Нэр дэвшигчдээс бүтээн байгуулалт нэхье
Ардчилсан сонгууль өгсөн цагаас хойш 20 гаруй оныг үдэж, удаа дараагийн сонгуульд бэлэн мөнгө амласаар өнөөдөр мөнгө хэвлэхдээ тулаад байна.
Үнэн хэрэгтээ тэд мөнгийг сонин шиг хэвлээд тараах сонирхол байгаа. Тиймээс бид олон удаагийн сонгуульд оролцсон туршлагатай ард түмэн учраас магадгүй хэвлээд тараачих мөнгө төгрөг нэхээд хэрэггүй юм. Хамгийн гол нь бид их бүтээн байгуулалтыг нэхэх хэрэгтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт нэхэх хэрэгтэй. Өөрсдийнхөө сонгох эрхийг үнэлж сурах цаг нэгэнт иржээ.
Өнөөдрийн бидний сонгох эрхийг сар бүр олгодог 21 мянган төгрөгөөр үнэлчихсэн байгаа нь үнэн хэрэгтээ маш том доромжлол юм шүү. Тэгэхээр ирэх сонгуульд аль болох бүтээн байгуулалтад гар бие оролцсон, түүний төлөө ухаан санаагаа уралдуулж хөрөнгө хүч хаясан нөхдийг ногоон гэрлээр сонгоё л доо.
Хаа ч хэвлэчихэж болох 21 мянган төгрөг бол нэг таваг хоолны л мөнгө. Ядахад л замгүй гэр хороололд гурван километр хатуу хучилттай зам тавиулаад авахад л нэг насны хөрөнгө шүү дээ. Худаг усгүй газраа нэг сайхан худаг шинээр гаргуулаад авъя, нэг насны чандмань эрдэнэ тэр болно. Ядахад л эмх замбараа муутай нийслэлийнхээ барилга орон сууцны ойролцоо машины зогсоол барьсныг нь сонгоё л доо.
Түүнээс биш настангуудтай золгох нэрийдлээр 20 мянгатын дэвсгэрт бариад явж байгаа нөхрийг сонгоод бид ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлнө гэдэг тун ч бэрх. Тэр ч бүү хэл иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэж байгаа нам улс төрийн хүчнүүдэд Засгийн эрхээ өгөөд ирээдүйгээ харах ч бүрхэг шүү дээ. Тэр их мөнгөн дээрээ нэмж чаддаггүй юм гэхэд түүнийгээ нийлүүлээд жижигхэн ч гэсэн тохилог орон сууцны хороолол байгуулчихсан нам эвсэлд Засгийн эрхийг өгье.
Улс төрд санаархсан нөхдүүд энд тэнд бийлэгжүү загнаж, морь уралдуулан, бөх барилдуулж, сая саяар нь мөнгө цацаж, өөрсдийгөө сурталчилж байна. Энэ мэт нөхдийг юуны учир сонгох билээ. Тэр морь уралдуулж, бөх барилдуулаад байгаа мөнгөөрөө үржил шим сайтай шилмэл мал сүргийг бий болгосон нөхрийг, эсвэл тэр цацаад байгаа мөнгөөрөө хэдэн га-д ногоо тарьсан нөхрийг сонгоё л доо. Сургууль, эмнэлэг нь муудсан сум орон нутаг зөндөө л бий шүү дээ, энэ мэт зүйлд анхаарсан нөхдийг шууд сонгоно гэсэн бодлыг өөрсдөдөө бий болгох цаг иржээ. Бид тэдэнгүйгээр морио уралдуулаад, бөхөө барилдуулаад байж болно шүү дээ. Харин тэдний мөнгөгүйгээр хэзээ ч эмнэлгээ барьж чадахгүй, хэзээ ч олон га-д ногоо тариалж чадахгүй шүү дээ.
Бид улс төрийн намуудын нэг сая, 1.5 сая төгрөгийн амлалт болон сар бүр олгож байгаа 21 мянган төгрөгөөр өөрсдийгөө үнэлэх цаг биш. Бид тэднээр сар бүр олгодог хэдэн төгрөгийн тэтгэмж биш их бүтээн байгуулалтыг нэхэх хэрэгтэй. Сонгогч бидний өмнөөс мөнгө сарвайж байгаа болон мөнгө амлаж байгаа тэр хүн биднийг доромжилж байна гэсэн үг шүү.
С.Ууганбаяр
URL: