М.Батбаатар: Зээлийн хүүг дөрвөн хувь болгохоос нааш барилгын салбарт ахиц гарахгүй

ca30fb0ea14fd52e7499870340b642c7original

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжөөд 90 жил болжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг энэ салбарын талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.

-Барилгын салбар түүхт 90 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил, алдаа дутагдал их байгаа нь мэдээж. Харин энэ ойгоо ямар “өнгөтэй” угтаж байна вэ?        -Монголын барилгын салбар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүнд үеийг туулсан. Төрийн өмчид байсан байгууллагууд хувьд шилжиж, эдийн засгийн таагүй цаг үе цөөнгүй байсан. Сүүлийн жилүүдэд мөнгөтэй хүн бүр барилгачдыг хөлсөлж болно гэсэн ойлголтод нэгджээ. Энэ бүхний ард бүтээн байгуулагч гэсэн ойлголт үндсэндээ орхигдсон. Үүний зэрэгцээ чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш удирдах байгууллагын нэр, салбарын сайд 6-8 удаа өөрчлөгдсөн. Энэ бүхэнд мэргэжлийн бус хүнийг томилж байсан нь хөгжилд ямар нэгэн хэмжээгээр сөрөг үр дүн авч ирсэн байдаг юм.

Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд ганцхан сарын дотор шийдвэрлэж болохоор олон яриа, хэлэлцээр бий. Гэтэл үүний учрыг олж дөнгөлгүй жил орчим болж байна. Уг нь барилгын салбар өөрөө тэргүүлэгч нь юм. Энэ салбар хөгжөөд байвал бусад салбар болоод нийгмийн амьдрал хувьсах зүй тогтолтой. Үнэндээ төрийн зүгээс зөв бодлого баримталсан бол одоо байгаагаас ч илүү үр дүнд хүрэх байсан. Гэвч “Чамлахаар чанга атга” гэж, зах зээлийн нийгэмд чамлахааргүй амжилтад хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

  -Бид эдийн засгийн таагүй байдалтай сүүлийн жилүүдэд тулгарлаа. Харин ирэх жил барилгын салбарт ахиц гарах төсөөлөл байна уу?

-Эдийн засгийн хувьд үнэхээр хүнд жилийг давлаа. Ирэх жил ч энэ салбарт ахиц гарах төсөөлөл бүдэг байна. Дотоодын нөөц бололцоо талаасаа ажиглавал шүү дээ. Тиймээс бид гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах нь чухал байгаа юм. Компаниуд нь хилийн цаанаас мөнгө босгодог, төрийн байгууллага нь ямар нэгэн хүнд сурталгүй шууд шийдээд өгдөг тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. Иймээс манай байгууллага дэлхийд нэр хүндтэй “Remax” компанитай хамтарч судалгаа явуулахаар болж байна. Үүний үр дүнд Монголын барилгын салбарын бодит байдал, төр хувийн хэвшлүүд барилгын салбартаа ямар оролцоотой байх, хэрхэн хөрөнгө оруулалт татах зэрэг нь тодорхой болох юм.

         -Мөн орон сууцны найман хувийн зээлийг арилжааны банкууд хэзээнээс эхлэн олгох нь тодорхойгүй байгаа. Энэ байдал барилгын салбарт мэдээж сөргөөр нөлөөлж байгаа байх?

-Энэ бол барилгын салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээ дутуу дулимаг хийж байсны гор гарч байгаа юм. 2003 онд Засгийн газраас орон сууцны 80 хүртэлх хувь нь бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан байна гэж тооцоо гаргаад байхад чинээлэг иргэдэд чиглэсэн орон сууц олноор барьсан. Үнийг ч, үйл явцыг ч хяналгүй орхисон. Мөн өнгөрсөн хугацаанд барилгын салбарын мастер төлөвлөгөөг боловсруулсангүй. Харин өнгөрсөн хугацаанд орон сууцны найман хувийн зээл иргэн, компани, арилжааны банк гурвын харилцаан дээр яваад байсан. Гэтэл гэр хорооллын иргэд орон сууцтай болохоор зорьж эхлэхээр хүүг зургаан хувь хүртэл бууруулж, хугацааг 30 жил болгон сунгах шаардлага гарсан. Энэ талаар би өмнө нь ярьж л байсан. Үнэндээ найман хувийн зээл гэдэг өнөө үед бас л ахдаж байна. Харин үүнийг сайд дарга нар сүүлийн үед ярих болсон нь сайн хэрэг. Тиймээс барилгын салбарт үүссэн энэ гацааг богино хугацаанд шийдэх байх гэж найдаж байна.

         -Орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой тухай УИХ-ын дарга хэлсэн. Тэгэхээр энэ үгэнд итгэж болох нь ээ?

-Агуулгаар нь авч үзвэл хэн нэгэн нам эвсэл, сайд дарга боломжийг нээх, хаах тухай зүйл биш юм. Зүгээр л зах зээлийн нөхцөл байдлаас урган гарч ирсэн шаардлага шүү дээ. Өнгөрсөн жил ч гэсэн энэ боломжийг ашиглаж болох л байсан. Одоо байгаа нөөц бололцоогоор дөрвөн хувьд хүргэх ч боломжтой. Гэтэл улстөржилт гээч нэг зүйл байна. Одоо 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцанд орохоор хүлээж байгаа олон мянган иргэн байна. Гэтэл үүнийг улстөржүүлж, хувь улстөрч автор нь болох гэсэн хийрхэл давамгайлж байгааг бид мэднэ. Энэ бүхний цаана иргэд, барилгын салбар хоёрын дунд тодорхойгүй хүлээлт үүссэн нь бодит байдал шүү дээ. Бүр нарийн яривал Засгийн газар 20 хувийг нь батлан даах биш иргэдийнхээ  өмнөөс гаргах хувилбар ч байж болно. Өнгөрсөн хугацаанд агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын гэрэлтүүлэг, гудамж талбай, үерийн далан зэрэгт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан юм бэ. Гэтэл энэ мөнгөө бөөнөөр нь гаргах хувилбарыг ч гаргаж ирж болох шүү дээ.

        -Статистик мэдээллээс олон мянган орон сууц борлуулалтгүй байгаа нь харагддаг. Үүний эсрэг талд зуу зуун мянган иргэн орон сууцтай болох мөрөөдөлтэй байгаа. Энэ чадамжгүй эрэлтийг хэрхэн тэнцвэржүүлэх ёстой юм бэ?

-Орон сууцны зах зээлийн судалгаа хийдэг компани, статистик мэдээлэлд итгэх ямар ч боломжгүй шүү. Дандаа худлаа мэдээлэл түгээдэг. Яг одоогийн байдлаар бүрэн ашиглалтад орсон 4-6 мянган орон сууц бий. Мөн баригдаж байгаа 12 мянга, суурийг нь тавиад орхичихсон 10 гаруй мянган барилга байгаа. Үүнийг нэгтгэж тоолоод 30 гаруй мянган орон сууц ашиглалтад орчихсон юм шиг ярьдаг. Бодит байдал дээр 20-30 мянган орон сууц байхгүй. Үнийн тухайд гэхэд л Сонгинохайрхан дүүрэгт байгаа орон сууцыг Баянзүрх дүүрэгтэй харьцуулж бантан хутгаж, буруу мэдээлэл тарааж байна. Үүнээс шалтгаалж асар олон худалдан авагч, олон мянган орон сууц байгаа гэсэн ойлголтыг нийгмийн бүх салбарт төрүүлдэг. Гэтэл үнэндээ 30 жилийн хугацаатай дөрвөн хувийн хүүтэй зээл олгохоос нааш орон сууцны зах зээлд ахиц гарахгүй. Товчхондоо бага, дунд орлоготой иргэдээ орон сууцаар хангах бодлогоо маш нарийн тодорхойлох хэрэгтэй. Ингэсэн цагт нийслэлд байгаа 380 мянган айлын орон сууцны хэрэгцээг хангана.

        -Тэгвэл манай барилгачдын аж амьдрал ямар байна вэ?

-Манай байгууллагын зүгээс судалгаа явуулж үзэхэд бүртгэлтэй байгаа 4000 гаруй компанийн хүний нөөц 10-30 хүнтэй байна. Энэ нь нийт барилгачдын 20 орчим хувийг эзэлж байгаа юм. Харин үлдсэн 80 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөггүй, бригад хэлбэртэй. Бид алтан гартай инженер гэж ярьдаг. Хатуухан хэлэхэд тэр алтан гартай барилгачид чинь гудамжинд байна. Дээр дурдсан компаниудын тоонд хувааж үзэхээр мэргэжилтэй 30 гаруй мянган ажилтан гудамжинд байна гэсэн үг л дээ. Тэдэнд ямар ч нийгмийн баталгаа алга. Том компаниуд нэг төсөл дээр ажиллахдаа энэ иргэдээс зуу зуугаар нь авч ажиллуулдаг. Гэтэл энэ бүхний ард хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт олон зүйл хөндөгдсөн хэвээр байна. Энэ нь тогтвортой ажлын байр байхгүйтэй холбоотой. Бүр нарийн яривал том хороололын төсөл хөтөлбөр хомс байна. Иймд энэ салбарын урт хугацааны төсөл хөтөлбөрийг боловсруулж байнгын ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллах нь чухал байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Ганбаатар


URL:

Нэр: 1212 Огноо: 6 January 2016

Байрны үнэ дэндүү хөөс болсон шүү дээ, гол шалтгаан нь зээлийн хүү дээ байгаа юм биш барилгын компанийн луйвар дэндүү өндрөө авсанд л байгаа юм

Нэр: Khaipkhan Огноо: 6 January 2016

Barilgyn kompaniud ehleed unee buulgah heregtei. Daraa ni huu yaruh hegetei bishuu. Davarj bna ene hun bur

Сэтгэгдэл бичих