Ц.Оюунбаатар: Урьдчилан сэргийлэх ажил нь гамшгийн эрсдэлийг бууруулах гол суурь нь байх болно

1-8-2_700x700

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг агентлагуудаас хамгийн онцгой салбар бол Онцгой байдлын алба. Онцгой байдлын салбараа бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байна.  Эрхэлсэн сайдын хувьд онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба. Энэ онцгой үүрэгтэй албанд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдаараа үргэлж бахархдаг.

Зөвхөн өнгөрсөн жилд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байдаг. Аврагчдын амь насыг нь аварсан хүний тоо урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 гаруй хувиар, авран хамгаалсан эд хөрөнгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн.

Би хамт олны амжилтыг нэн тэргүүнд дурдаж байгааг ойлгож байгаа байх.  Аливаа байгууллагын амжилт бол хамт олны амжилт байдаг. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын салбарын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, аврагчдын үүрэг гүйцэтгэх чадвар, багаж, техник тоног төхөөрөмжийн хангалт харьцангуй дээшилж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болоод үе, үеийн асуудал хариуцсан сайд, дарга, удирдлагуудын хүчин чармайлт, хичээл зүтгэлтэй холбоотой. Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Энэ хөрөнгө оруулалтууд хийгдсэнээр Онцгой байдлын албаны чадавхи өмнөх жилийнхээс 2,3 дахин өссөн нь Монгол Улсын гамшигтай тэмцэх чадвар тодорхой түвшинд дээшилж байгаагийн илрэл юм. Үүнийг цаашид улам шат ахиулж, хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улс орны хөгжлийн бодлогод тусгах, олон нийтийн үйлс болгох, иргэд, олон нийтийн оролцоог хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг иргэдэд системтэй олгох, ололт амжилтаа ахиулж, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлэх ёстой.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл эхнээсээ нийлүүлэгдээд байна.

- Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг та яриандаа хөндлөө. Онцгой байдлын албаны хувьд хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн бэ?

- Онцгой байдлын алба өнгөрсөн онд хууль эрх зүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлэн ажиллалаа. Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орлоо.

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлууллаа. Энэ бүхэн гамшгийн эрсдэлийг бууруулах, шат ахиулах мэргэжлийн үйл ажиллагааны суурь бичиг баримтууд төдийгүй тус салбарт ажиллаж байгаа  албан хаагчдын нийгмийн баталгааг бататгаж байгаа юм л даа.

Бид цаашид, гамшгаас хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалаа батлуулж, Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онцгой байдлын албаны тухай хуулийг УИХ-аар шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.

- “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болж байна. Тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойллоо шүү дээ. Онцгой байдлын салбарын энэ жилийн гол зорилт юу байх вэ?

- 2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, айл өрх бүрт хүрч, тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг нь хангахад бүрэн чиглэсэн байх ёстой. Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэлээс ард иргэд, хэрэглэгчдийг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, давтамжтайгаар зохион байгуулах нь чухал байна.

Онцгой байдлын салбарт 2016 он “Аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх жил” байна. “Хэрэглэгчийн жил” байна, “Сахилга хариуцлагаа дээшлүүлэх жил” байх болно.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд илүү ойроос, иргэн хүнд энгийнээр ойлгомжтойгоор хүргэх, сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулахад анхаарах, төсөвлөсөн хөрөнгө, мөнгийг үр ашигтай, өгөөжтэй, хүртээмжтэй зарцуулна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын гол цөм нь сургалт байх ёстой. Сургах, сурталчлах гэдэг үгийг мартаж болохгүй.

Энэ бүхэнд иргэн таны оролцоо туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иргэд та бүхэн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсролыг олж авснаар  өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах мэдлэг чадвар, дадалтай болж, эрүүл, аюулгүй амьдрах хүмүүжил, орчныг бий болгож чадна.

Тиймээс иргэний үүргээ биелүүлж, төр засаг, мэргэжлийн байгуулагуудын үйл ажиллагааг дэмжиж, өгсөн анхааруулга, сэрэмжүүлгийг мөрдөж, нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хамтдаа эрүүл, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг бүтээцгээе гэж уриалмаар байна.

 Онцгой байдлын алба бол гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй хүргэх ёстой ариун алба. Тийм ч учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлнэ.

Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, албан хаагчдын  мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

-Бүсүүдийн удирдлагын төв байгуулах, гал унтраах ангиудыг шинээр нэмж байгуулах  асуудал яригдаж байсан. Эдийн засгийн хямралын үед төсөв хөрөнгийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлсэн, нэг ёсондоо хөгжлийн шинэ шатанд гаргана. Үүний тулд төр, засгийн дэмжлэг ч хэрэгтэй, онцгой байдлын салбарын албан хаагчдын идэвхи зүтгэл, санал санаачлага ч чухал.

Бид, энэ онд илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах ангийг шинээр байгуулах бүтэц, зохион байгуулалтыг хийж эхлээд байна.  Дорнод аймгийн Баяндун, Завхан аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Цогтцэций, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Хөвсгөл аймгийн Тариалан суманд байгуулах гал унтраах ангийн урсгал зардал болох 2.1 тэрбум төгрөг улсын төсөвт  тусгагдсан.

Мөн бүсийн удирдлагын төвүүдийг Улаанбаатар хот, Орхон, Өмнөговь, Ховд, Дорнод аймагт байгуулна.  Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалтаас гадна гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд тусламж үзүүлэх төрийн үйлчилгээг илүү ойртуулах, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.

2015-2016 онд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт нийт есөн аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байна.

Үнэхээр эдийн засгийн хямралын энэ үед хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амаргүй. Онцгой байдлын албаны албан хаагчдын хүнд хүчир ажил, мэргэжлийг Засгийн газраасаа эхлээд ард түмэн ойлгодог, мэдэрдэг болсны илрэл гэж бодож байна.

-Өнөөдрийн байдлаар хэдэн аймаг зудын хэмжээнд хүрээд байна вэ. Монгол Улсын Засгийн газраас ямар арга хэмжээг авч байна ?

-  Өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байна.

Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.

Бид аливаа болзошгүй аюул, осол, байгалийн гамшигтай араас нь биш, урдаас нь тосч урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх ёстой. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүйг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, орон нутагт тохиолдож байгаа эрсдэл, цаг агаарын мэдээллээс харагдаж байсан. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх “Шуурхай бүлэг”-ийг орон нутагт томилон ажиллуулж, эрсдэлийн үнэлгээ хийлгэлээ. Шуурхай бүлэг бүх аймгийн Засаг дарга нартай нэг бүрчлэн уулзаж, өвөлжилтийг эрсдэлгүй даван туулахад танай аймгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна, хэдий хэмжээний хөрөнгө, зардал шаардагдах вэ гэдэг санал хүсэлтийг авч, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

Шуурхай ажлын хэсгийн өвөлжилтийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээг үндэслэн Засгийн газрын 480 дугаар тогтоол гаргаж, улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн хэмжээ болон түүнийг тээвэрлэх зардлыг шийдвэрлэж, малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгийн Онцгой байдлын газар, хүн эмнэлэгт “УАЗ-31519” маркийн шуурхай албаны автомашин олголоо.

Эрүүл мэнд, спортын яамнаас он солигдохын өмнө Япон Улсад эмнэлгийн зориулалтаар үйлдвэрлэсэн түргэн тусламжийн Ниссан маркийн автомашиныг 12 аймагт 23 машин, нийслэлд долоон машин тус тус хүргүүллээ.

Одоо Засгийн газар өвөлжилт хүндэрч, түргэн тусламжийн автомашин шаардлагатай байгаа 15 суманд олгох машины зардлыг улсын нөөцөөс гаргуулахаар санал оруулж байна. Бид нэгдүгээр сард багтаан шийдвэрлэх болно.

Түүнчлэн улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэ төлбөргүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байна. Нийт 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэж орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэлээ.

Одоо бол орон нутаг өөрсдийн хүч бололцоогоор өвөлжилтөө ямар нэгэн хүндрэлгүйгээр даван туулчих байх аа гэж найдаж байгаа шүү. /инээв/

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйлийг асуумаар байна. Оны өмнөхөн “Ми-8” нисдэг тэрэгний осол болсон. Яг энэ үед “хуучин, шинэ” Шадар сайд нар нь онцгойгийнхоо даргатай “ёлкодлоо” гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан. Та үүнийг юуг гэж тайлбарлах вэ?

- Хувь хүнийхээ хувьд улс төрийн захиалгат энэ мэдээлэлд эмзэглээгүй. “Ми-8” нисдэг тэрэг унасан гэсэн мэдээллийг аваад бид мэргэжлийн удирдлагаар шуурхай ханган ажилласан. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг нэн даруй томилж, онцгой байдал, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын бүрэлдэхүүн ослын газарт ажилласан. Бэртэж, гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Шадар сайдын хувьд ажлын байран дээрээ Төрийн ордонд 21:20 цаг хүртэл байж цаг, минут тутам мэдээлэл авч байсан. Тэр орой онгоц уначих юм гэж хэн ч таахгүй шүү дээ, ослын дараах үеийн удирдлага, зохион байгуулалт алдагдсан, цаг хугацаа алдсан зүйл огт байхгүй.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын шинэ жил дээр 21:30 цагийн үед очиж баяр хүргээд цаг орчим болоод гарсан. Хэдий болтол хэдэн монголчуудыг хооронд нь хагалж, гүтгэж байхав дээ, болих хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч сахилгагүй, хариуцлагагүй, салан задгай байдлыг би огт тэвчдэггүй. Намайг өөрсдийнхөнтэйгөө адилтгах, будилах хэрэггүй.

Эх орон, ард иргэдийнхээ амар тайван, энх амгалан, амьдралын төлөө  халуун, хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, болзошгүй осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, төр, түмнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг нэр төртэй биелүүлж яваа Онцгой байдлын албаны албан хаагчид жилд ганц удаа баярлах эрхтэй шүү дээ.

Үнэндээ аюул, осол, гамшиг гэдэг хэлж ирдэггүй. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид маань олон нийтийн анхаарлыг татахын тулд бүх зүйлийг улстөржүүлж, бүхэл бүтэн салбарын нэр хүндэд халдахгүй байвал зүгээрсэн. Аливаа юманд ёс зүй, хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Ардчилал нэрээр сахилгагүй, салан задгай байдал гаргах, бодит үнэн байдлыг гуйвуулах, гүтгэхээ больж, улс орны хөгжлийн төлөө хамтран ажиллая.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих