Б.Өнөржаргал: Их цагаан цас

Их газрын ноён салхиар замаа тэрлэж
Ижилгүй Хэрлэн, Онон, Туулын талстыг тас тэвэрсэн их цагаан цас
Сүүн зам татуулах түмэн ээжийн цацал шиг
Сүмбэр Хан Хэнтийн нуруунд зоолж унасан их цагаан цас
Захгүй их мэнэнгийн тал зүүдэндээ ангаж хүлээсэн их цагаан цас
Зүүдэлгүй салхинд нурах нуранги элсэнд хурж ууссан их цагаан цас
Богд чингис хааны удам залгах ургийн
Бөртэ Үжин хатадын цай чанасан их цагаан цас
Тоонот эсгий гэрийн хошуурсан өрхөн дээр
Тогоотой цайны уурт тосож унасан их цагаан цас
Талд бэлчих сүргийн энгэрт уртын дуу аялах
Танхилхан бүсгүйн хацарт жаргалын жавар урлаж шүргэсэн их цагаан цас
Хүслийн оч зүрхэндээ тээсэн
Хүргэн хүүгийн эмээлийн бааварт хүрч хайлсан их цагаан цас
Эцэг уулын энгэрт долоон бурхан еөгөөдхөд
Ээдэм талын салхинд эрэмгий цагаан азарга ижил сүргээ хураах мэт их цагаан цас
Саяхан хөлд орох хүүгийн бойтогны үзүүрт жингэнэх хонхны дууг өлгийдөж
Сэхүүн бардам алхааг нь сэмжилж хэвлэсэн их цагаан цас
Түм буман жилийн түүх хайлах туульч өвгөний
Түүхийн хуудасыг нээх мэт сэрчигнэх ариухан их цагаан цас


URL:

Сэтгэгдэл бичих