Харуулын байрлалаа орхин зэвсэг, хэрэглэлтэй оргосон цэргүүдийг баривчилжээ

Энэ сарын 5-6 нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Тэшиг сумын Хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч хилийн манаанд гарах үедээ ор сураггүй алга болжээ. Тэд энэ оны нэгдүгээр ээлжээр татагдан алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар байсан юм. Байлдагчид хилийн манаанд гарахдаа зохих дүрэм, журмын дагуу буу зэвсэгтэй байсан аж. Тэднийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлж, цэргийн албанаас оргосон уу эсвэл өөр хүчин зүйл тэдэнд нөлөөлсөн үү гэдгийг олж тогтоохоор Тагнуулын байгууллага тэргүүтэй хууль сахиулах байгууллагынхан ажиллаж эхэлсэн аж.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд “Портер” машин хөлөглөн зугтсан бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагчид дуудлага авсан даруй даа шуурхай ажиллаж, өчигдөр шөнийн 01.00 цагийн орчим оргосон цэргүүдийг тусгай төхөөрөмж ашиглан баривчилжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Энэ талаар албаны эх сурвалж “2016.01.06-ны өдөр Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан ахлах байлдагч Г, Б нар хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад байрлалаа орхин оргосон зөрчил гарсан. Эдгээр байлдагч нь 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 23:00 цагаас, нэгдүгээр сарын 06-ны өдрийн 07:00 цаг хүртэл хилийн манаанд томилогдон үүрэг гүйцэтгэх байсан боловч тогтсон хугацаандаа харуулын байрлалдаа ирээгүй, байрлалаа орхин оргосон нь тогтоогдсон. Тухайн цэргийн алба хаагчид нь хилийн манааны табелаар олгогдсон зэвсэг, морин уналга, холбооны хэрэглэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд аж төрдөг хувь хүний тээврийн хэрэгслийг дээрэмдэн хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байсан” гэв.

Хил хамгаалах байгууллага, Хилийн тагнуулын алба, Цагдаагийн байгууллага цаг алдалгүй, нягт хамтран ажилласны дүнд хугацаат цэргийн албан хаагчдыг Сэлэнгэ аймгийн Орхоны гүүрэн дээр саатуулжээ. Тухайн хугацаат цэргийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй аж. Тэднийг ямар шалтгааны улмаас хилийн манаагаа орхин оргох болсныг тогтоохоор ХХЕГ-аас иж бүрэн тусгай бүлэг томилогдон, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн гэнэ.

Б.Төгөлдөр


URL:

Сэтгэгдэл бичих