Бүтэн биеэр маань гал асч байсан

“Ловин хат” цагаан хоолны газарт халуун тогоо дэлбэрч дөрвөн хүн нүүр цээж хэсгээрээ түлэгдсэн хэрэг гарсан талаар мэдээллэсэн. Түлэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсан аж. Энэ нь шашин шүтлэгтэй нь холбоотой  гэхчлэн олон таамаглалууд хэвлэл мэдээллээр цацагдаж буй. Хэргийн газарт юу болсон талаар тодруулахаар Түлэнхийн төвийг зорилоо.

-Хэрэг гарахад хэдүүлээ байсан бэ? Та нар хичнээн төгрөгийн хоол захиалав. Эргэн “”тойронд чинь өөр үйлчлүүлэгчид байсан уу?
-Есдүгээр сарын 22-нд би гурван хүний хамт 19.30 минут орчим Сансар дахь “Ловин хат” цагаан хоолны газар хооллохоор очсон. Бид дэнлүү шиг хэлбэртэй гурван халуун тогооны шөлтэй хоол авахаар захиалсан. Нийт 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл нэгнийх нь халуун тогоо асахгүй байсан юм.

Тиймээс тухайн хоолны газрын зөөгч охин савтай шингэн бодис авч ирэн халуун тогооны дор байрлах зүйлд хийхэд гал гарч дэлбэрсэн. Яг гал гарч байх үед юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан бидэнтэй хамт сууж байсан эрэгтэй түргэн дуудсан.

Тэр үед миний бүтэн биеэр маань гал асч байсан. Гал авалцангуут хүн нүүрээ дардаг юм билээ. Ингээд гар, цээж, нүүрэн хэсэг түлэгдсэн. Нэг харахад хамт байсан нэг эмэгтэйн үс нь шатаж байсан. Үнэхээр нүдэндээ ч итгээгүй аймшигтай юм болсон доо.

-Хэрэг гарахад тус газрын эзэн нь байсан гэсэн байхаа. Тэнд газар галын аюулгүй ажиллагааны техник хэрэгсэл байгаагүй юм уу?
-Гал асч эхлэхэд хүн болгон сандарсан. Галын хор харах нь байтугай юу болоод байгаагаа ч ойлгоогүй. Лав л бидний хажууд сууж хамт хооллож байсан эрэгтэй ширээний бүтээлэг авч асч байсан галыг битүү бүтээн унтраасан. Галын хор энэ тэр юм огт хэрэглээгүй.

-Хэрэг гарсан даруйд та бүхнийг эмнэлэгт хүргээгүй гэсэн мэдээлэл цацагдсан, үнэн үү?
-Түргэний эмч нар ирэх хооронд хоолны газрын эзэн Н.Мөнхцэцэг сандарсан шинжгүй үүнийг түрх гээд нэг тос түрхүүлсэн. Энэ яг юу бэ гэхэд коллаген сорвигүй эдгэрдэг тос, одоо зүгээр болно гээд зогсож байсныг санаж байна. Түргэн ч удаагүй ирсэн. Харин түргэний машинд бүгд суусныхаа дараа ар гэрийхэндээ дуулгая гэхэд захирал Н.Мөнхцэцэг өөрөө биш ажилтнаараа яриулсан.

-Цагаан хоолтнуудын сүсэг бишрэлтэй холбоотой та нарыг түлэгдсэнээ нууж удсан гэх яриа гарсан энэ талаар тодруулаач?
-Гадуур тийм яриа гарсан гэсэн. Энэ яриаг тус газрын эзэн яриад байгаа бололтой. Түүнээс биш бид бол ямар нэгэн сүсэг бишрэлгүй. Тухайлбал бидний дотор элэгний өөрчлөлттэй хоолны дэглэм барих шаардлагатай хүн байсан. Тэр хүн бол дэглэмийнхээ дагуу л тус газраар үйлчлүүлдэг.

Мөн ходоодны өвчтэй ч хүн байгаа. Мөн л эрүүл хоолны дэглэм барих гэж л тэнд очсон. Хүмүүсийн яриад байгаа шиг сүсэг бишрэлээсээ болоод шийтгэл хүлээсэн гэж бодохгүй байна.

-Цагдаа, мэргэжпийн байгууллагаас мэдүүлэг авахаар ирсэн үү. Хэрэг гарах үед хоёр цагдаа байсан гэсэн. Энэ талаар ар гэрийнхэнд чинь мэдэгдсэн зүйл бий юу?
-Гал гарах үед хоёр цагдаа байсан гэсэн. Тэд байнгын үйлчлүүлэгч нь юм байна гэсэн маягаар хэрэгсэхгүй явсан гэсэн. Хэрэг гарснаас хойш цагдаа мэргэжлийн хяналтаас бидэнтэй ямар ч хүн уулзаагүй өнөөдрөөс эхлэн мэргэжлийн байгуулагуудад гомдол гapгax гэж байна.

Хүний эрүүл мэнд гоо сайхны аймшигтай том асуудал үүсээд байхад огт тоохгүй байгаад гомдолтой байна.

-Эмчилгээний зардлыг “Ловин хатын”-хан гаргаж байгаа юу. Ямар эмчилгээ хийгдэж байна?
-Түлэнхийд сүүлийн үед хэрэглэж байгаа үр дүнтэй мөнгөжүүлсэн тос гэж нэг юм байдаг юм байна. Тэр нь нэг сав нь 65 мянган төгрөг байдаг гэнэ. Нэг боолтонд ороход бараг хэрэглэгдээд дуусах юм. Энэ талаар тус газрын эзэнд хэлэхэд хоёр хүний дунд нэгийг авч өгч болох юм байна гэсэн. Ямар нэгэн эмчилгээний зардал огт аваагүй гэлээ.

Би сүүлийн хоёр өдөр бясалгал хийгээд завгүй байсан
Тэдэнд үйлчилж байсан 26 настай зөөгч бүсгүйтэй уулзах гэсэн боловч ээж нь тайлбар өгүүлэхийг хүсээгүй. Тэрээр охин нь нягтлан бодогч мэргэжилтэй, өөрөө цагаан хоолтон гэх тайлбарыг өгөөд мэргэжлээр нь ажиллуулах гэж ажил хайсан ч олдоогүй. Тиймээс cap гаруйхны өмнө тус “Ловин хат” хоолны газар охинтойгоо хамт хоол идээд сууж байгаад “Ловин хат”-ыг ажиллуулдаг эзэнтэй таарсан аж.

Тус газрын эзэн нь зөөгч охины ээжтэй нэг анги байжээ. Ингээд охиноо тус газар ажилд оруулж cap ч хүрээгүй байтал ийм юм болсон гэсэн юм. Түлэнхийн төвийн давхарт буутал Ловин хат цагаан хоолны газрын эзэн Н.Мөнхцэцэгтэй таарсан юм. Үүсээд байгаа нөхцөл байдалд түүнээс тайлбар авсан юм.

-Үүсээд байгаа нөхцөл байдалд та тайлбар өгөөч? Таныг нэг тос өгчихөөд үүнийг түрхээд эдгэнэ гэж хэлээд эмнэлэгт хүргэхгүй удсан гэсэн?
-Гал гарсан даруй бид түргэн дуудаж хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн. Одоогийн байдлаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад шалгагдаад явж байна.

-Хөдөлмөр хамгаалалтын стандарт танайд байдаггүй юу? Гал асаах шингэнээ ийм байдлаар цэнэглэдэг байсан юм уу?
-Манай зөөгч охин хөдөлмөр хамгааллын дагуу цэнэглээгүй. Үүнээс үүдэн ийм зүйл боллоо.

-Таныг өвчтөнүүдийн эмч нартай огт холбогдоогүй гэх юм?
-Манай үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шалгагдаж байгаа болохоор одоо болтол эмч нартай уулзаж чадаагүй явна. Гэхдээ би сүүлийн хоёр хоног бясалгал хийгээд ирсэн гэсэн тайлбарыг тэрээр өгсөн юм.

Түүнтэй хамт хоёр эмэгтэй ирсэн бөгөөд тэдний нэг нь зөөгч охины ээжтэй их л дотно мэндэлж харагдсан. Энэ талаар бид эргэж мэдээлэх болно.

Н.Нараа
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих