Эмнэлгүүд цахим тогтолцоонд шилжиж, цаасан карт ашиглалтаас гарлаа

Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ нь төв эмнэлэг, мэргэжлийн төрөлжсөн төвүүд болон аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийг цахим тогтолцоонд шилжүүлж мэдээллийн нэгдсэн системтэй болгон гэсэн үг.Ингэснээр, цаасан картан дээр өвчний түүх бичих шаардлагагүй болж байгаа юм. Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж. Уг төсөл нийт 18.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Үүнийг эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, программ хангамж шинэчлэн сайжруулах болон хүний нөөцийг чадавхжуулахад зарцуулах юм.

Тодруулбал, эрүүл мэндийн нийт 112 байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвтрүүлэх юм байна.

Төсөл хэрэгжсэнээр Монголын хүн амын өвчний түүхүүд нэг системд шивэгдэн орж, эмч нар цаасан картан дээр гараар бичих шаардлагагүй болно. Иргэд цахим картаараа аль ч шатлалын эмнэлгээс харьяалал харгалзалгүй тусламж, үйлчилгээ авахад тухайн иргэний бүхий л мэдээлэл нэг программаас гарч ирэх юм.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал, өвчний түүхийг олон улсын стандартад нийцүүлэн нууцалж, аюулгүй байдал бүрэн хангасан мэдээллийн нэгдсэн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлнэ гэсэн үг. Ингэснээр эмнэлгүүдийн ачаалал багасан, өвчтөнөө удаан хүлээлгэх, шаардлагагүй давтан шинжилгээн хийхээ болихоос гадна зардал хэмнэх боломжтой. Мөн эмийн жорыг цахим хэлбэрт оруулснаар замбараагүй хэрэглээ багасна гэж ЭМСЯ-ныхан үзэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих