Олимпийн медаль олгуулах талаар үгсэн хуйвалджээ

“World Series Boxing” (WSB) гэдэг олон улсын боксын лигт Азербайжанаас хэдэн сая доллар нууцаар шилжүүлснийг Би-Би-Си-гийн “Newsnigh” хэмээх телевизийн хөтөлбөр илрүүлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, лигийн удирдлага дээрх мөнгийг Азербайжаны боксчдыг ирэх оны Лондоны Олимпийн наадмаас хоёр алтан медаль авахуулах болзолтойгоор авсан байна. Азербайжаны иргэн нэгэн тэмцээний санд 9 сая доллар оруулсан болохыг Олимпын тулаанийг зохион байгуулдаг Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ үгсэн хуйвалдах замаар медаль хуваарилсан талаарх яриаг тус холбооны Ерөнхийлөгч Чинг-Куо Ву эрс няцаасан байна. “AIBA” бол Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын байгууллага бол харин “WSB” байгууллага нь “AIBA”-гийн дэргэдэх мэргэжлийн лиг ажээ.

Боксын лиг дэх эх сурвалжууд “Newsnight” хөтөлбөртэй холбогдож, “WSB” лигийн гүйцэтгэх захирал Иван Ходабахшийн талаар мэдээлэл өгсөн байна. АНУ-д байрлах тус байгууллагад санхүүгийн бэрхшээл тулгарч, мөнгө хэрэгтэй болжээ.

Эх сурвалжуудын хэлснээр, Ходабахш Азербайжаны боксчдод алтан медаль олгуулах болзолтойгоор тус улсаас нууцаар санхүүжилт авсан байна. “WSB” байгууллага одоо бэлэн мөнгөнд санаа зоволтгүй болсон. Азербайжанчууд алтан медаль хүртэнгүүт мөнгийг шилжүүлэх болно гэж Иван ярьж байсан” хэмээн “Newsnight” хөтөлбөрийн эх сурвалжуудын нэг нь хэлсэн байна.

Бас нэгэн эх сурвалжийн хэлснээр, Ходабахш өрөөнд орж ирээд “Азербайжанчууд ирлээ. Бид тэдэнд медалийг нь өгөх ёстой” гэжээ. Харин Ходабахш энэ мэдээллийг “илэрхий худал яриа” хэмээн эрс няцаасан байна.

“WSB”-гийн Америкт хүлээн авсан мөнгийг Швейцарийн хувийн компаниар дамжуулан шилжүүлсэн гэж “AIBA”-гийнхан үүний өмнө мэдээлсэн боловч Ходабахш болон “AIBA”-гийн ерөнхий захирал Хо Ким нарын Азербайжаны Онц байдлын сайд Камаледдин Гейдаровтой 10 сая долларын зээлийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсныг “Newsnight” хөтөлбөрийн олж авсан баримт бичиг нотолж байгаа ажээ.

Одоогийн байдлаар, нэрээ нууцалсан хөрөнгө оруулагч “WSB”-гийн Америк дахь дансанд 9 сая доллар шилжүүлээд байгаа гэнэ.

2009 он WSB гэдэг олон улсын боксын лигийг байгуулах санаа анх төрсөн тэр үед тус байгууллагыг эдийн засгийн хувьд чадамжтай эсэхэд үнэлэлт өгөхөөр спортын менежер Барри Хирн уригдаж байсан бөгөөд тэрбээр уг байгууллагыг мөнгө олох чадваргүй гэсэн дүгнэлт өгч байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих