Сонгуулийн хууль “сорилт”-ыг давах уу
Хугацаандаа амжихаар шинэ оны өмнө яаран баталсан Сонгуулийн тухай хууль мөн л маргаан, асуудал, шийдэгдэх хугацаа шаардах нь тодорхой боллоо. Учир нь УИХ дахь бие даагчдын бүлэг буюу УИХ-ын Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн юм.
Бие даагчдын зүгээс “Сонгуулийн нэгдсэн хуульд нам, эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн заалт. Дээрх заалтаар сонгогч нам, эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжээд дугуйлсан нөхцөлд хүчингүй болох юма.
Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж. Сонгуулийн нэгдсэн хуульд зааснаар шинэ нам, эвсэл байгуулж, сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу үндсэндээ тавдугаар сар хүртэл нам, эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан. Энэ хумигдсан. Сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь шинэ хүн, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүй.
Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь жижгүүдийг хавчсан заалт” гэж мэдэгдэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү хуулийг улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга нар хэрхэн харж байгаа талаарх байр суурийг хүргэе.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
МАН-ын зүгээс зөвхөн намыг бус хүнийг сонгох, хар машинд хяналтын тооллого хийх асуудлыг шаардаж энэхүү хуулинд тусгуулсан. Аль намаас хэн гэдэг хүн нэр дэвшсэн талаарх мэдээлэл буюу нэрсийн жагсаалт бүхий хуудсыг сонгогчдод тараах нь иргэд зөвхөн намыг биш тухайн хүнийг харж сонголтоо хийх боломжийг олгож буй.
МАН-ын зүгээс ард иргэдэдээ итгэдэг тул хяналтын тоооллого хийж хар машинаар луйвар хийх боломжийг үгүй хийсэн нь сонгогчдод төдийгүй МАН-д ялалт байгуулах бүрэн боломж бүрдсэн гэж болно. Мөн онцлох хэлэхэд энэхүү хуулинд жижиг намуудыг ямар нэгэн байдлаар шахаагүй шахалтад оруулаагүй гэдгийг хэлмээр байна. Учир нь сурталчигааны 18 хоног нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх хугацаа болохоос биш тойрогтоо биечлэн уулзалт хийж, сурталчигаагаа хийхэд хориг тавиагүй шүү дээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр
Бүх шатны сонгуулийг ерөнхийд нь зохицуулсан Сонгуулийн хуулийг өмнөхөөс нь сайжруулж баталсан. Сонгогчдын саналын 50 хувийг гараар давхар тоолох, орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшинэ ойлголтыг үгүй хийж можаритор симтемээр сонгуулийг явуулахаар болсон нь намуудын зөвшилцөл байсан. Мөн өмнөх сонгууль шиг тойрогт нэр дэвшигчдэд саналын хязгаар, босго тавьж өгөөгүй нь мөн л давуу тал.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч
Сонгуулийн тухай хууль нь жижиг намуудыг шахан хавчсан ямар ч боломж олгохгүй байхыг “эрхэмэлэсэн” хууль болсон гэж үзэж байна. Учир нь тус хуулийн заалт бүр нь том намуудад ашигтай бөгөөд дараагийн парламенитад АН,МАН ихэнх суудлыг авах нь бараг тодорхой боллоо. Ард иргэдийн төлөөлөл болсон жижиг намынхан гэгддэг бид үүнийг зүгээр хараад суухгүй. Энэ парламентийг тараах, Засгийн газрыг унагах асуудал яригдах байх. Сонгогдох эрхийнхээ төлөө, сонгочдын сонголтын төлөө тэмцэхээс өөр сонголдт бидэнд байхгүй.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн шүү дээ. Иймээс Үндсэн хуулийн цэцэд хандана. Намын жагсаалтад багтсан хүний сонгогдох эрхийг, түүнийг сонгоод саналаа өгсөн хүний сонгох эрхийг хязгаарласан энэхүү хуулинд Сонгол Улсын Ерөнхийлөгчийг хориг тавихыг хүсч байна.
Д.Жаргал
URL: