Арбитрын тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй болно
Парламент шинэ оны анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Энэ долоо хоногт гишүүд ажилдаа идэвхитэй оролцоогүй, нам, эвслийн бүлгүүд болон байнгын хороод хуралдаагүй ч гэсэн оны өмнө хэлэлцэж байгаад орхисон зарим төслийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар үргэлжлүүллээ. Тухайлбал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Түүнчлэн Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оны Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй аж. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэнэ.
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолжээ. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм байна. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах аж.
Мөн уг хууль батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэдгийг салбарын сайд танилцуулав.
Энэ хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын загвар хуульд нийцүүлэн шинэчлэн баталснаар Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж байгаа тул өндөр төвшний арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг гадаадын арбитрын байгууллагад бус дотоодын арбитраар шийдэгддэг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах ёстой гэсэн саналыг гаргаж байжээ.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: