Мандал, Хүдэрийн түймэр хүчрэгдэхгүй байна

Энэ оны эхний есөн сарын байдлаар манай орны 16 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр 125 удаа гарч, 5517 га ой, 1813247 га бэлчээр шатаад байна. Өчигдрийн байдлаар хоёр түймэр асаж, дөрвөн түймрийг цурманд оруулжээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дээд ахмад С.Залуухүүгээс тодрууллаа

-Сэлэнгийн Мандал, Хүдэрт гарсан түймрийг унтрааж хүчрэхгүй байгаа юм уу?

-Сэлэнгийн Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр сумын заагт дэгдсэн түймрийг онцгой байдлын 13, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гурван ажилтан унтрааж байгаа ч хүчрэхгүй шинжтэй боллоо. “Хүн хүч нэмж явуулаач” гэж өнөөдөр Хан Хэнтийн ДЦГХЗ-аас ОБЕГ-т албан тоот илрүүлсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Хүдэр сумын Зэрлэгийн аманд гарсан түймэр 30 гаруй га талбайн ойг шатаажээ. Машинаар хүрэх боломжгүй, битүү модтой, унанги ихтэй ойд дэгдсэн болохоор унтраахад хүнд байна. Манай 27 албан хаагч, орон нутгийн 35 хүнтэй хамтран ажиллаж байгаа ч хүчрэгдэхгүй нь. Эдгээр түймрийн голомт руу хүн хүч нэмж илгээхээр яг одоо ярилцаж байна.

-Хуурайшилт хэр байгаа вэ?

-Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Булган, Дорнод, Хэнтий аймаг хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрлээ. Аюултай зэрэгт байгаа газрын тоог нэрлэх ч арга алга. Хавар, зун бид түймрийг бага дээр нь унтраачихдаг байсан бол одоо өндөр ургасан, хатаж хуурайшсан өвс, модонд түймэр дорхноо газар авч, дийлдэхгүй байна. Дээрээс нь самар, жимс түүгчид Монгол орны ойгоор нэг тархсан. Тэд гал алдаж, уулын таг, хяр, хөвчийн гүн, битүү тайгад түймэр тавиад байх юм.

-Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэд гарсан ойн түймрийг унтраасан уу?

-3-6 хоног нүдэж байж цурманд оруулаад одоо хүрээг нь дотогш хумьж байна. Энд нийтдээ 24 га ой шатлаа. Богд хан уулын Чулуутын аманд гарсан түймрийг бас цурманд оруулаад манаж байна.

Х.БОЛОР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих