Д.Ганбаяр: Надад их бахдам, баярлам, бардамнам сэтгэгдэл төрж байна
“Хурд” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай ярилцлаа.
-Та шинэ оны босгон дээр, Үндэсний хувьсгалын ойн өмнөх өдөр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Төрдөө үнсүүлчихээд гарч ирээд аав ээждээ үнсүүлэхэд юу бодогдож байх юм?
-Надад их бахдам, баярлам, бардамнам сэтгэгдэл төрсөн. Бас 40 жилийн хөдөлмөр, 40 жилийн шинэ жил наадам, баяр, ёслол, Мартын 8-наар тоглосон тэр мөчүүд л бодогдлоо. Мэдээж төрөөсөө, Ерөнхийлөгчөөсөө шагнал авах тэр мөч бол миний амьдралын сайхан мөч байлаа. Би бас нэг талаас ардчилсан Ерөнхийлөгчөөсөө энэ шагналыг авсандаа бахархаж байгаа. Хоёрдугаарт, Төрийн ордноосоо гараад ирэхэд түмэн олон, дүү нар, найзууд, ах эгч нар маань үлээвэр найрал хөгжимтэй тосч авсан тэр агшин бас сонин, ховор тохиолдол байлаа. Би тухайн үед хэлсэн үгээ л давтаж хэлмээр санагдаж байна. Хийх гэж байгаа юмныхаа төлөө биш юмаа хийчихээд шагнал авах шиг сайхан юм байхгүй юм байна аа. Энэ шагналыг “Хурд”-ын Ганбаярт өгсөн шагнал гэж ойлгож байгаа. Хувь хүнийх нь хувьд өгчээ гэж ойлгож байгаа. Тэрнээс биш энэ бол “Хурд” хамтлагийн шагнал биш шүү дээ. Тийм учраас би “Энэ бол манай хамт олныг шагнасан шагнал” энэ тэр гэж хэлмээргүй байна. Арай эсрэг баймаар байна. Төр засаг Ганбаяр гэдэг иргэнийхээ хийсэн хөдөлмөрийг нь үнэлсэн нь сайхан байсан. Дотроо огшсон. Рок урлагт хөл тавиад 40 дэх жилээ үдэж, 41 дэх жилрүүгээ орох гэж байсан, он солигдох мөчид, шинэ оны босгон дээр ирчихсэн зогсч байхдаа шагнал авсан нь их гоё, сайхан санагдсан.
-Бас аав, ээж хоёр тань Төрийн ордны өмнө тосч авсан нь бүр сайхан санагдсан биз?
-Манай хоёр дүүг гавьяат авахад аав, ээж хоёр гэртээ хүлээж байсан юм. Манай хоёр хөгшнийх хотоос жаахан зайтай.
Бид Төрийн ордноос Цогоогоо, Отгонбаярыгаа тосч аваад бүгдээрээ машинтай цуваа татаад л аав, ээж рүүгээ л хамгийн түрүүнд давхи ж байсан. Энэ удаа аав, ээж хоёр минь хүртэл миний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, бас бидний гурав дахь хүү гавьяат авч байна гээд өөрсдөө ирсэн. Хоёр хөгшин ямар ч байсан Төрийн ордны гадаа хүрч ирж хүүгээ тосч авсан. Надад их гоё санагдсан. Энэ бол дахин давтагдахгүй.
-Гавьяат цолоо аваад гарч ирэх мөчид аав, ээж хоёр тань юу гэж хэлэв. Их л баярласан байх даа?
-Аав бол “Төрийн энэ хүндлэлийг л дааж явдаг юм ш дээ. Чамд том хариуцлага ирж байна шүү” гэсэн. Ээж маань болохоор “Хийсэн бүтээсэнд чинь өглөө. Дахиад ихийг бүтээ” гэсэн. Бас “Чи маш их эрч хүч, цэнэг авчихаж байгаа юм биш үү” гэдэг үгийг ээж хэлсэн. Аав, ээж хоёрынхоо тэр үгэнд өнөөдөр их бардамнаж байна. Бас сэтгэл өөдрөг байна.
-Урлагийн авьяас удам дагадаг. Аав, ээж хоёрын тань хэн нь урлагийн авьяастай вэ?
-Аав маань энэ жил 80 нас сүүдэр зооглож байна даа. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Дамба гэж хүн байна. Ээж минь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн. Одоо 76 настай. Ер нь бол бидний урлагийн авьяас ээжээс удамшсан. Манай ээж баянхуур сайхан тоглодог. 1950-иад онд УАДБЧ-д орно гээд ачааны машины тэвшин дээр суугаад л Завхан аймгийн Дөрвөлжин сумаас хот орж ирсэн хүн шүү дээ. Тэгээд хувь заяа, тавилан төөрөг нь тэгж таарсан юм биз дээ, урлагийн хүн болоогүй. Аавтай минь ханилж, хоёулаа төмөр замын ажилтан болчихсон. Гэхдээ цангинатал сайхан дуулна. Ээжийн минь энэ сайхан урлагийн мэдрэмж хүүхдүүд биднээр нь дамжин Монголын ард түмэнд хүрэхүйц бүтээл болж чадаж байна аа л гэж боддог. Манай аав бол гүндүүгүй сайхан эр хүн. Илүү дутуу хөгжим, дуу иймээ тиймээ юм байхгүй. Баянхонгор аймгийн Ламын гэгээний угшилтай. Тиймээс хэдий лам биш ч гэсэн бурхны ном уншина, хүүхдүүддээ сан тавьчихна. Ийм хоёр хөгшин байдаг юм. Одоо насныхаа тэтгэвэрт гараад хотоос холгүйхэн аж төрж байна. Нэг гоё юм нь аав, ээжийгээ байхад дөрөв дэх хүү нь гэр бүлээсээ гурав дахь гавьяат цол авсан нь бас л сайхан санагдаж байна.
-“Хурд”-ынхны урын санд аав, ээжийн тухай олон сайхан дуу бий. Тэр бүх дууг дуулахдаа хоёр буурлыгаа л боддог байж таараа. Аав, ээж хоёртоо зориулж, бүр захиалж ч юм уу, тэгж хийсэн дуу бий юү?
-Яг бид өөрсдийнхөө аав, ээжид гэж зориулж хийдэггүй. Зөвхөн аавдаа зориулъя, зөвхөн ээждээ зориулъя гээд хүмүүсийн нэг туйлшрал байдаг ш дээ. Нэрийг нь хүртэл оруулаад дуулдаг. Бидний хувьд тийм юм байхгүй ээ. Бид Монголын ард түмний хамтлаг. Монголын үе үеийнхэн, 80 настайгаас найман настай хүртэл хэн дуулж, сонсч, мэдэрч байна, бүгд л “Хурд”-ын дууг дуулдаг, сонсдог. Тийм учраас аавын тухай дуу дууллаа гэхэд “Монголын бүх сайхан аав нартаа зориулав” гэж бид дандаа хэлдэг. Ээжийн тухай дуу хийхдээ “Монголын бүх сайхан ээжүүдээ зориулж байна” гэдэг. Биднээс дүү, дөнгөж ээж болсон тийм ээжид хүртэл зориулж бид дуугаа дуулдаг. Одоо ч гэсэн аав, ээжийн тухай нэг сайхан шинэ дуу гарчихсан байгаа. Тэр бүх дуугаа өөрсдийнхөө аав, ээжид зориулсан юм шүү гэж аминчлах тийм бодол, үзэл байхгүй. Тийм хүмүүжил ч байхгүй.
-Та 1990-ээд онд Орос явж тарваганы арьс зарж олсон мөнгөөрөө анхны гитараа худалдан авч “Хурд” хамтлагийг байгуулж байсан гэдэг. 1990 оноос өмнөх Ганбаяр хаана юу хийж явсан бол?
-Би 1975 оноос хойш гээд тоолбол 40 жил рок урлагт зүтгэжээ. Юу эсийг үзэх билээ. 1981 онд аравдугаар ангиа төгсөөд Украйны Донецк хотын барилгын сургуульд суралцахаар очиж байсан. Очингуутаа сургуулийнхаа хөгжмийн хамтлагийнх нь бөмбөрчин болсон. Тэнд украйн залуучуудтай хамт тухай үеийн “Машина времени” хамтлаг болон София Ротару, Юрий Антонов нарын дууг дуулдаг байлаа. Надад тэдний хамтлаг гологдож байсан л даа. Анх гадаад оюутнууд ирлээ гээд танилцах үдэшлэг хийсэн чинь тэрэн дээр сургуулийн хамтлагийн бөмбөрчин нь бидний хэлдгээр шал мяа тоглосон байхгүй юу. Тэгэхээр би багшдаа “Би энэ бөмбөр дээр нь тоглоё. Дахиад яг энэ дуугаа тоглоотох” гэлээ. “Шинэ эргэлт” гэсэн нэртэй “Машина времени” хамтлагийн дууг дуулсан юм тэд. Тэр дуугаа дахиад дуулаатах, би тоглоё гээд гараад арьсыг нь хуулаад хаячихна биз дээ. Тэр үед би чинь аль хэдийнэ долоон жил бэлтгэгдчихсэн бөмбөрчин байсан байхгүй юу. Тэгээд Украйны хамтлагтай гарч тайзан дээр тоглоод тэрнээс хойш тэнд тодорсон. Тэр цагаас хойш миний энэ хөгжмийн амьдрал ерөөсөө тасраагүй юм аа. 1984-1987 онд цэргийн гурван жил армид алба хаасан. Бас л тасраагүй. Халагдаж ирээд “Хурд” хамтлагаа үүсгэн байгуулах үйлсийн төлөө зүтгэсэн. Өнөөдрийг хүртэл явж л байна. Ингээд бодоод байхад нэг бахархмаар юм байгаад байдаг. Надад ерөөсөө бөмбөр, гитар тасраагүй он жилүүд байдаг юм. Монголын эстрад, рок, попын түүх бараг 45-46 жил болж байна. Үүний нэлээд хэсэг нь миний толгойд байдаг юм. Олон хамтлаг, дуучидтай 1975 оноос авахуулаад хамт байсан сайхан дурсамжууд надад бий.
-Алтан үеийнхэн гэж болохоор эстрадын тэр л анхдагчдын араас та хөл тавьсан байх нь?
-1975 онд манай Ц.Энхманлай ах, Я.Одсүрэн ах хоёр Төмөр замын вокзалын “Ногоон гэрэл” гэж хамтлаг байгуулаад, дараа нь 1976 онд “Айзам” хамтлаг байгуулагдаж байсан. “Ногоон гэрэл” хамтлаг байгуулагдаад Ц.Энхманлай ах, Я.Одсүрэн ах хоёр Төмөр замын соёлын ордонд бэлтгэл хийж байхад би жижигхэн нусанхай бацаан хажууд нь хараад зогсч байсан юм. Очоод бөмбөр дээр нь тоглочихмоор санагддаг үе байсан. Гитарыг нь бариад тоглочихмоор. Дотроо бол багтаад байгаа байхгүй юу. За би энэ дууг нь ингээд тоглох юм бол, бөмбөр дээр нь ингээд суувал гэдэг ч юм уу. Тэгэхэд эд нар шинэ бөмбөрчинтэй харьцаад л их завгүй. Тухайн үед “Ногоон гэрэл” хамтлагт Сергей гээд оросын эрлийз, их гоё ах байдаг байсан. Өөрөө бөмбөрөө тоглож байгаад л босоод дуулдаг. Тэр бүхнийг хажууд нь хараад байж байлаа. Өнөөдөр би энэ ах нартайгаа зэрэгцчихсэн, гавьяат гэдэг цолонд хүрчихсэн байна. Миний хувьд Манлай, Одсүрэн ах нар бол мөрөөдлийн хүмүүс байхгүй юү. Би хэзээ эд нар шиг болох бол гэж бодож байсан чинь өнөөдөр зэрэгцээд нэг тайзан дээр “Харанга”, “Хурд” хамтлаг гээд тоглоод явж байна гэдэг их гоё, бахархмаар. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр манай залуучууд, хүүхдүүд ч гэсэн аливаа зүйлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно гэж нэг сайхан үг байдаг ш дээ. Аливаа нэг зүйлийг эрхэм болгоод байвал, түүнийхээ төлөө үнэнч яваад байвал бурхан ч хардаг юм байна, түмэн олон ч хардаг юм байна, төр нь ч хардаг юм байна.
-“Харанга”, “Хурд” нэг тайзан дээр тоглож явсан гэснээс одоо бас хамтарч тоглолт хийх сураг гараад байгаа. Хэзээ бут авах гэж байна?
-Одоогоос 15 жилийн өмнө хамтарч тоглолт хийж байсан байна аа, бид. Бөхийн өргөө дөнгөж байгуулагдаад байхад хоёр өдөр дараалан тоглож байсан. Их сайхан, мундаг, өргөн, том цар хүрээтэй тоглолт болсон. Тэрнийхээ дараа Дархан, Эрдэнэтээр бас тойрч тоглож байсан. Тэр цаг үе бас дахин давтагдаж байна. Удахгүй “Харанга”, “Хурд” хамтлагийн “Хамгийн хамгийн” гэсэн нэртэй шилэгдмэл дуунуудын хамтарсан тоглолт болно. Мэдээж гурван цаг орчим болох байх. Бэлтгээд л байна. Ер нь удахгүй. Бусад асуудлыг цаг нь болохоор дэлгээд өгнө өө.
-Шинэ тоглолт хийх бүрт ямар мэдрэмж төрдөг вэ. За яадаг бол гэж эмээх үү, эсвэл олон тоглолт хийсэн болохоор болно доо гэж бодох уу?
-Үгүй ээ. Ханасан сэтгэл гэж надад байдаггүй. Би хэзээ ч үзэгчид хараад тоглож байхад харин омогших сэтгэл их төрдөг болчихоод байгаа юм, сүүлийн үед. Үнэхээр “Хурд” гэдэг хамтлаг орчин цагийн хэллэгээр брэнд гэдэг шиг тийм лого үсэгтэй ч болчихож, брэнд дуутай ч болж, брэнд хамтлаг болжээ. Монголоо төлөөлөөд, монгол хэлтнүүдээ төлөөлөөд дуулахад дэлхийн аль ч оронд байгаа бүхий л монголчууд маань сонсдог. Ийм л хамтлаг болсон байна. Миний хувьд их л бахархах сэтгэл төрдөг юм. Үзэгчид гоё байх тусам манай дүү нар, манай хамтлагийнхан бүр илүү гоё тоглоод байгаа юм шиг санагддаг. Ер нь тэгээд их гоё энерги л аваад байх шиг байгаа юм, тийм ээ.
-Ер нь “Хурд”-ын тоглолтуудыг үзэж байхад үзэгчид суудал дээрээ суугаад байдаггүй, дуу эхлэнгүүт л босоод ирдэг ш дээ?
-Ерөөсөө манай тоглолт бол хөлбөмбөгийн хаалтын тоглолт шиг гэж би ярих дуртай л даа. Гоол орохоор үзэгчид босчихдог шиг яг нэг оргил дуу явахаар босоод ирдэг. Уянга, бодролын аястай, ээж, аавын тухай, эх орны тухай ч гэдэг юм уу бас нэг юм бодогдмоор дуу тухайлбал “Нулимсаа тэвчье” эсвэл “Аавдаа би хайртай”-г дуулахад хүмүүс нүдэндээ нулимстай буцаад суучихдаг. “Цэргийн бодол”, “Алив бос”, “Чоно” энэ тэр яваад ирэхээр ёстой босоод ирнэ. “UB palace”-аар төсөөлөхөд тэр гурван мянган үзэгч ертөнцөөс тасардаг гэж боддог ш тээ. Тийм гоё энерги. Нэг заалан дотор бүгдээрээ бие биеэ хараад тэгж дуулна гэдэг бол бидэнд ч гэсэн гоё. Тайзан дээр зургаа долоохон л хүн байна. Гурван мянган хүнийг нэг зэрэг дуулуулна гэдэг чинь, дуулуулахдаа бас бүр гоё омогшилтой дуулуулна гэдэг сайхан. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй, нулимстай, бардамналтай, дайчин, эрэмгий болгож дуулуулдаг хамтлаг бол энэ “Хурд” гэж брэнд л юм байна гэж ойлгодог.
-Одоо хэдэн тоглолт хийчихээд байна вэ. Мөн цомог хэдийг гаргасан бэ?
-Улаанбаатар хотдоо бид нийт 26 удаа тоглолт хийсэн байна. Цомог гэвэл 16 дахь цомог нь “Нарлаг диваажин” нэртэйгээр гарах гэж байна. “Нарлаг диваажин” гэж яагаад нэрлэсэн гэхээр та түрүүн асууж байна, эх орны тухай дуунууд чинь дутагдаад байна уу, ээж, аавын тухай дуунууд тасалдаад байна уу гэж. Эх орон ч байна, ээж, аав нь ч байна, элбэрэл хайр нь ч байна бидний цомогт. Характертай, хүн чулуу шиг хүмүүс Монголд их олон болчихож. Хөлдүү бодол сэтгэлтэй хүн ямар ч олон болчихсон юм. Энэ нийгмээ, яг цаг үеэ хараад дуулсан дуу маш олон байгаа. 20 дуутай хоёр цомог, нэг ёсондоо double CD гарч байгаа юм. Энэ дотор ер нь монгол хүний бүх л араншин байгаа даа. Цаг үеийн бүх мэдрэмж энэ дуунуудад шингэсэн байгаа. Тун удахгүй цомог маань хэвлэгдээд ирнэ ээ.
-Монголын урлагт “Хар салхи” үлээн орж ирсэн “Хурд” хамтлаг байгуулагдаад 23 жил болжээ.
-Тийм, одоо 24 дэх жилдээ орж байна. Тэгэхээр “Хурд” хамтлаг надаас 16 насаар дүү байгаа биз. Миний рок, попын түүх бол яг 40 жил. Одоо би 41 дэх жил рүүгээ орсон. Мэдээж би маш их эрч хүчтэй байна. Маш их юм хиймээр санагдаж байна. Гэхдээ онгирохгүй. Надад тийм онгироо зан байхгүй. “Хурд”-д сагсуу зан байхгүй. Бусдыг муулж, мяалж, сайшааж магтахыг ч хүсдэггүй. Өрсөлдөгч байгаасай л гэж боддог.
-“Хурд”-д өрсөлдөгч байна уу?
-Байх ёстой. Бид өрсөлдөгчгүй байгаад, өөр бусад хамтлагууд минь байхгүй бол “Хурд” ганцаараа Робинзон Крузо биш шүү дээ. Арал дээр шидэгдсэн хэдэн сэгсгэр хүүхдүүд биш шүү. Бидэнд өрсөлдөгч байгаа. Манай рок, попын гал тогоонд ч байгаа. Мөн урд зүгт, баруун хойшоо ч байгаа янз янзын хамтлагууд чинь л бидний өрсөлдөгчид. Азийн хамтлагуудтай ч гэсэн бид өрсөлдөөд л явж байна. Энэ монгол гэсэн имижээрээ л бид өрсөлдөх гээд байна ш тээ. Монголдоо гэх юм бол бид өрсөлдөгчгүй ээ гэж худлаа онгироод яах вэ. Байх ёстой шүү. Манайхан юм хийгээрэй, наад нойрноосоо сэрцгээ. Шинэ, гоё хамтлаг гарч ирээсэй гэж маш их хүсч байна. Бүгдийг хамарсан тэмцэл л баймаар байна, цагаан атаархлаар үзэлцмээр байна.
-Ийм шүүмжлэлийг бол та байнга хэлдэг. Шүүмжлэлд тань ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байна уу?
-Нэг тийм цэвэр цагаан атаархал, өрсөлдөөнгүй болчихлоо. Амьд тоглодог хамтлагуудын дунд ан цав гарчихлаа. Энэ нэг талаасаа эмгэнэл. Яах вэ монгол хамтлаг гэхээр манай хөөмий, хархираа хийдэг этник хамтлагууд, ардын хамтлагууд зөндөө байна. Заримдаа хойшоо ухраад байх шиг санагдаад байх юм. Энүүхэндээ гэж хэлэхэд өвөрмонголын хамтлагуудын өнгөрөөд, туулаад ирчихсэн юмыг манай хамтлагууд одоо гарч ирээд хойноос нь гүйгээд байгаа юм шиг санагдаад байгаа. Одоогоос 15 жилийн өмнө өвөрмонголд ийм этник хамтлаг маш олон байсан. Хархираа, хөөмийтэй. Хөөмийлж ч чаддагүй, хөөмийлөх гээд хархирах гээд л. Одоо бол тэд яаж байна, өөр болсон. Өвөрмонголын “Хангай” гэж хамтлагийг харахгүй юу. Тэр хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн найруулгыг нь хийж байгаа Ялалт гэж залуу манай “Хурд” хамтлагийн хажууд арван жил боловсорсон. Биднээс маш их юм сурсан. Тэр залуу биднийг дагаж, манай байранд ирж, биднийг очих болгонд манай тоглолт болгоныг дагаж, ёстой өвөр түрийндээ орсон ах дүү нар шиг явсан. Бидэнтэй, Отгонбаяртай ойрхон явж байгаад тэр хүн биднээс тос гаргаж авч чадсан байна гэж би ойлгож байгаа. Тэр “Хангай” хамтлагийн хийж байгаа оранжировк найруулгыг харахад манай энэ этник хамтлагуудаас арай л илүү алхаад байх шиг.
Манайхан бас хэтэрхий удаад байна. Орон зайгаа алдаад байна. Хийх юм бол ална л даа. Манайхан уг нь сайн хийнэ. Тэгээд эстрад талаасаа гэх юм бол бэлэнчлэх нь их. Гитар барьсан хөвгүүдийн хамтлагууд гарч ирээд байх юм. Хуулбарлаад байна аа. Бэлэнчлээд байна. Толгойгоо ажиллуулахгүй болчихож. Тэгэхээр үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр монгол хамтлаг бий болгомоор байна. Монгол үнэртэй хамтлаг баймаар байна. Монгол агуулгаа хадгалах ёстой. Харваас монгол байж америк шиг дуулаад бид хойноос нь хөөгөөд гүйцэхгүй. Тэд чинь урт хөлтэй, мориор ярих юм бол хөл урт, салтаа уужим тийм хурдан тоомсог морьд аль хэдийнэ яваад өгчихсөн. Хойноос нь гүйцэхгүй ээ. Хэцүү ш дээ.
-Монгол поп гэдэг шиг монгол рок байх ёстой гэсэн үг үү?
-Тийм монгол рок, монгол поп байх ёстой. Үүнийг л бий болгохын төлөө зүтгэж байна. Бидний замнал бол энэ. Гэхдээ шууд шатан дээгүүр гүйгээд юм уу, лифтэнд суугаад л Монголын рок, Монголын поп хийнэ гэж байдаггүй юм. Лифтэнд сууж болохгүй. Шатаар алхах ёстой байхгүй юу.
Жинхэнэ хоёр хөлөөрөө явах ёстой, хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж жинхэнэ монгол поп бий болно, монгол рок бий болно.
-Таны түрүүнд хэлдэг рок, попынхны ангал яг юунаас болж үүсэв?
-Ерөөсөө л энэ компьютержсэн бэлэнчлэх сэтгэлгээ, хоёрдугаарт өрсөлдөөн үгүй болчихож. Өөрөө л болж байвал болоо. Таван залуу нийлээд л энүүхэндээ дуулаад л. Чи минь яагаад байна, цас над дээр орж байна, чам дээр бороо орж байна уу ч гэдэг юм уу. Нэг тийм явцуу үгтэй. Гоё үг ч бичихээ байчихсан. Цензур байхгүй болчихсон. Бидний гарч ирж байх үед байгууллага болгон, хотын 10 жилийн сургууль болгон цахилгаан хөгжимтэй хамтлагтай, өрсөлдөөнтэй байсан. Улс төрийн дууны хамтлагууд гэж бий болж байсан хэдий ч цаанаа асар том өрсөлдөөн байсан. Тэрний л нэг үргэлжлэл “Хурд” өнөөдөр яваад байна. Би “Чоно” хамтлагийг ч хэлмээр байна. Шинээр гарч ирж байгаа “Аадар” гэж хамтлаг байна. Эд нарыг битгий лифтэнд суугаарай л гэж хэлмээр байна. Хөгжмийн урлагт лифт гэж байж болдоггүй юм.
-Ерөөсөө урлагт лифт гэж байхгүй шүү дээ.
-Тийм. Шатаар, шат шатандаа олс, модоор хийсэн шат, бүр байгалийн шатаар эхэлж алх. Паркетан шалан дээгүүр алх. Тэгж учраа мэдсэний дараа энэ хамтлагууд чинь найгаж ганхахгүй бат суурьтай болж эхэлнэ. Тэрнээс биш шууд бэлэн хоол аваад пиццаг шарах шүүгээнд хийгээд халаагаад идэж байгаатай адилхан хамтлаг байгаа учраас амттай нь мэдэгдэхгүй, тухайн үедээ гоё юм шиг санагдаад л. Онцгүй пицца юм уу даа гэж хүн болгон л бараг ярьдаг шүү дээ. Тийм учраас пицца хүртэл олон янз байгаад байна.
-Энэ дээр манай шагналыг тогтолцоо, нийгэмд тогтсон буруу хандлага бас нөлөөлж байх шиг. Олонд танигдах гэж хичээдэг, тэгээд дараа нь шагнал авах гэж зүтгэдэг?
-Монголын урлагийнхныг их буруу хандлага руу оруулсан хүмүүс манай улстөрчид гэж би боддог юм. Телевизээр л гарч байвал өөрийгөө гоё гэж боддог хүн улс төрийнхөн дотор зөндөө байна. Манай урлагийнхан уг нь тийм байгаагүй юм. Телевизээр гарахын тулд хөдөлмөрлөж байсан юм. Телевизэд тоогдож эфирт нь гарахын тулд хөдөлмөрлөж байж өөрийнхөө чадлаар гардаг байсан чинь одоо улстөрчдийг дууриагаад юуг ч хамаагүй яриад, юуг ч хамаагүй хэлээд зурагтаар л гарч байх ёстой л юм байна л даа. Тэр нь буруу зам руу хөтөлсөн. Үүний цаана юу вэ гэхээр төрийн бодлого буруу байгаа учраас буруу бодлогыг нь дагасан урлагийнхан буруу замаар л яваад байна уу даа гэж л дотроо боддог юм ш тээ.
-Та П.Цагаан даргыг сайд байхад нь уулзаад шагналын талаар нэг хатуухан үг хэлсэн гэдэг байх аа?
-Хэлсэн. “Соёлын тэргүүний ажилтан”-аа болиоч ээ гэж орж хэлсэн юм. “Наадахь чинь үнэн л дээ, үнэн” гээд байсан. СУИС-ийг дагадаг тэмдэг болчихоо юу. Тэр ромбоны доор нь ороод байгаа юм уу, энэ чинь юу болж байна аа. Насаараа аваагүй хөгшчүүд өнөөдөр “Соёлын тэргүүний ажилтан”-ыг мөрөөдсөөр байгаад ертөнцийн мөнх бусыг үзэж байна. Хөдөө нутагт ажиллаж байгаа, орон нутгийн театрын маш олон уран сайханчид байна. Бүр насаараа бүжиглээд, жүжиглээд “Соёлын тэргүүний ажилтан” ч байхгүй ингээд л нүд аньж байна.
-“Нисванис”-ын Амгаа “Би “Соёлын тэргүүний ажилтан” авч рокийн нэр хүндийг унагахгүй ээ” гэж хүртэл хэлж байсан шүү дээ?
-Тэр бол зөв хэлсэн байна. Үнэхээр хавтгайрсан. Одоо ч гэсэн хэвээр. Сонгуулийн шоуны тэмдэг болоод хувирчихсан. Харамсмаар юм их байна аа. Ер нь улс төртэй хутгаж ярих юм бол дампуу болчих гээд байна. Урлаг урлагаараа л баймаар байна.
-Та 2000 оноос хойшхи гавьяатуудыг нэг халз дуудсан байх аа?
-Тэгсэн. Ер нь хэцүү байна ш дээ. Лифтээр давхичихсан олон гавьяатуудад л би хандсан юм. Лифтэнд суугаад хэдэн давхарт гарснаа мэдэхгүй. Олон гавьяат төрлөө. Зохиолын дуу гэдэг нэрээр. Ер нь зохиолын дуу гээд яриад байгаа тэр хөгжмийн урсгал чиглэл нь монгол поп л юм ш дээ. Монгол поп хөгжмийн л бүх хэмжээ, хэрэгсэл. Энийг энэ зэрэгт хүргэж ирэх гэж л би 40 жил явсан юм. Энийг энэ зэрэгт хүргэх гэж манай Манлай ах эд нар 45-50 жил зарцуулсан. Тэр Д.Ухнаа гуайн амьдралын 50 жил нь үүний төлөө явсан юм. Эд нарт бэлэн хоолыг нь л тавьж өгсөн ш тээ. Монголын ардын урлаг ардын хөгжимтэйгөө л сайхан байсан. Өнөөдөр юу нь хоногшиж үлдэж байна. Яг эцсийн эцэст Адарсүрэн гуай, Түмэндэмбэрэл гуай, Банзрагч гуай, Оросоо гуай эд нар чинь л үлдэж байна ш дээ. Рок, поп чиглэлээр гэх юм бол Машлай ах байна. Манай “Баянмонгол”-ын Оюунчимэг эгч, Нандинцэцэг эгч, Ренчинханд гээд эд нар чинь өнөөдөр үлдээд байна. Түүх явсаар байгаад эргээд тэднийг сонсч байна. Гэтэл яг энэ үеийг 20 жилийн дараа үгүйлбэл энэ олон лифтний гавьяатуудаас хэн нь дурсагдах бол гэхээр дотроо сэтгэл гонсгор л байдаг юм. Аль дуу үлдэх бол. Тос даасан сайхан бүтээл байна уу. Цөөхөн дөө, тун цөөхөн. Дууг нь зохиож байгаа нь ч тиймхэн байна. Үгийг нь бичиж байгаа нь ч тийм байна. 20 жилийн дараа залуус “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна” гээд дуулаад зогсгүй л байх гэж бодож байна.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Тоглолтон дээр тань уулзъя?
-Баярлалаа. “Ардын эрх” сонинд бидний ярилцлага маш олон удаа гарч байгаа байх аа. “Ардын эрх” сонины бүх уншигчид, “Ардын эрх” сонинг бүтээгч сэтгүүлч, уран бүтээлчид та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Бүгдэд нь аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье. Монголчууд өөдөө хийморьтой, өөдрөг тэмүүлэлтэй, омог бардам байх болтугай.
С.Сонинбаяр
Ардын эрх сонин
URL: