Сонгуульд өрсөлдөх МАН-ын хүүхнүүд тодорч эхэллээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн тов ойртож, намуудын нэр дэвшигчид албан бусаар эхнээсээ тодорч эхлэв. Иймд Ардын намаас сонгуульд нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүд гэвэл дараах хүмүүсийг нэрлэж болох аж.

“ТV5”-ын Д.Сарангэрэл. Тэрбээр Хөвсгөл аймагт нэр дэвшихээр зэхэж байна. Одоогоос жил орчмын өмнө Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн албаа гэнэтхэн хүлээлгэж өгсөн. Чухам тэр үеэс УИХ-ын 2012 оны сонгуульд өөрийгөө сойхоор бэлтгэж эхэлжээ. Ардын намын Бага хурлын гишүүн болсныхоо дараа төд удалгүй Удирдах зөвлөлд сонгогдсон.

У.Хүрэлсүхийг дагаж, Ардын намын нэрийг Социнтернд бүртгүүлэхээр Францыг зорьсон гэх зэргээс нь түүний улс төрийн карьер өсч байгааг харж болно. Өнгөрсөн зун Хөвсгөлд болсон Шадар ван Чингүнжавын ойг тэмдэглэх, Хотгойдын хурд наадмыг зохион байгуулах ажлыг гардан удирдаж, “ТV5” телевизээр шууд дамжуулан нэвтрүүлж байв.

Тэрбээр тойргийнхондоо таалагдахын тулд хэдийн хөдөлж эхэлсэн нь тэр байжээ. Д.Сарангэрэл өөрөө “ТV5”-ын, нөхөр Н.Базаррагчаа нь “Стимо” ХХК-ийн захирал. Тэгэхээр түүний сонгуулийн спонсороор нөхөр нь “ажиллаж” магадгүй.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон. Ургийн овгоо Чингүнжав болгон өөрчилсөн Эрүүл мэндийн дэд сайд ирэх оны сонгуульд төрсөн нутаг Хөвсгөлдөө нэр дэвших нь бараг тодорхой болжээ.

Шүдний эмч бүсгүйн хувьд МАСЭХ-ны дэд ерөнхийлөгч байснаа гэнэтхэн намынхаа Удирдах зөвлөлд орж, удалгүй С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байв. Түүний нэр энэ үеэс “С.Баярын татаасны хүн” гэх гуншинтайгаар улс төрийн хүрээнд дуулдаж эхэлсэн юм.

С.Баярын тойрог гэгдэх Хөвсгөлд 2008 онд нэр дэвшсэн боловч ялж чадаагүй. Анх О.Энхсайхан агсны тойрогт явуулсан нөхөн сонгуулийн үеэр С.Баяртай ойр ажилласан нь Ж.Цолмонгийн хувьд ирээдүйн баталгаа болсон гэлтэй. Нөхөр О.Оч нь Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг.

Гэхдээ түүнийг “Цолмонгийн нөхөр” гэдгээр нь хүмүүс сайн танина. Эрүүл мэндийн дэд сайдын сонгуулийн спонсор нь магадгүй С.Баяр ч байж болох юм.

“Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг. Газрын маргаанаас болж дүүгээ шүүхэд өгсөн гэгдэж байсан Б.Саранчимэг нийслэлийн Ардын намын дэргэдэх НАМЭХ-ы тэргүүн болоод удаагүй байгаа.

Тэрбээр Дундговь аймгаас нэр дэвших юм. Харин дүү Б.Наранхүү нь түүнийг дэмжихээр болжээ. Б.Наранхүү өнгөрсөн зун Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар зургаан “Ланд круйзер 200” машин бэлэглэж байв.

Энэ нь эгчийнхээ сонгуулийн ажилд оруулж буй анхны хувь нэмэр нь байжээ.

Цахилгаанчин мэргэжилтэй бүсгүйн хувьд одоогоор цаасан дээрх зураг төслөөс өөр юмгүй байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирлаар ажилладаг. Тэрбээр 2008 онд НИТХ-ийн төлөөлөгчөөр Налайх, Багануур, Багахангай дүүргээс сонгогджээ.

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл. “НИК”-ийн хувьчлалын ачаар “Петровис” компани нь Монголын нефтийн салбарт монополиудын нэг болсон. Түүнийг Н.Багабандийн хүн гэж нэрлэдэг. Тиймээс Н.Багабандийг Ерөнхийлөгч байх үед бизнес нь цэцэглэсэн гэх нь ч бий. Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс тэрбум ам.доллар босгосон “Энержи Ресурс”-ын консорциумд нэгдсэнийхээ ачаар Ж.Оюунгэрэл Монголын толгой баячуудын тоонд багтжээ. Чинээлэг бизнесменүүдийг ирэх оны сонгуульд сойхоор бэлтгэж байгаа Ардын намынхны хувьд “Петровис”-ын ТУЗ-ийн дарга хатагтай яах аргагүй гол сонголт нь юм.

Ш.Отгонбилэг агсны эхнэр Д.Туяа. Түүнийг энэ удаад төрсөн нутаг Дорноговь аймагт нэр дэвшиж магадгүй гэх. Гэхдээ түүний хүү “Петровис” компанийн гүйцэтгэх захирал О.Содбилэг Завхан аймгийн мандат авах гэж байгаа гэх яриа ч гарчээ.

Уг нь Д.Туяа нөхрийнхөө нэр хүндийн ачаар Монголын улс төрд ногоон гэрлээр орж ирсэн юм. Завханаас хоёр удаа улиран сонгогдож, дараа нь сайдын сэнтийд заларч байв. Гэхдээ 2008 оны сонгуульд ялалт байгуулж чадаагүй.

Одоогоор Эмийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа түүний хувьд “Өөрийгөө улс төрөөс холдоогүй” хэмээн тодорхойлсон нь сонгуульд дахин хүч үзэх гэж байгааг нь илтгэх мэт.

Хуульч Б.Долгор. Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны дэд дарга, Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэх зэрэг олон албан тушаалыг хашдаг тэрбээр шударга хуульчид тооцогддог.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүхийн тогтолцоог гацаанд оруулж байгаа хүн хэмээн нэг бус удаа шүүмжилж байсан юм. Хуульч хатагтайн хувьд 2008 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр бэлтгэн хандивын уулзалт зохион байгуулж байжээ.

Гэвч тэрбээр нэрээ дэвшүүлж чадаагүй. Хандиваар цугларсан мөнгөө буцааж тарааж ч бас чадаагүй юм.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ. Тэрбээр хариуцсан эмнэлгийнхээ ажлыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагад шалгуулахгүй хэмээн буцааж байсан нэгэн. Ирэх оны сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвших магадлалтай хүний тоонд орно. Сүхбаатар дүүргийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр олон жил ажиллаж байгаа. Өмнө нь 2008 онд МАХН-аас Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байв.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан. Тэрбээр дүүрэгтээ нэр дэвшиж магадгүй.

Өмнө нь 15 албан хаагчаа нэгэн зэрэг ажлаас нь халсан, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байж.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров. Түүний нэр Ардын намаас нэр дэвших хүсэлтэй бүсгүйчүүдийн тоонд багтах нь гарцаагүй.

Тэрбээр өмнө нь УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөж байв. Анх Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг байгуулж, эрх баригчдын үйл хэргийг шүүмжилснээр олон нийтэд танигдаж эхэлсэн юм.

Өмнөх сонгуулиар Иргэний эвслээс сонгуульд хүч үзэж байв.

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих