Ерөнхий сайд www.shilenkhyanalt.gov.mn сайтад нэгдэхийг уриаллаа

Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. Мөн НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас  www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны  газрын дарга Ц.Жадамба нар оролцлоо.

Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас бэлэн боллоо. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байна. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг  шилэн болголоо гэж Ерөнхий  Ч.Сайханбилэг хэллээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 23 төрлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт, татварын шалгалтыг эхний ээлжинд энэ системд оруулсан. Нийт 144 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага, 13 мянга 500 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177 мянган обьект бүртгэгдсэн нь энэ систем өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна гэлээ.

www.shilenkhyanalt.gov.mn хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй. Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ. Мөн шалгуулагчид хяналтын үр дүнг оруулна. Хяналт шалгалтын байгууллагын улирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд статистикийн мэдээллийг харах, дүгнэлт хийх боломжтой талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа танилцууллаа.

Удирдлагууд хяналтын системээр байцаагчдаа хэрхэн ажиллаж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн саналтай танилцана. Зөрчил гарч байгаа обьектуудыг хянаж, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээ, бодлогодоо тусгах боломжтой. Хаана зөрчил гарч, шалгалт давхардаж байна гэдгийг статистик мэдээлэл харуулна гэж Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Статистикийн мэдээ нь хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг харуулах ажээ.

 Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ. Байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ сайт болон сайтын үйл ажиллагааг сурталчилж,  www.shilenkhyanalt.gov.mn -д нэгдэхийг компани, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих