Хувьчлагдсан үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож эхэллээ

1993 онд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоолоо.

Тус үйлдвэрийг өнгөрсөн 2014 онд үйл ажиллагааг нь өргөтгөх, сайжруулах нэрийн дор 20 жилийн хугацаатай менежментийн хувьчлал хийсэн.

Үйлдвэрийг хувьчлах үеэр эрх баригч АН дотор нэлээд ширүүн тэмцэл өрнөж байсан тухай баримт хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ.

Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьчлагдснаасаа хойш буюу 2015, 2016 онуудад үйл ажиллагаа нь доголдоод байна.

Хэдийгээр тус үйлдвэрийн удирдлагууд ирэх гуравдугаар сар хүртэл түр зогсолт хийгээд байгаа гэх тайлбарыг өгөөд байгаа ч салбарын яам /Аж үйлдвэрийн яам/ нь энэ асуудалд албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаж, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Төмөрлөгийн үйлдвэрийн түүхэнд өвөлдөө сул зогсолт хийдэг, ажилладаггүй түүх байгаагүй гэдгийг ажилчид нь хэлж байлаа.

Хувьчлалын гэрээнд үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, үйл ажиллагааг зогсоохгүй гэж заасан байдаг аж.

Төмөр толгой, Төмөртэй, “Төмөртэйн төмрийн хүдрийн орд” зэрэг нилээд хэдэн орд газрыг эзэмшдэг, 20 гаруй жилийн түүхтэй, ган хайлах, хар төмөр хайлуулж бэлдэц, цутгамал төмөр, арматур хийдэг тус үйлдвэрийг QSC гэх компани дампууруулах хэмжээнд хүргэлээ гэх айдсыг үйлдвэрийн ажилчдын дунд бий болгоод байна.

Энэ талаар тус үйлдвэрийн ажилтан Г “Ажилтнуудад засвар үйлчилгээ хийнэ гэж хэлээд үйлдвэрийн ажиллагааг зогсоосон. Одоогоор засвар хийсэн юм байхгүй. Ер нь 2014 оны дөрөвдүгээр сар /хувьчлагдсан үе/-аас хойш үйл ажиллагаа жигдрэхгүй, хэвийн биш болсон. Манай үйлдвэр 1200 орчим ажилтантай. Ажилтан бидний хувьд цалингаа өгч чадахгүйгээс болоод зогсолт хийгээд байна гэсэн хардалттай байгаа” гэсэн юм.

Түүнчлэн, энэхүү төмөрлөгийн үйлдвэртэй “саахалт” оршдог Хөтөлийн цементийн үйлдвэр мөн л сул зогсолт хийгээд байна.

Тус үйлдвэрийг өнгөрсөн 2015 оны 10-р сард мөн л үйл ажиллагааг нь сайжруулах нэрийдлээр хувьчилсан. Гэвч үйл ажиллагаа сайжирсангүй, тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоожээ.

Уг нь хэдхэн сарын өмнө Төр, Засгийн удирдлагууд 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын цементийг бүрэн хангах хүчин чадалтай боллоо гэж тууз хайчлаж байсан.

Гэтэл улсын хэрэгцээг хангах нь бүү хэл, ажилчдаа цалинжуулж чадахгүй дээрээ тулжээ.

Тус үйлдвэрийн удирдлагууд одоогийн байдлаар 100 орчим хүнийг хууль бусаар ажлаас нь халжээ. Одоо ч гэсэн цомхотгол явагдаж байгаа гэдгийг ажилчид нь хэллээ.

Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 900 гаруй ажилчдаар дамжуулан өнөөг хүрсэн ч сул зогсолт хийж байгаагүй аж.

Дээрх хоёр үйлдвэрт ажилладаг хүмүүс өндөр цалинтайд тооцогддог байсан гэнэ. Гэвч хувьчлалын үр дүнд дээрх үйлдвэрүүд ийнхүү хаалгаа бариад байна.

АН-ынхан 1996-2000 оны хооронд төр удирдахдаа нилээд олон аж ахуйн нэгжүүдийг хувьчилж, үйл ажиллааг нь хэвийн үргэлжлүүлж чадахгүй зогсоож байсан гэдэг. Тэр түүх одоо ч давтагдаж буй бололтой.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих