Микро автобуснууд наймдугаар сарын 1-нд үйлчилгээнээс хасагдана
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж шугамнаас хасахаар болсон. Энэ сарын 1-нээс микро автобуснуудыг халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж, нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байсан.
Гэтэл микронууд иргэдэд үйлчилсэн хэвээр байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Микро автобусыг наймдугаар сарын 1-ээс явуулахгүй байхаар гэрээ хийсэн. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болсон” гэсэн юм.
Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна. Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа аж.
Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг байна. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа бөгөөд ирэх наймдугаар сараас эхлэн бүх микро автобуснууд үйлчилгээнээс хасагдах юм байна.
Т.Болормаа
URL: