Lexus 570-аар “худалдагдсан” Цэцийн шийдвэр үнэнд гүйцэгдэв
“Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бус Lexus 570 бий гэдэг” онигоо өчигдөрхөн тархлаа. Угтаа Ц.Нямдорж, Г.Уянга нарын гишүүдийн хийсэн шалгалтаар Цэцийн дарга нь шийдвэр гаргахдаа Lexus 570 машин авахуулсан нь тодорсон. Үүнээс үүдээд УИХ-ын дарга З.Энхболд Цэцийн дээр Lexus 570 бий ингэж шоглоход хүрсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд ч Цэцийн 9 гишүүн өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хууль тогтоож, сүүлдээ Үндсэн хууль тогтоодог сүрхий байгууллага болсныг сануулж байгаа. Тэгэхээр энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага нь иргэнийхээ эрх ашгаас илүүтэй улс төрийн өнгө аяс, намын харьяаллаар хөдөлдөг болсон гэлтэй. Тиймээс Цэцийн хуульдаа өөрчлөлт оруулахаар яаравчилж буй нь энэ биз.
Харин Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрээс болж найман хувийн орон сууцны зээлийн олголт зогсож, үүнийгээ дагаад олон эрсдэл үүсэн нь үнэн болж таарсан. “Мянга мэтгэлцэж, бидний шийдвэр хамаагүй” гэж ярих нь өнөөдөр ч зохисгүй болоод байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд Үндсэн хуулийн Цэц эрс буруу шийдвэр гаргасныг нотолчихлоо, өчигдөр. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн хуулиар бол тухайн өмчлөгч байраа өөр хүнд шилжүүллээ гэхэд түүнийг нь барьцаалаад бусдад худалдах, борлуулах ийм аюултай нөхцөлийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсанд хамаг учир байгаа юм. Тиймээс орон сууцны зээлийг олгоход эрсдэл учирснаас болж банкууд зээлээ татсан нь ийм учиртай. Тэгэхээр Цэц гэдэг байгууллага ямар дүгнэлт гаргаснаа “ухаарах” хэрэгтэй болж байх шиг байна. Хамгийн гол нь Цэц гэдэг байгууллагын дээр иргэний эрх ашиг буйг хэн хэн нь санаж, харалган шийдвэр нь итотекийн зээлээр зогсоогоосой билээ.
А.БИЛГҮҮН
newscom.mn
URL: