Үндсэн хуулийн нэрнээс засгийн газар тогтворгүй болоогүй

olloo_mn_1421114779_vndsen-huuli

Архангай аймгийн Цэцэрлэг хотын ард түмний итгэлийг 25 жилийн өмнө хүлээж “Ардчилсан” тодотголтой Үндсэн хуулийг батлалцаж явсан депутатын нэг нь би. Үндсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй комисс тэргүүлж, Улсын Бага хурал хэдэнтээ хэлэлцэж боловсруулсан төслийг тухайн үеийн сонин хэвлэлүүд бүрэн эхээр нь нийтэлж төслийг суурь ферм, хэсэг бригад, албан байгууллагын хамт олны хурал цуглаан бүрээр депутат бид хэлэлцүүлж сонгогчдын саналыг нь авч, Улсын Их Хурлаар бүтэн хоёр сар гаруй хугацаанд хэлэлцэн зөвшилцөж баталж билээ. Ард түмний санал бодлыг сонсолгүй, “Үндсэн хуулиас болоод Засгийн газар тогтворгүй боллоо” гэх мөчиг үндэслэлийг хэлээд Их Хурлын хэдхэн гишүүн өөрсдийн санаа бодлоо биччихээд үүнийг хорь хоногийн дотор шийдвэрлэж Бүх ард түмний санал асуулгаар яаралтай шийдвэрлүүл гэж тулгаж, мугуйдалж байгааг хараад ийм ажилд оролцож явсан хүний хувьд сэтгэл гансарч сууна. Дэлхийд дээгүүрт орох Үндсэн хууль батлуулсан, Монгол Улсад ардчиллыг дархлаажуулсан гавьяатай улс төрийн хүчин гэж сайрхаж явсан Ардчилсан намын нөхөд өнөөдөр юу болоод ингэтлээ гүрийгээд байна вэ. Засгийн эрх барьж буй нам арай ч ингэж овлигогүйтэж болмооргүйсэн. Амьдрал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйл байгааг би мэдэрч бодож явдаг. Саяхан Их Хурлын сайтаас Үндсэн хуульд оруулах хуулийн төсөл гэгчийг хуулбарлаж аваад уншихад нэгдүгээр зүйлээс нь эхлээд гайхал төрүүллээ. Үндсэн хуулийн нэрийг “Монгол Улсын эх хууль гэж нэрлэсүгэй” гээд л өөрчлөлт, нэмэлтээ цувруулжээ. Үндсэн хуулийн ийм нэртэй байгаагаас Монголын 3асгийн газар тогтворгүйжээд, ард түмэн ажилгүйдээд, амьдрал нь доройтоод байгаа хэрэг үү. Ард түмэн Үндсэн хуулийнхаа нэрийг өөрчлөөч гэж шамдуулаад байгаа хэрэг үү. Ядаж Эх хууль гэдэг нэр чинь оноогүй байна. Эхээс үр хүүхэд үржин төлждөг нь үнэн ч, ганцхан эх үр төрүүлдэггүй, эцэг эх хоёрын дундаас үр хүүхэд төрдөг байгаль ертөнцийн жам хуультай. Төсөл санаачлагчдын төслийг дэмжээд, эцгийг нь орхичихож гээд “Эцэг эх хууль” гээд нэрлэе гээд олонх дэмжвэл яах болж байна вэ. Ард түмэн сэдэж хөндөөгүй, ач холбогдоп багатай ийм асуудлаас эхлээд улс төр үнэртүүлээд, өвгөдийн хайрласан нэрнээс гэрэвшээд байгаа нь буруу. Үндэстэй бүхэн соёолж үржин дэлгэрч,өөрчлөн хувьсч шинэчлэгддэг байгалийн хууль жамтай.

Иймээс хуулийн нэрийг өөрчлөх шаардлагагүй. Засгийн газар тогтворгүй байгаа нь Үндсэн хууль гэх нэрнээс болоогүй. Энэ хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 14 Засгийн долоо нь огцорсон нь хуулийн буруугийнх гэж донгодогчид бол Улс төрийн нам доторхи олигархи бүлэглэлийн хор найруулагчид, төлөөлөгчдийн санаархал, гадаад хүчний явуулга, өөрсдийнхөө бурууг нуун далдлах гэсэн арга заль гэж шударга хэлэх хэрэгтэй. Алтан нарыг алгаараа халхалж чадахгүй гэдэг өвгөдийн мэргэн үг бий. Энэ хуулиар байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллаж байсныг түүх нотолно. Энэ бол туйлын үнэн. Тэгээд гэм но юу байж вэ. Юуны түрүүнд улс төрийн намынхаа хуулийг боловсронгуй болгоод намаа төлөвшүүлж, авлига хээл хахууль, талцал, бүлэглэлээс нь ангижруул, Сонгуугийн хуулиа өөрчилж, сонгуулийн бүх шатны байгууллагыг Засгийн эрх барьж буй намын эрхшээлээс гаргаж, саналыг хэдэн тэрбумын үнэ өртөгтэй хар машинаар тоолохоо зогсоож, сонгуулийн дүнг шүүхээр намчирхаж шийдвэрлэдгээ хязгаарлах хэрэгтэй. Ингэвээс гэмүүд арилна. Төслийг уншиж тунгаахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Ерөнхий сайдад, нуулгүй хэлбэл улс төрийн эрх барьж буй намд өгөх гэсэн амин сүнс оршиж байна гэж ойлгогдож байна. Ийм арга замыг судлаачид хэлж байна гэдэг. Судлаачдын зарим нь улс төрийн намын захиалга, гадаад харь гүрний школьтой нөхөд олон байдаг. Бид “Хэрээ галуу дуурайж хөлөө хөлдөөж” болохгүй. Өөрийн ёс заншил, түүх гэж үнэлж баршгүй нандин өв, соёл бий.

Түүнийгээ ямагт дээдэлж, дагаж явах учиртай. Ингэхгүй байгаагийн илрэл нь Монгол Улс лав, эрх мэдэлгүй, хууль санаачлах эрхгүй, ард түмэн сонгогдохгүй, Венесуэлийн киноны хэлгүй авгай шиг, дохио зангаагаар ажилладаг Төрийн тэргүүнтэй болох юм байна. Төрийн тэргүүн чинь дэлхийд улсаа төлөөлдөг, ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлдэг, Аюулгүйн зөвлөлийг толгойлдог онц бүрэн эрхтэй ганцхан хүн шүү дээ. Түүнийг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 21 хүн сонгох юм гэнэ. Ингэхээр Төрийн тэргүүн нь сонгуульд олонх болсон Улс төрийн нмын дохио зангаа болно. Ерөнхий сайд аймаг хотын Засаг даргыг, аймаг хотын Засаг дарга нь сум дүүргийн Засаг даргыг, сум, дүүргийн засаг дарга нь баг, хорооны засаг даргыг томилно гэж байгаа нь эцэстээ “Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн амин сүнсийг тасалж, нэг намын мэдэлд өгөх далдын санаа агуулсан ардчиллаас ухарч боомилсон албан тушаал, эрх мэдэлд шунахайрагчдын санаархал харийн түлхээс гэх бодол төрүүлж байна. Орон нутгийн хурлыг сонгох эрхийг хязгаарлаж, жинхэнэ шавхайтай нь хутгаж хэрүүл тэмцлийн талбар болгохоор болжээ.

Наад захын жишээ, баг, хорооны Нийтийн хурлаас, сум хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгоно гэжээ. Багийн нийтийн хурал гэдэг чинь өнөөдөр болтол төлөвшиж чадаагүй, улс төрийн намуудын хийр хэл талцлын гол цөм нь шүү дээ. Хурлаа зарлахаараа өөрийнхөө намынхныг цуглуулчихдаг, ямар сонгуульд хэнийг, ямар намаа дэмжихээ сайн мэддэг, элдэв төсөл, тусламж болбол хүрээнийхээ хүмүүст хүртээчихдэг, амьдралын төвшин доогуур айл өрхийн бүртгэлд хэнийг оруулахаа баг, сумынхаа дарга нарынхаа дохио зангаагаар тэднийхээ таалалд нийцүүлээд сурчихсан хүмүүс удирддаг гэдгийг ард түмэн сайн мэддэг. Ийм хүмүүс удирдаж Иргэдийн хурал байдлаар төлөөлөгчдийг эрх тэгш, шударга, сонгуулна гэдэг хэрхэвч байж чадахгүй. Энэ бол сонгуулийн элдэв булхай, хэрүүл тэмцэл, хэл амнаас нам, эрх мэдэлтнийг холдуулж, булхай бүхнийг чихэх гэсэн далд санаа. Эндээс сонгогдсон гэх төлөөлөгчид аймаг нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох юм гэнэ. Ийм байдлаар ард иргэдийнхээ төрийн хэрэгт оролцож, сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж төр барилцах эрхийг дордуулж хэрхэвч болохгүй. Энэ бол Улс төрийн намын цадиггүй авир. Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоо нэмэгдсэн учир нэмэх шаардлагатай гэж тайлбарладаг ч Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн төлөөллийн тооны тухайд амаа чимхжээ.

Социализмын үед Улсын Их Хурал 430, аймаг 150, сум 50 депутат сонгож, хүн амын төлөөлөл өргөн байсан. Тэдэнд ямар ч хангамж байгаагүй, Ард түмний зарц байх учиртай тул үүргээ биелүүл гэдэг байсан. Үнэн хэрэгтээ Их хурлын гишүүдийн тоог 99 болгоно гэдэг чинь “Өөрсдөө сэнтийнээсээ буулгахгүй” “давхар дээлтэй”, өндөр хангамжтай, эрх мэдэлтэй байх гэсэн санаархал гэж хэлэхэд хилсдэхгүй. Зөвхөн Үндсэн хууль гэдэг нэрийг хассанаар сүүлийн хорин гурван жил баталсан, 400 гаруй хуульд өөрчлөлт оруулахаас эхлээд ямар их зардал, чирэгдэл гарахыг би төсөөлж чадахгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж гурван жилийн тэртээгээс ярьж эхэлсэн ч олигтой юм хийхгүй, ажил зохион байгуулахгүй суусаар цаг алдчихаад, нойрноос сэрсэн согтуу хүн шиг авир гаргаж түргэн түүхий юм хийхчээн болж тулган шавдуулж төр түмнээрээ тохуурхаж байгааг тэвчиж чадахгүй. Бүрэн эрх нь байгаа болохоор хууль өргөн барьж болно. Гэхдээ хууль зүйн дагуу ёс зүйтэй, эрэмбэ дараалалтай хийх хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн асуудлаар санал солилцох ажил Архангай аймагт хийж байна гэж би лав гурван жил дуулж сонсоогүй. Ийм мэдээ сонсвоос зөнөг өвгөн хэрэгт дурлаад очно. Улаанбаатарт “Иргэний танхим” дээр ярьсан гэж Их хурлын гишүүн нэг хүн ярихыг телевизээр сонссон. Ард түмэн иймэрхүү мэдээлэлтэй байж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухайд санал асуултад орж болох уу.

Яавч болохгүй. Цаг тавирч дулаарахаар наад зах нь зургаан сараас доошгүй хугацаагаар хэлэлцэх ёстой. Ард түмнээр хэлэлцүүлсний дараа Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёроос доошгүй хувилбар гаргаж, түүний аль хувилбарыг дагаж мөрдөх бэ гэдгээр санал хурааж, Ард түмний аль олон санал авсан хувилбарыг Улсын Их Хурал зөвхөн баталгаажуулж хууль гаргах хэрэгтэй. Ямар өөрчлөлт оруулах нь тодорхойгүй, “Дэмжинэ, дэмжихгүй” гэсэн битүү далд асуултаар санал авсан болж. Үндсэн хуулиа тоглуулахыг зөвхөн би биш, ард түмэн зөвшөөрөхгүй. Ач холбогдолгүй зүйлд олон тэрбум төгрөг зарцуулж болохгүй. Ёс суртахуунаа гээсэн, улс эх орныхоо эрх ашгийг огоорсон өнөөгийн Их Хурлын 76 гишүүн, улс төрийн намын захиалгаар хууль баталж хэрхэвч болохгүй гэсэн олон нийтийн саналыг хүндэтгэн дэмжиж байна.

Т.ЯДАМСҮРЭН
/Ардын Их Хурлын Цэцэрлэг хотын 71 дүгээр тойргийн депутат асан


URL:

Сэтгэгдэл бичих