Ерөнхийлөгчийн хүүхдүүд 20 мянган төгрөг авдаггүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгох талаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзсан. Тэрбээр үүнийхээ дараа “Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн мэдэгдсэн юм.
Зарим иргэд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед амьжиргааны түвшин дээгүүр өрхийн хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөг өгөхгүй байх нь зөв гэж үзэж байгаа бол хүүхдүүдийг ялгаварлах хэрэггүй гэж үзэж буй иргэд ч байгаа.
Харин Ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ хүүхдийн мөнгөний талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Манай улсын 18 хүртэлх насны хүүхдүүдийн 86 хувь нь сар бүр 20 мянган төгрөг авдаг. Үлдсэн 14 хувь нь огт мөнгө авдаггүй. Жишээ нь би өөрийнхөө хоёр хүүхдэд 20 мянган төгрөг авдаггүй. Харин асардаг хүүхдүүдийнхээ мөнгийг авч нэрийн дансанд нь хадгалаад явдаг. Яг ийм байдлаар тухайн иргэд өөрийн хүсэлтээр бүх баримтаа бүрдүүлээд, хүссэн тохиолдолд хүүхдийн мөнгийг олгоно. Хүсээгүй бол өгөхгүй. Энэ зарчмаараа л явах нь зөв. Үүн дээр ямар нэг шалгуур нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэсэн юм.
Үүнээс гадна одоогийн яригдаж байгаа шиг халамжийн ажилтан амьжиргааны түвшинг тодорхойлж хүүхдийн мөнгө олгож эхлэх юм бол нэг сөрөг зүйл гарч болно гэж үзэж байгаа аж. Тодруулбал, халамжийн мэргэжилтэн “танай хүүхдэд мөнгө олгох эсэхийг шийдэх эрх надад байгаа” гэдэг хандлага гаргаж болзошгүй, хэрэв ийм тохиолдол үүсвэл сөрөг үр дагавартай байх болно гэсэн юм.
Дээрх асуудлуудаас үүдэн Ерөнхийлөгч хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хуучин жишгийн дагуу, иргэдийн өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэж өгөх нь зөв гэж үзэж байгаа ажээ.
URL: