Б.Болд: Манай улс долоон оронтой ялтан солилцох гэрээ байгуулсан

ГХЯ-ны мэдээллийн цагт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаа, Консулын газрын захирал Б.Болд нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -“Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө тусгасан бэ?

-Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. “Зөгийн үүр” хөтөлбөрийн хугацаа нь үндсэндээ дууссан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөр түүний үргэлжлэл гэж ойлгож болно. Хөрөнгө мөнгөний хувьд энэ жил дотоод нөөц бололцоондоо тулгуурлаж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ирэх оноос улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж хэрэгжүүлэхээр Засгийн газраас чиглэл авч ажиллаж байна.

-Л.Пүрэвсүрэн сайдын Иранд хийсэн айлчлалын эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү. Нефть импортлох талаар санал тавьсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Гадаад хэргийн сайд Иран улсад арванхоёрдугаар сарын 23-24-нд айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Ираны Гадаад хэргийн сайдтай хэлэлцээр хийж, тус улсын Төв банкны дэд ерөнхийлөгч, Газрын тосны сайдтай уулзсан. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, мах экспортлох асуудлаар санал солилцсон. Газрын тосыг манай улс импортолж авах боломжийн талаар эхний ээлжид судалгаа хийе гэсэн тохиролцоонд хүрсэн.

-Япон улстай хийсэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт юу тусгасан бэ. Хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-Монгол Улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай байгуулсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр улсын парламентаар баталсан. Үүнтэй холбогдуулан манай тал олон улсын гэрээтэй нийцүүлэн дотоодын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах ёстой. Түүний нэг нь гарал үүслийн гэрчилгээтэй болох юм. Монгол Улсад үйлдвэрлэсэн гэдэг нь баталгаажсаны дараа хөнгөлөлт үйлчлэх, гаалийн тарифаас чөлөөлөх учиртай. Энэ хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, Байнгын хороонд хэлэлцээд явж байгаа. Тэгэхээр уг хэлэлцээр энэ оны нэгдүгээр улиралд багтаж хүчин төгөлдөр болно гэсэн хүлээлттэй ажиллаж байна.

-Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаар ялтан шилжүүлэх Хонконгтой хийх гэрээнд гарын үсэг зурахаар болсон. Ер нь өнгөрсөн хугацаанд манай улс хэчнээн улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан бэ. Хэдэн хүнийг Монголд авч ирээд байгаа вэ?

-Манай улс нийт долоон улстай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Түүний хүрээнд2014 онд таван иргэн, 2015 онд БНХАУ-аас нэг иргэнийг шилжүүлэн авч ирээд байна. Энэ онд БНХАУ болон бусад улсаас шилжүүлэн авч ирэх чиглэлээр Хууль зүйн яамтай хамтран ажиллаж байна. 2015 онд Европын холбооны Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ баталсан. Одоо конвенцид нэгдэн орох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Уг конвенцид нэгдэж чадвал бусад гишүүн 66 оронд ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ.

-Манай улсын 100 гаруй иргэн гадаадын шоронд хоригдож байна. Тэгэхээр тухайн иргэн өршөөлд хамрагдах хүсэлтээ гаргавал өршөөлд хамрагдаж болно гэсэн. Өнөөдрийн байдлаар ГХЯ-нд өршөөлд хамрагдах хүсэлтийг хэчнээн хүн гаргасан бэ?

-2015 оны байдлаар гадаадын 13 улсад 120 гаруй монгол иргэн ял эдэлж байна. Өршөөлд хамрагдах асуудлыг Хууль зүйн яамтай хамтарч судалж байна. Өнөөдрийн байдлаар өршөөлд хамрагдъя гэсэн хүсэлт манайд болон Хууль зүйн яаманд ирээгүй байна. Ойрын хугацаанд бид холбогдох газруудаар дамжуулаад тэдгээр иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр өршөөлд хамруулах боломжтой болон зарим мэдээгүй байгаа иргэдэд мэдэгдэнэ.

-Ар гэрийн хүн гадаад руу яваад ор сураггүй болчихлоо гэсэн гомдол хэр их ирдэг вэ?

-Иймэрхүү гомдол тасралтгүй ирж байгаа. Зарим нь гэрийнхэнтэйгээ тодорхой хугацаанд холбоо бариагүйн улмаас ар гэрийнхэн нь манайд хандаад хэсэг хугацааны дараа сураг гарах тал бий. Ер нь сураггүй болоод олон жил болж байгаа 40 орчим тохиолдол бий. Энэ чиглэлээр бид Элчин сайдын яамдтайгаа тогтмол хамтарч эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж, ар гэрийнхэнд нь хэргийн явцын талаар мэдээлэл хүргэж байна.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих