Шинүүдэд халтай, хууччуулд ээлтэй хууль батлагджээ

Парламентын ээлжит сонгууль ердөө л зургаахан сарын дараа болох нь тодорхой болов. Учир нь хууль нь батлагдав. Оны өмнө УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа ч суухгүй, нам, эвслээрээ хуваагдаж, завсарлага авч тоглосон. Олон чухал хууль, журам хэлэлцэх ёстой байсан ч тэд ажлаа хийгээгүй. Шалтгаан нь ердөө л сонгуулийн хууль байлаа.

Тэр дундаа МАН-ынхан сонгуулийн санал тоолох хар машиныг ад үзэж, ядаж хяналтын тооллогыг ч болов гараар хийх ёстой гэж зүтгэсэн. Олон ч ажлыг гацаасан, шантааж хийсэн. Эцэст нь нэг юм санасандаа хүрч, Сонгуулийн хуульд хүссэн өөрчлөлтүүдээ оруулж чадлаа. 2015 оны сүүлийн өдрүүдэд чуулган хуралдаж, гишүүд ч идэвхтэй оролцож, сонгуулийн хуулиа баталж санаа амрав.  Чоно борооноор гэдгийн нэг жишээ болсон гэхэд болно. Хууль батлагдсаны дараа мэдээлэл хийсэн нам, эвслийн төлөөллүүд “Сонгуулийн хууль нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн зөвшилцлөөр батлагдсан.
Өмнөхөөсөө дэвшилттэй сайн хууль боллоо” гэсэн ерөнхий дүгнэлтийг хийсэн юм.   Яг ачир дээрээ дэвшилттэй болж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Түүний оронд жижиг намуудад халтай, томчууд буюу УИХ-д суудалтай намуудад ээлтэй сонгуулийн хууль батлагдлаа гэж дүгнэж болохоор байна.  Сонгуулийн тогтолцоо бол өөрчлөгдөөгүй. 48/28 гэсэн холимог тогтолцоогоороо л болно. Тэгэхээр намууд жагсаалтад багтах 28 хүнийхээ нэрийг жагсаагаад явчихна гэсэн үг. Харин сонгуулийн үеэр санал хураах хуудастай хамт намуудын жагсаалтаар орж ирэх нөхдүүдийн нэрийг хэвлэж, сонгогчдод өгөх юм билээ. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаад л өнгөрч байсан. Цөөн хүмүүс анзаарч танилцаад, ихэнх нь харанхуй л нам дугуйлдаг байсан шүү дээ. Харин одоо бол энэ намыг дугуйлбал ийм ийм хүмүүс УИХ-д орж ирэх нь гэж хараад, сонголтоо хийж болох нь. Сонгуулийн төсөв л бага сага нэмэгдэхийг эс тооцвол сайн хэрэг.  Нэг талаараа багахан дэвшил гэж хэлж болох юм. Гэхдээ ард түмэн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгааг илт буруутгаж байсан.
Тиймээс холимог системийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай хүн олон байсан байх. Даанч УИХ-д суудалтай намууд үүнийг хүссэнгүй.  Жагсаалт гэдэг дахиж сонгогдох магадлал муутай улстөрчдийг парламентад авчрах “гүүр” болж байгаа гэж үзэх хүмүүс олон байгаа. Нэг талаараа тийм ч байх. Өнгөрсөн сонгуулиар намын голлох гишүүд, нэр хүндтэй хүмүүс жагсаалтад багтсан гэж дүгнэж болно. Гэхдээ л дахиж сонгогдохгүй байх магадлалтай хууччуул ч их багтсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар хэн илүү мөнгө төлсөн, “түрийвч” болсон нь л жагсаалтад орох нь тодорхой байна. Жинхэнэ мөнгөтэй олигархиуд. Гэхдээ холимог системийг өмөөрөх ганц л гаргалгаа байгаа нь төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэх асуудал. Өөрөөр хэлбэл, туршлагатай, хашир суусан, төрийн мөнгө төгрөгийг шамшигдуулаад байхааргүй улстөрчдийг парламентад оруулж ирэх боломжийг энэ тогтолцоо олгож байгаа юм.
Харин намууд яг энэ зарчмаар нь ашиглах уу, үгүй юу гэдэг л байна. Уг нь Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн гээд хэзээ ч том хаустай болъё, хөрөнгө мөнгө хураая, гадаадад байшин худалдаж авъя гэж бодохгүй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг жагсаалтын эхэнд нэрийг нь бичээд, парламентад оруулаад ирдэг бол сайнсан. Тэдний улс төрийн ухаан, эх орноо гэсэн сэтгэлийг, хур их туршлагыг нь ашиглахгүй юу. Улс төрийн намуудын дарга нар нэгийг бодож байгаа байх аа. Энд нэг хэлэхгүй өнгөрч боломгүй зүйл бол дээр нэр дурдсан хүмүүс шиг улстөрчид энэ удаагийн жагсаалтад орохгүй, намын лидер гэж байсан нөхөд бүгд шахам өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтсан, тэдэнд дахин тийм эрх байхгүй.
Тэгэхээр одоогийнход мөнгөтэй, шалдар бульдир нөхөд орох магадлал өндөр байгаа нь харамсалтай.  Сонгуулийн тогтолцооноос гадна санал тоолох асуудалд томоохон өөрчлөлт хийлээ. Өмнөх сонгуулийн дүнг санал тоолох машинаараа тоолоод, явуулсан. Ганц ч маргаан гараагүй. Ганц, хоёр тойрогт маргаан гарсан нь сурталчилгаагаа хийхдээ хууль зөрчсөн, мөнгө тараасан гэх асуудал л байсан. Гэвч МАН-ынхан санал тоолох хар машинд гэнэт л илтгэл нь алдарч, янз бүрийн асуудал ярьж зүтгэсээр байгаад гараар тоолох тухай заалт хуульд оруулчихлаа. Тодорхой хэлбэл, саналын хуудсыг хар машинаар тоолсны дараа дахин гар тооллого хийхээр боллоо.
Тооллогыг санал хураалт дууссанаас хойш 24 цагийн дотор хийх юм. Тэгэхдээ 50 хувийг сугалаагаар,  санамсаргүй байдлаар сонгон хар машины саналтай тулгана гэсэн үг.  Бүр тодруулбал, улс орон даяарх бүх сонгуулийн хэсгийн 50 хувийг гараар тоолно гэсэн үг.  Энэ бол нэлээд ярвигтай заалт.  Хар машин саналыг тоолоод, нэр дэвшигч тэр ялалт байгуулжээ гэсэн дүн гаргаж таарна. 5, 10 мянган хүний зөрүүтэй ялалт байгуулсан гэж гарвал гараар тоолоод нэг их хол зөртөл өдий. Харин 40, 50 хүний саналаар ялалт байгуулсан байлаа гэж бодъё. Гэтэл гараар тоолохдоо хор хутгаад, санал эсрэгээрээ эргэвэл яах вэ. Хар машинаар тоолтол нэг нь ялсан байдаг. Гараар тоолохоор нөгөөх нь ялсан болоод, бөөн бантан болох вий дээ. Тэгээд хар машин ийм л зөрүүтэй тоолж байна гэж баахан шоудаад, парламент нь бүрдэж өгөхгүй гацахгүй л бол яах вэ.
Ганц найдвар нь саналыг гараар тоолоход  намуудын болон бие даагч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс хяналт тавих учраас улаан цагаан луйвардаж чадахгүй л гэж найдахаас.  Сонгуулийн үеийн хамгийн чухал зүйл бол нэр дэвшигчдийн сурталчилгаа байдаг. Тэгвэл шинэ хуульд орсон сурталчилгаатай холбоотой заалтууд шинэ залуу хүмүүс УИХ-д орж ирэх боломжийг тэр чигт нь хаасан гэхэд болно. Хамгийн наад зах нь сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байна гээд байгаа. Сонгууль эхлэхээс 18 хоногийн өмнөөс эхлээд идэвхтэй сурталчилгаа хийж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ядаж байхад энэ хуульд сонгуультай жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлээд юу ч тарааж болохгүй гэсэн заалттай. Залуучууд сэтгүүл гаргаад, түүгээрээ өөрийгөө сурталчлаад явах боломжийг хааж байгаа хэрэг. Дээрээс нь шинэ хуулиар сонгуулийн өдөр ч сурталчилгааны самбар, туг дарцаг, зурагт хуудсыг авахгүй байж болохоор заагаад өгчихсөн байгаа. Өмнө нь сонгууль болохоос 24 цагийн өмнө буулгах ёстой байсан.
Гэтэл үүнийг болиулсан нь бас л томчуудад, мөнгө төгрөгтэй хүмүүст ашигтай болчихож байгаа юм. Яах вэ, сурталчилгааны самбарыг хувь хүн, байгууллагаас түрээслэхгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд үнэ төлбөргүй байрлуулна гэсэн утга бүхий заалт оруулж өгч, хэл ам хааж байгаа юм. Гэтэл өнөөдөр төрийн мэдлийн сурталчилгааны самбар гэж байгаа юм уу. Ихэнх нь хувь хүн, албан байгууллагын мэдэлд л байгаа. Хуульдаа “Сонгуулийн үеэр хувь хүн, албан байгууллага сурталчилгааны самбараа нэр дэвшигчдэд үнэгүй ашиглуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалт оруулаагүйгээс хойш аль мөнгөтэй л том самбаруудыг авна шүү дээ. Тэгээд сонгуулийн өдөр мөнгөтэй гэсэн хүмүүсийн зураг л том том самбарууд дээр байрлаж байх нь.
Mөн шинэ нам, эвсэл байгуулж, сонгуульд өрсөлдөх боломжийг хааж байгаа. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу үндсэндээ тавдугаар сар хүртэл нам, эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломжтой байсан. Шинэ хуулиар  болохгүй. Жижгүүдийн эрх ашгийг улам л хумиж байгаа хэрэг.  Мөн бие даагчдыг ч гэсэн хяхаж хавчсан заалтыг оруулсан гэнэ. Энэ талаар өчигдөр бие даагчид мэдээлэл хийж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн. Тодруулбал, шинэ хуулиар нэр дэвшигчийн нэрийг дугуйлахын хажуугаар нам, эвслийн нэрийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт оруулж өгч.  Уг нь аль ч намыг дэмжихгүй, зөвхөн хүнээ л дэмжих бодолтой хүн байж болно шүү дээ. Ер нь ч сүүлийн үед сонгогчид нам, эсвэл биш хүнээ л дэмжинэ гээд байгаа.
Гэтэл үүний эсрэг хуулиар хамгаалалт хийчихлээ. Дээрээс нь иргэд төрд итгэх итгэлээ алдаж, сонгуульд оролцохгүй гэх өнцгөөс хандах болсон. Тиймээс ирц хүрэхгүй байж магадгүй байсан юм. Гэтэл нөхдүүд  сонгогчдын 28 хувийн санал аваагүй байсан ч ирц хүрээгүй гэж сонгуулийг дахин явуулахгүй байх өөрчлөлт оруулчихлаа.  Энэ ч бас томчуудад хэрэгтэй л заалт. Яаж ч бодсон томчууд, олон жил парламентад суусан нөхдүүд дахиад л зөөлөн суудалдаа тухлах нь гарцаагүй боллоо.
Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих