Японд якүзагийн дайн гарах уу

43b76ae7187bbc290aa45804ec101c60

Японы якүзагийн хамгийн том бүлэглэл болох “Ямагүчи” бүлэг өнгөрсөн онд хоёр хуваагдаж, талууд илт дайсагналцаж байгаа нь олны түгшүүрийг төрүүлж байна. Хэрэв якүзагийн дайн гарвал жирийн иргэд өртөж, амь насаа алдах вий хэмээн ард олон сэтгэл зовниж байгаа юм. 1984-1989 онд болсон “Ямаичи коосоо” хэмээн нэрлэгдсэн Ямагүчи болон Ичивакай бүлгийн сөргөлдөөний үеэр 25 хүн амь насаа алдсан дотор тэнэсэн суманд оногдон алагдсан энгийн иргэд байсан билээ. Тэр үед Ичивакай бүлэг Ямагүчигээс салан тусгаарласны улмаас зөрчил үүссэн түүхтэй. Энэ удаад ч мөн боссын өөдөөс том толгой гарган сөргөлдөж, тэр тусмаа бүлэг байгуулан дайсагналцсан тэднийг зүгээр орхихгүй нь лавтай. Гэхдээ Японы “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль”-иар бүлгийн гишүүн хэрэг үйлдвэл толгойлогчид нь хариуцлага оноодог болсон тул шууд дайтаад эхлэж чадахгүй байгаа юм. Мөн буудалцаан, тулааныг эхлүүлсэн бүлгийг Цагдаагийн газраас шалган байцааж, мөшгөн тухайн бүлэг оршин тогтнох эсэхдээ тулах тул якүза нар нэг нэгнээ дайн тулаангүйгээр мөхөөх арга сэдэж буй бололтой. Үүнд эдийн засгийн чадавхгүй болгох, бүлэг дотор хагаралдаан үүсгэх, бусад якүзагийн бүлгүүдтэй нийлэн хавчих зэрэг бодлого явагдаж байгаа юм. Сүүлийн үед “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль” шинэчлэгдэн, чангарснаар якүза нар оршин тогтноход хүнд болсоор байгаа. Японы якүза бол бусад орны зохион байгуулалттай гэмт хэргийнхэнтэй харьцуулахад хамгийн онцлог мафи. Тэдний албан оффис бүхний нүдэнд ил, хаягтайгаа байдаг. Гишүүд нь бүлгийнхээ тэмдгийг энгэртээ зүүж, нэрийн хуудас, тамга тэмдэг, тэр ч бүү хэл албан ёсны цахим хуудастай.

Хагарал гарсан 2015 он уг нь Ямагүчи бүлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн тэгш ойн жил байлаа. Мөн бүлгийн зургаа дахь үеийн толгойлогч Шинода Кэничи “засгийн эрхэнд” гарсны 10 жилийн ой мөн тохиосон. Алс тэртээ 1915 онд Кобэ хотын боомтын захирагч Ошима Хидэёшигийн удирдлаган дор ажиллан, ачигч нарт ажил олж өгдөг байсан Ямагүчи Харүёши гэгч 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх бүлгийг байгуулж байжээ. Тэд тэр үед ихэд дэлгэрч байсан нанивабүши хэмээх урлагийн төрлийг ивээн тэтгэж, дэмждэг байв. Үүгээр дамжуулан Кобэ хотын захиргааны дарга нартай ойр дотно болж, удалгүй хотын театрын ертөнцөд ихэд нөлөөтэй болсон байна. Харүёшигийн хүү Ноборү аавынхаа ажлыг залгамжлан авч, удалгүй дуу хөгжим, сүмо бөхөд нөлөөгөө тогтоолоо. Гэхдээ энэ үед Ямагүчи бүлэг якүза биш боомтын ачаа, урлагийн салбарт л ажиллаж байв. Дэлхийн II дайны дараа Ямагүчиг Таока Казүо (1913-1981) удирдах боллоо. Тэрбээр маш их ашиг өгч байсан боомтын ажлаа өргөжүүлэхээс гадна гуравдагч орны этгээдүүдийн эсрэг тэмцэх Таока бүлгийг байгуулсан. Гуравдагч орны этгээдүүд гэдэг нь Японы хуучин колони орнууд болох Солонгос, Тайвань, Хятадын иргэд байв. Ялангуяа хятадууд өөрсдийгөө дэлхийн дайнд ялсан орны иргэд гэж үздэг байсан тул бууж өгсөн Японы хууль дүрмэнд захирагдах албагүй хэмээн гэмт хэргийн бүлэг байгуулан, дээрэм тонуул хийж байжээ. Тэднийг дарсан Таока бүлэг хүч нөлөөгөө нэмэгдүүлсээр одоогийн Ямагүчи бүлэг болон хувирсан юм. 1950-1953 онд болсон Солонгосын дайны ачаар Японы боомтууд цэцэглэн хөгжиж эхэллээ. Америкийн цэргийн ачаа тээвэр өдөр бүр боомтод ирж, Кобэд ажил өрнөж байв. Зохион байгуулах авьяас чадвар сайтай Таока ачаа ачих, ажил хуваарилах жижиг дунд компаниудыг нэгтгэн захирч эхэлсэн юм. 1946 онд Таокаг Ямагүчигийн гуравдахь удирдагчаар зарлах үед бүлэг дөнгөж 33 гишүүнтэй байсан бол 1975 онд хэдийнэ 11 мянган гишүүнтэй болсон байв. Тэд яаж ийм амжилтад хүрч чадав? Дэлхийн дайнаас өмнө л Таока урлагийн салбараас их мөнгө олж байв. Дайны дараа тэрбээр “Кобэ гэйношя” хэмээх промоутерийн компани байгуулж, авьяаслаг дуучдыг бүртгэж эхэлсэн. Табата Ёшио, Мисора Хибари нарын оддыг мандаж эхлэнгүүт Таока тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж чаджээ. Мэргэжлийн бөх буюу нохой зодоон дэлгэрч эхлэхэд Таока алдарт Рикидозаны тоглолтыг зохион байгуулж байв. Урлагийн ертөнцийг тэд эзлэхэд тус болсон нэгэн хэрэг гарсан нь жүжигчин Цүрүта Коожид халдсан хэрэг байсан юм. Алдар хүндийн оргилд байсан Цүрүта Коожи Осака хотод тоглох үеэр менежер нь түүнийг Таокад танилцуулжээ. Гэхдээ хүндэтгэлгүй хандсаны улмаас Таокагийн уур хилэнг хүргэсэн байна. Удалгүй Ямагүчигийн хэдэн гишүүн Осака хотын зочид буудалд байрлаж байсан Цүрүтад халджээ. Энэ хэргийг сонссон урлагийн одод, дуучид Таока болон Ямагүчи бүлгээс үнхэлцгээ хагартал айдаг болсон тул тэд урлагийн салбарт улам бүр нөлөөгөө тогтоосоор байв. “Кобэ гэйношя” компани шагналын мөнгө бусдаас илүү өгдөг байсан тул жүжигчин, дуучид тэдэнтэй гэрээ байгуулах хүсэлтэй ч болжээ. Орлого их олохын тулд Таока алдарт дуучдын концерт, тоглолтыг их хэмжээгээр зохион байгуулж байв. Хамтран ажилладаг урлагийнхныг ашиглан, Ямагүчи Кобэ бүсийн якүзагийн бусад бүлгийг эрхэндээ оруулж байв. Гэхдээ мэдээж дан урлагаар биш айлган сүрдүүлж, алан хядах замаар өрсөлдөгч бүлгүүдээ хайр найргүй устгаж байлаа. 1970 оны дунд үе хүртэл якүзагийн бүлгүүдийн ямар ч дайн Ямагүчигийн оролцоогүй явагддаггүй байв.

Японы якүза бусад орны мафиас онцлогтой хэмээн дээр дурдсан. Тэд олон нийтийг хамарсан гай зовлон, байгалийн гамшгийн үеэр орон нутгийн иргэдэд тусалдаг уламжлалтай. Тэгвэл мөнгө олохыг л зорилгоо болгодог Америк, Итали, Мексикийн мафи хэзээ ч тийм ажил хийхгүй. 1995 онд Кобэд том газар хөдлөлт болоход Ямагүчи бүлэг хамгийн түрүүнд аврах ажиллагаа эхлүүлсэн байдаг. Сэтгүүлч нар энэ талаар лавлан сурвалжлахад якүзагийн нэгэн бүлгийн толгойлогч “Өөрсдийгөө сурталчилж байна гэж хүмүүс бодох байх. Тийм болохоор биднийг ийм ажил хийж байна гэж битгий бичээрэй” гэж байжээ. Ямагүчи бүлэг газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулан будаа, гурил, хувцас, хүүхдийн хоол хүнс, эмэгтэйчүүдийн дотуур хувцас, ариун цэврийн хэрэгсэл зэрэг 100 нэр төрлийн бараа нийлүүлсэн байна. Хүн алж, хүрээ талахаас өөр юм мэдэхгүй гэж бодож байсан якүза нар эхнэр, эгч, ээж нараасаа зөвлөгөө аван байж, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл худалдан авч байжээ. Газар хөдлөлтийн улмаас зам эвдэрч сүйдэн, тусламжийн бараа ачсан машин тэргүүд зорьсон газартаа хүрч чадахгүй байв. Харин Ямагүчи бүлэг энэ асуудлыг шуурхай шийдвэрлэсэн юм. Тэд нисдэг тэрэг хөлслөн агаараас ачааны машинуудад ямар замаар явж болох, ямар нь эвдэрсэн байгаа талаар мэдээлэл өгч байлаа. Үүний ачаар тэд аврах ажиллагаа явуулж байсан бусад байгууллагаас илүү хурдан шуурхай тусалж байлаа. Ямагүчи Кобэгийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулан нийтдээ 1.1 тэрбум иенийн тусламж үзүүлжээ. Мэдээж гэмт хэрэгтнүүд тул тэдний энэхүү энэрэнгүй үйлсийг хэвлэл мэдээллээр огт дамжуулаагүй.

Энэ бүхнийг якүза нарыг магтан сайшаах зорилгоор бичээгүй гэдгийг ойлгоорой. Харин олны анхаарлыг хоёр хуваагдсан Ямагүчи бүлэг цаашдаа яах, ямар бодлого явуулах ихэд татаж байгаа юм. Ямагүчи хагаралдсан шалтгааны талаар мэргэжилтнүүд тус бүлгийн зургаа дахь удирдагч Шинодатай холбон тайлбарлаж буй. Нэгдүгээрт, Шинода бүлгийн удирдлагад өөрийн талын хүмүүсийг олноор гарган ирж, дараагийн удирдагчийг ч өөрийн хүнээр тавих гэж санааархаж байгаа нь бусдын дургүйцлийг төрүүлсэн. Шинода нь Нагоя хотын хүн бөгөөд бүлгийнхээ хоёр, гуравдугаар “атаман”-ы байранд Нагоя хотынхоо хүнийг тавьсан аж. Үүнд Ямагүчи бүлгийн төв байр байрладаг Кобэ хотын якүзагууд дуртай байгаагүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Шинода бүлгийн төв байраа Нагояд шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан гэсэн мэдээлэл бий. Энэ бүхний улмаас Шинодаг эсэргүүцсэн 13 бүлгийг гишүүдийнх нь хамт Ямагүчи бүлгээс хөөсөн. Харин хөөгдсөн 13 бүлэг нэгдэн, “Кобэ Ямагүчи” хэмээх шинэ бүлэг байгуулаад байгаа юм. Ямагүчи дотроо 70 бүлэгтэй байснаас 13 нь л шинэ бүлэгт орсон гэхээр мэдээж хүчний харьцаа Ямагүчи илүү байгаа. Гуравдугаарт, Ямагүчи бүлгийн удирдлагаас харьяандаа байдаг жижиг бүлэглэлүүдээс авдаг татварын мөнгөө жил бүр нэмэж, дарамт шахалт үзүүлж байгаа нь шалтгаалжээ. Ийнхүү хамгийн хүчирхэг Ямагүчи бүлэг хоёр хуваагдсан нь бусад якүза бүлгүүдэд ч нөлөөлж байгаа. Тэд энэ хоёр бүлгийн хэнийг нь дэмжих вэ гэдгээ шийдэх гэж байна. Якүза нарын дайн гарлаа гэхэд Кюүшюү мужаас эхлэх байх гэж шинжээчид үзэж буй. Учир нь эндхийн хамгийн том бүлгийн босс нь шинэ “Кобэ Ямагүчи” бүлгийн  толгойлогч болоод байгаа Иноүэ Күниогийн анд нөхөр. Тэндхийн якүзагийн 1000 гаруй гишүүн “Кобэ Ямагүчи”-гийн талд орсон гэсэн мэдээ бий. Гэхдээ Японы нэгэн хэвлэлд Кюүшюүгийн том зиндааны якүза ярилцлага өгөхдөө “Мэдээж зөрчил байгаа ч дайтах хэмжээнд тулаагүй. Хэвлэлээр тулаан мөргөлдөөн ойрын үед гарах байх гэж байгаа ч би бол тийм зүйл болохгүй гэж бодож байна. Хоёр талын толгойлогч нар уулзаж ярилцаад асуудал шийдэгдэх байх. Хэрэв будлиан болж, энгийн иргэд хохирох юм бол цагдаа нар бүлгийн толгойлогчийг эрт урьд хийсэн хэргийг нь сөхөөд ч юм уу, ямар нэг шалтаг гаргаад л баривчилна. Тэгвэл хоёр бүлэг хоёулаа задрах аюултай. Миний бодлоор тэд хэлэлцэж ярилцан, нөлөөний бүсээ хувааж авах байх” гэж хэлжээ. Цагдаа нарын эрх мэдлийг нэмэгдүүлсэн, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг чангатгасан гээд л якүза нарын оршин суух, мөнгө олох нүх сүв багассаар байгаа нь үнэн. Шинэ хууль, дүрмээс шалтгаалан якүза нарын дүрэм ч өөрчлөгдөж эхлээд байна. Өмнө нь нэг хөөгдсөн якүза бусад бүлэгтэй холбоо тогтоож болдоггүй байсан бол одоо нэг бүлгээс гараад нөгөөд нь шилждэг шинэ зүйл ажиглагдах болжээ. 2005 онд Японд 86 300 якүза байсан бол 2014 онд 5 3500 болж буурсан тоо байна. Якүза нарыг нийгмээс шахан гаргах цагдаа нарын хөдөлмөр үр дүнгээ өгч байгаа ч якүза хэзээ ч мөхөж сөнөхгүй гэж шинжээчид үзэж байна.

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих