МАН-ын санааг AH хулгайлжээ

Эрх баригчдын ашиг, сонирхлыг хөндсөн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Уг нь УИХ дахь бүлгүүдийн хуралдааныг хойшлуулан байж 10.00 цагаас гэж тов зарласан ч З.Энхболд гишүүнээс өөр хүн танхимд орж ирээгүй тул үдээс хойш болгон хойшлуулсан билээ.

Ийнхү үдээс хойш арай гэж гишүүдийн ирц бүрдэж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан эхэлсэн юм. Хуралд мэдээлэл хийхээр Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн газрын удирдлагууд оролцсон.

Хаалттай хуралдаанаар УИХ-аас баталсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгосон 24 тэрбум төгрөг, мөн Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн 11 тэрбум төгрөгийн зарцуулалтыг авч хэлэлцэж буй юм.

Сонгуулийг шударга явуулахын тулд хүн амын бүртгэл үнэн зөв бодитой байх ёстой гэж үзэн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь орон даяар хүн амын шинэчилсэн бүртгэл явуулсан. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан.

Мөн иргэдийн үнэмлэхийг чиптэй болгохоор болсон. Ингэснээр сонгууль өгсөн иргэдийн хувьд хоёр удаа сонгууль өгөх гэх мэт зөрчил гарахгүй болно гэж үзсэн. Харин Сонгуулийн ерөнхий хороонд олгосон 11 тэрбум төгрөгийн хувьд саналын хуудсыг автомат машинаар уншуулахаар болж, улсын төсөвт уг хөрөнгийг тусгасан юм.

Чуулган завсарласан хугадаанд ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагүй. Хаврын чуулган завсарлахад МАН бүх ард түмний санал асуулга явуулна, үгүй бол 52:24 гэсэн байр суурийг хатуу хадгалж байсан билээ. Харин АН-ын тухайд 26:50 гэж байсан ч 38:38 гэж буулт зарласан. Гэсэн ч УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээрээ нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй.
Үүнээс болж автомат машин худалдан авч, тохируулга хийх зэрэг ажил хойшилсон. Гэтэл үүнтэй зэрэгцэн энэхүү мөнгө нь дууссан гэх мэдээлэл цацагдах болсон билээ. Үнэн, худал нь үл мэдэгдэх энэхүү асуудлын гогцоог өнөөдөр ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, тайлах юм.

Дээрх асуудлуудыг хэлэлцэсний дараа хоёр нам өөрсдийн байр сууриа илэрхийлж, дахин тоон үзүүлэлтийг хэлэлцэнэ хэмээн эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн энэ мэдээллийг хийхийн өмнө МАН бүлгээрээ асуудлыг хэлэлцэж, Удирдах зөвлөл хэлэлцсэний дараа ажлын хэсгийн хуралдаанд оруулахаар төлөвлөсөн гэх мэдээлэл ч Төрийн ордонд түймэр шиг тархсан.

АН-ын тухайд хэдийн байр сууриа илэрхийлчихсэн. Пропорциональ давамгайлсан 50:26 гэсэн тоон дээр тогтож чадахгүй бол 38:38 гэсэн хувилбарыг хатуу баримтална. Хэрэв энэ шийдвэрээсээ АН ухарвал сонгуулийн шинэчлэлээс няцсанд тооцож, намынхаа удирддагуудтай хариуцпагын талаар ярилдахад хүрнэ хэмээн нэр бүхий гишүүд нь мэдэгдсэн.

Хагарлаа ардчилал хэмээн хаацайлж суудаг АН асуудлыг өөр өнцгөөс нь харах сонирхолгүй байгаа. Харин МАН-ын можаритор давамгайлсан 52:24 гэсэн тоон үзүүлэлтийг хатуу баримтална. Эс бөгөөс бүх ард түмний санал асуулга явуулна гэж зориглож байгаа ч үнэн хэрэгтээ цаг хожих гэсэн атгаг санаа хэмээн улс төрийн хүрээнийхэн үзэх болсон.

Иймдээ ч тэд АН-ынхны буултыг үл тоомсорлосон билээ. Санал асуулга явуулбал хөрөнгө мөнгө их гарахын зэрэгцээ хугацаа шаардана. Гэтэл Сонгуулийн тухай хуулийг энэ онд багтаан кнопдож батлах учиртай. Энэ байдлыг сайтар мэдэх ууган нам ийн зөрүүдэлж байгаа нь хуучин тогтолцоондоо учир ургуулсных хэмээн таамаглах болсон.

Гэхдээ 2008 онд эрх баригч хоёр намын байгуулсан эвслийн Засгийн газрын гэрээнд сонгуулийн тогтолцоог шинэчлэх талаар тусгагдсан нь МАН амаа барихад хүргээд буй юм. Тухайн үед долоодугаар сарын 1-н гэх хар өдрөөс үүдэж, булхай, луйвар ихтэй можаритор тогтолцоог МАН, АН хараан, зүхэж, хөсөр хаяхаар төлөвлөсөн.

Иймдээ ч ууган улс төрийн хүчин санаачлагыг гартаа авч 100 хувь пропорциональ элментийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барив. Гэвч улс төрийн ууган хүчин хоёр салаалж, Н.Энхбаяр гэх хар дарсан зүүд улс төрд эргэн ирсэн нь МАН-д хүндхэн цохилт болж, санаагаа өөрчлөхөд хүргэж, эцэстээ Д.Лүндээжанцанг бүлгийн даргын суудлаас нь чимээгүйхэн авч хаяхад чиглэгдсэн юм.

Иймээс тэд нүүрээ ширлэн байж, байгуулсан гэрээгээ шүүгээнийхээ мухарт даран, можариторийг эргэн санагалзах болсон. Ард түмэнд тогтолцоо нь ямар байх нь хамаагүй гагцхүү шударга сонгууль болж, төр нь иргэнийхээ төлөө ажиллах нь чухал. Харин эрх баригчдад парламентад олонхи болж, Засгийн газраа байгуулж, дөрвөн жилийн хугацаанд сүр, хүчийг үзүүлэх.

Иймээс л өөрт ашигтай хувилбарыг өвөртлөх юм. Нөгөөтэйгүүр, эрх баригч хоёр нам “Ард түмнээ соньё”, “Монгол хүн 2020″ гэх хөтөлбөрийнхөө сүүдэрт сонгуулийн сурталчилгаагаа хэдийн эхлүүлчихсэн. Нэгнийхээ араас бууж мордон, хийсэн ажлаа тайлагнаж, хийгээгүйгээ дараагийн дөрвөн жилд хийнэ хэмээн ярина.

Харин парламентын суудал горилогчид тойргоо өмчилж, хүний хийснийг өөрийн болгон ярьж эхэлсэн нь 2012 онд хаяанд ирж, хуучин тогтолцоондоо элбэрэлтэй болсны илрэл биш гэж үү. Өөрөөр хэлбэл, АН хичнээн наанаа байр сууриа хадгалж буй мэт боловч МАН-ын санааг хэдийн хулгайлж, можариторт сэм шохоорхож эхэллээ.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих