Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбох хурдны авто замыг барих компанийг шалгаруулна
Төрийн өмчийн хороо нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай холбох хурдны авто замын “Барих-Ашиглах-Шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцох саналыг тавьж байгаа юм байна.
Тус төслийн хүрээнд нийтийн хэрэгцээний тээвэрлэлтэд ашиглах хурдны авто замыг барих юм. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулах аж.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь хатуу хучилттай авто зам барих техник, технологийн чадвар, туршлагатай, авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцлийн дагуу замын засвар, арчлалтыг гүйцэтгэх чадвартай байх ёстой юм байна.
Урьдчилсан шалгаруулалтанд оролцох саналыг аравдугаар сарын 17-ны 15:00 цагаас өмнө хүлээн авах аж.
URL: