ аль улсад гаргахаар төлөвлөж байна вэ? -Одоо гаргах уран бичлэгийн үзэсгэлэнгээ арай өөр хэлбэрээр гаргах бодолтой байна. Зураг, тамга, тэмдэг зэрэг олон зүйлийг багтаана. Гэхдээ ойрмогхон Хөх хот руу явахаар төлөвлөөд байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: