Гүнтийн зусланд ажиллаж байсан хоригдол оргов

Хоригдлууд ажиллаж байгаа нь

-ХОРИГДЛУУД Ц.НЯМДОРЖ САЙДЫН ГЭРИЙН ДЭРГЭДЭХ БАРИЛГЫГ БАРЬЖ БАЙЖЭЭ-

Гүнтийн зусланд ба­рилгын ажил хийж бай­сан хоригдол өнгөрсөн бямба гаригт оргосон гэх мэдээлэл ирлээ. Мэдээл­лийн дагуу Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөн­хий газраас тодруулахад “Ямар ч хүн оргоогүй. Огт худал мэдээлэл байна. Тийм зүйл байхгүй” гэсэн юм. Харин өөр эх сурвал­жууд хоригдол оргосныг хэлцгээсэн юм.

Тиймээс үдээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтныг ор­лож байгаа Тамиртай холбогдох гэсэн боловч утсаа салгасан бай­лаа. Гадуур ажиллаж байгаад оргосон гэх хоригдлын талаар сурвалжиллаа.

ХОРИГДЛУУД ЗУСЛАНГИЙН БАЙШИН БАРЬЖ БАЙНА

Амгалан дахь хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй арав гаруй хоригдлыг саяхнаас Гүнт дэх зус­лангийн байшинд ажиллуулах бол­жээ. Барилгын ажил хийж бай­сан хоригдлуудын нэг нь өнгөрсөн бямба гаригт оргосон гэнэ. Тухайн үед хоригдлуудыг харгалзаж бай­сан хүн эзгүй байсан гэх мэдээлэл ч байна.

Манай сурвалжлах хэсэг хо­ригд­луудын ажиллаж байгаа гэх газар руу явлаа. Гүнтийн зуслан­гийн замаар явж “Нямдоржийн гүүр”-ээр гарав. Зам дагуу нохой хөтөлсөн, ижил хувцастай хоёр хүнтэй таарав. Тэд эрлийн ба­гийнхантай төстэй харагдсан. Би­дэнд “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зуслангийн байшин барьж байсан хоригдлуу­дын нэг оргосон” гэх сураг сон­согдсон учраас сайдын байшинг сураглав. Гүнтийн зуслангийнхан Ц.Нямдорж сайдын гэрийг андах­гүй юм. Настай эмэгтэй “Уулын энгэр дээр ижилхэн хоёр ягаан байшин байгаа. Хойд талд нь бас хоёр байшин бариулж байгаа гэсэн. Байшинг өдөр, шөнөгүй барьж байгаа” гээд гэрийг нь зааж өглөө. Сайдын гэр рүү салах зам дээр палк ачсан портер машинтай таарлаа. Жолоочоос нь Ц.Ням­дорж сайдын гэрийг асуухад “Гэ­рийг нь зааж болдоггүй юм. Гэхдээ намайг дагаад яв. Би барилгад нь материал хүргэж байгаа” гэчихээд яваад өгөв. Пор­терийн араас уулын энгэр рүү явахад хоёр дав­хар, ижил загварын хоёр шар байшин байна. Байшин­гийн гадна хоёр хүлэмж засчээ. Байшингуу­дын гадна төмөр хашаа татсан харагдав. Харин төмөр хашааны гадуур блокон өндөр хашаа барьж байна. Сайдын гэ­рийн хойд талд мөн л хоёр давхар, ижил өнгийн хоёр хаус барьж бай­лаа. Барилгын ажил бараг дуусчээ. Хос барилгууд нэг айлынх мэт харагдахгүй ч блокон хашаа нь тэднийг нэгтгэж байлаа. Блокон хашааны баруун талыг арваад хүн барьж байна. Тэдний үсийг хусчих­сан байхыг харахад хоригдол бо­лолтой. Гэх­дээ харгалзаж байгаа болов уу гэмээр хүн харагдсангүй. Бүгд ажлын хувцастай юм. Тэдэнтэй яриа өдөх гэсэн боловч нэг нь ч дуугарсангүй. Бүгд биднийг гярхай ажиглаж байв. Бидэнд зам зааж өгсөн портерийн жолооч өнөөх дуусаагүй хоёр байшингийн хойно палкнуудаа буулгах аж. Тэгэхдээ ахимаг насны эрэгтэйтэй юм ярих­даа бидэн рүү гараараа зааж бай­гаа нь харагдав. Ажилчдын нэг нь ам нээхгүй байсан учраас ойрол­цоох зуслангийн байшин­гийн гадна байсан хүнээс “Сайдынх байшин бариулж байгаа юм уу. Ямар хүмүүс ажиллаж байгаа юм бол” гэж асуу­хад “Ц.Нямдорж сай­дын гэр урд талын хоёр байшин. Шинээр барьж байгаа байшин­гуудыг сайдынх л гэж ярьдаг юм. Гэхдээ зарим нь Ц.Нямдорж сайд­тай ямар ч хамаа­гүй гэдэг юм билээ. Энд хоригдлууд ажиллаж байгаа нь үнэн. Нүдний шилтэй хүн хар­галзаж байгаа” гэв. Түүнээс хориг­дол оргосон талаар сураг сонссон эсэхийг асуутал “Та нар хэн болоод намайг шалгаагаад байгаа юм бэ. Хэрэгт хийх нь үү” гэж уурлаад явж одов.

Ямар ч байсан Гүнтийн зус­ланд, тэр дундаа Ц.Нямдорж сай­дын гэрийн ойролцоох барилга дээр хоригдлууд ажиллаж байгаа нь тодорхой боллоо.

ОРГОСОН ХОРИГДОЛ ОЛДООГҮЙ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан ямар ч хо­ригдол алдаагүй гэсэн ч бид Ам­галан дахь хорих 421 дүгээр ангийн жижүүртэй холбогдлоо. Түүнээс “Та нар Гүн­тээс алдсан хоригдлоо олоогүй байна уу. Хяналтын про­курор очсон юм уу” гэж тулгаж асуутал “Олдоогүй байна. Проку­рор одоохондоо ирээ­гүй байгаа” гэж ам алдах нь тэр. Хэсэг хуга­цааны дараа дахин жи­жүүртэй утсаар дахин холбогдоход “Юу яриад байгаа юм бэ. Энэ чинь эмэгтэйчүүдийн хорих анги” гээд утсаа таслаж орхив.

Нийслэлийн прокурорын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргыг орлож бай­гаа Д.Болор-Эрдэнэ прокуророос энэ талаар асуухад “Амгалан дахь хорих ангид У.Золжаргал прокурор хяналт тавьж байгаа. Одоо ч тэнд ажиллаж байгаа байх” гэсэн юм. Харин У.Золжаргал прокурор 18.00 цагийн орчимд утсаа нээсэн юм. Сониноос ярьж байгаагаа хэлтэл “Би чухал ажилтай байна. Дараа мэдээлэл өгье” гээд утсаа салга­чихав. Хяналтын прокурорууд хо­рих ангид ажиллаж байх үедээ утсаа салгадаг гэх.

Цагдаагийн байгууллагаас мэ­дээлэл авах гэсэн ч эх сурвалжууд “мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Тэгсэн атлаа Цагдаагийн ерөнхий газраас “Эрэл-Хоригдол” нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс эхлүүлсэн нь жигтэй байв. Арга хэмжээний хүрээнд сэжигтэй этгээдүүдийг саатуулан шалгах бололтой.

ОРГОДОЛ ТАВАН ЖИЛ ХОРИГДОХ ЯЛТАЙ НЭГЭН

Ажил хийж байгаад оргосон хоригдлыг Х.Цэнд-Аюуш гэдэг. Тэрбээр 41 настай. Дорнод айм­гийн Баян-Уул суманд төрсөн, буриад ястан. Бүрэн бус дунд боловс­ролтой. Ял авахаасаа өмнө тодор­хой ажил эрхэлдэггүй бай­жээ. Эх­нэр, гурван хүүхэдтэйгээ Сүхбаатар дүүрэгт амьдардаг байж.

Тэрбээр өнгөрсөн оны намар Сонгинын амралтын ойролцоох барилга дээр ажил хийж байхдаа бусдыг зодсон байна. Тодруулбал, барилгын манаачийг зодож, хүнд гэмтэл учруулжээ. Улмаар энэ оны тавдугаар сарын 13-наас зургаду­гаар сарын 17-ныг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлс­хийсэн учраас шүүх Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шүүсэн байна. Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Х.Цэнд-Аюушид холбогдох хэргийг хэлэлцэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар таван жил, нэг сар хорих ял оноожээ.

Х.Цэнд-Аюуш шоронд орохоо­соо өмнө барилгын туслах ажил хийдэг байсан аж. Тиймээс ч түү­нийг барилгын ажилд дайчилсан байж болох талтай.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Гэрэл зургуудыг Ц.ЦЭРЭННАДМИД

Ц.Нямдорж сайдын гэрийн ард хоёр ягаан байшин, блокон хашааг хоригдлууд барьж байна

URL:

Сэтгэгдэл бичих